Коронавирусийн халдвар нь хүний биеийн уушгийг хүндээр өвчлүүлж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байгаа билээ. Бид энэ талаар “Нэгдүгээр төв эмнэлэг”-ийн уушгины эмч Х.Буянжаргалтай ярилцлаа.
-Коронавирусийн халдвар тусахад хүний уушгинд ямар өөрчлөлт гарж байгаа вэ?
-Коронавирусийн халдвар тусах үед болон тусаад эдгэрсний дараа хүний уушгины үйл ажиллагаанд болон бүтцэд өөрчлөлт орж байгаа. Бүтцэд өөрчлөлт орно гэдэг нь зарим тохиолдолд уушгины эд гэмтэж байгаа процессыг хэлдэг бол нөгөө талд уушгины багтаамж буурч байгааг багтааж болно. Уушгины багтаамж буурснаар тухайн хүний амьсгалаа гүнзгий авах, гүйцэт гаргах ажиллагаа нь алдагдаж, саатдаг гэсэн үг.
Коронавирусийн халдвар нь хоруу чанараасаа хамаарч уушгинд гэмтэл учруулж, уушгины үрэвсэл үүсгэж байгна. Уушгины үрэвсэл нь цааш даамжирч амьсгалын дутагдалд оруулах, хүнд хэлбэрийн тохиолдлууд хүртэл түгээмэл байна. Амьсгалын дутагдалд орсноор эхлээд хүчилтөрөгч дутагдаж эхэлнэ. Энэ нь урт хугацаанд үргэлжилбэл бүх эрхтэн системийн үйл ажиллагааг доголдуулж байгаа юм.
-Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн ч уушги нь өвчлөлтэй хэвээр байгаа тохиолдол их байна. Энэ талаар тодруулбал?
-Ерөнхийдөө халдвар аваад эдгэрсэн ч уушгинд үүсэх хор уршгийн үлдэц байна. Хор уршгийн үлдэц нь бүрэн эдгэрэх боломжтой бас боломжгүй ч бий. Тухайн хүний дархлааны хариу урвалаас хамаараад хүн болгонд харилцан адилгүй байдаг. Эдгэрэх боломжгүй гэдэгт нь зарим хүн уушгины үрэвслээ хэт удаан тоолгүй явах болон дархлаанаас нь хамаарч “Сорвижил” үлдэж байгаа тохиолдол юм. “Сорвижил” гэдэг нь хүн гараа хутгаар зүсээд сорив үлддэгтэй адил уушгины эд гэмтэх тохиолдлыг хэлдэг. Уушгины эд гэмтсэнээр уушги дахиж хэзээ ч эхээс төрсөн мэтээр нөхөн төлжихгүй. Хэвийн эрүүл хүн шиг уушги нь ажиллахааргүй болдог. Ингэснээр уушгины сорвижсон хэсэг үйл ажиллагаанд оролцохгүй болж бусад хэсгүүд нь төлөөлж ажиллана гэсэн үг юм. Гэхдээ уушгины сорвижлыг зогсоох, уушгины үйл ажиллагааг сайжруулах судалгааны ажил болон эмнэлзүйн туршилтууд олон улсад болон манай улсад хийгдээд явж байгаа. Харин эдгэрэх боломжтой гэдэг нь халдвартай байхдаа болон халдвар аваад эдгэрсний дараа тухайн хүнд ямар нэг зовуурьтай шинж тэмдэг илэрвэл маш хурдан оношлуулах, эмчилгээнд хамрагдах хэрэгтэй шүү. Мөн коронавирусийн халдвар авсан ч тэрийгээ мэдэлгүй удаан явах тохиолдолд уушги хүнд өвчлөх эрсдэл их байна.
-Тухайн хүн халдвар аваад эдгэрсэн ч гэсэн уушги нь үрэвсэлтэй үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Уушги үрэвсэлтэй байгаа гол шинж тэмдэг нь амьсгаадах юм. Яагаад амьсгааддаг вэ гэхээр тухайн хүн хэрэгцээтэй хэмжээний хүчилтөрөгчөө авч чадахгүй, бие махбодид нь тэжээл дутагдаж байгаа учраас хурдан, хурдан амьсгалдаг. Мөн цээжээр өвдөх, ханиалгах зовуурь илэрдэг. Эдгээр шинж тэмдэг нь бүгд хүний биеийг хамгаалах процессууд бөгөөд таны биед ямар нэг зүйл болохгүй байгааг илэрхийлж байдаг.
-Ер нь хүн халдвар аваад эдгэрчихсэн гээд уушги нь үрэвссэнээ мэдэлгүй яваад байх тохиолдол байдаг уу?
-Тийм ээ байна. Иргэдийн дунд халдвар аваад эдгэрсэн ч уушгиа үрэвссэнээ мэдэлгүй явах тохиолодлууд түгээмэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, уушги нь үрэвссэн ч хүний бие махбодид үзүүлэх хариу урвал бага үед тэрийгээ тоолгүй эсвэл анзааралгүй яваад байх тохиолдол их бий.
-Коронавирусээс шалтгаантай уушгины өвчлөлд ямар төрлийн эмчилгээ хийж байна вэ?
-Коронавирусээр шалтгаалан өвчилж байгаа тул мэдээж вирусийн эсрэг эмчилгээ болон дархлаа дэмжих эмчилгээ, антибиотик эмчилгээг хавсарч хийдэг байгаа. Хамгийн гол нь хурдан оношлуулах юм бол сөрөг нөлөө багатай байна.