Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

П.Энхчимэг: Гар утас, компьютер олон цагаар тоглох нь мансууруулах бодис хэрэглэсэнтэй адил урвал үзүүлдэг

П.Энхчимэг: Гар утас, компьютер олон цагаар тоглох нь мансууруулах бодис хэрэглэсэнтэй адил урвал үзүүлдэг
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 23
Орчин үеийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор хүмүүсийн компьютер, гар утасны хэрэглээ ихэссэн. Гэвч компьютер, гар утас, таблетийг хэтрүүлэн хэрэглэснээс хүний сэтгэц болоод бие махбодод өөрчлөлт орж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс дэлгэцээс хамаарах эмгэгийн талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч П.Энхчимэгтэй ярилцлаа.
-Дэлгэцээс хамаарах эмгэг гэж ямар өвчин болох талаар мэдээлэл өгөөч. Хүн компьютер, гар утас, таблетийг хэр удаан хугацаагаар хэрэглэвэл дэлгэцээс хамаарах эмгэг тусах вэ?
-Компьютер тоглоом тоглох болон цахим хэрэглээтэй холбоотойгоор гар утас, таблетийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хүний сэтгэц, бие махбодод өөрчлөлт орохыг дэлгэцээс хамаарах эмгэг гэж нэрлэж байгаа юм. Дэлгэцийн тоглоом олон цагаар тоглох нь хүний тархинд мансууруулах бодис хэрэглэсэнтэй адилхан хариу урвал үзүүлж, донтох эмгэг үүсгэдэг гэж үздэг. Тиймээс иргэд дэлгэцийн зохистой хэрэглээг бий болгох шаардлагатай байгаа юм. Зохистой хэрэглээ гэдэг нь бие болон сэтгэцэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар дэлгэцийн технологи ашиглана гэсэн үг. Хүн өдөрт хоёр цагаас илүүгүй хугацаанд дэлгэцтэй харьцах хэрэгтэй. Хэрвээ олон цагаар дэлгэцтэй харьцах шаардлагатай бол дунд нь заавал завсарлага авч, нүд болон тархиа амрааж байх хэрэгтэй.  
-Дэлгэцээс хамаарах эмгэг туссан тохиолдолд хүний зан араншин, бие махбодод ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
-Дэлгэцийн зохистой хэрэглээтэй байвал бие болон сэтгэцэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Хэвийн ажлаад амьдрах боломжтой. Харин дэлгэцээс хамааралтай болоод ирэхээр хамгийн эхлээд мэдрэл сульдал буюу ядаргааны шинжүүд илэрнэ. Тухайлбал, нойр солигдож, нойрны хямрал үүснэ. Мөн хар дарж зүүдэлнэ. Бага насны хүүхдийн хувьд орондоо шээх, булчин татваганах эмгэг буюу нүдээ анивчих, нүүр ам нь татдаг. Мөн хоолны дуршил нь буурч, хоолноос татгалздаг болно. Үүнтэй холбоотойгоор хоол тэжээлийн дутагдалд орж, тухайн хүүхдийн өсөлт хөгжил нь зогсох эрсдэлтэй. Харин дэлгэцээс гарч байгаа хэт ягаан туяа нь хүний арьс, нүдэнд шууд нөлөөлж, нүд аргах, хараа муудах, арьс хуурайших шинжүүд илэрнэ. Энэ үеэс дэлгэцийн хэрэглээгээ хязгаарлахгүй бол хараат байдал буюу донтох эмгэг үүснэ. Ингэснээр хэвийн ажиллах амьдрах, суралцахад сөргөөр нөлөөлж, хийх ёстой ажлаа хойш тавьж эхэлнэ. Хүүхдийн хувьд хичээл номоо хийхээс илүү олон цагаар компьютер тоглоход цагаа зарцуулдаг болно. Энэ үйлдэл нь цаашлаад хулгай хийх, худал хэлэхэд хүргэдэг.
-Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дэлгэцээс хамаарах эмгэг туссан гэж ойлгох нь зөв үү. Дэлгэцэд донтож байгаа эсэхээ илүү тодорхой мэдэхийн тулд эмчид хандах ёстой юу?  
-АНУ-аас гаргасан дэлгэцэд донтох өвчний есөн шалгуур шинж байдаг. Үүнээс тав буюу түүнээс дээш шалгуурт тийм гэж хариулвал компьютерийн хамааралд орсон гэж үздэг. Тухайлбал, компьютер тоглоомноос болоод гэр бүл, сургууль соёл, ажил дээр нь ямар нэгэн асуудал  үүссэнийг мэдэж байгаа ч тоглосоор байх, гэр бүлийн орчин тойрны хэн нэгэн нь тоглоомоо болихыг байнга анхааруулах, өөрөө дэлгэцэд хэт анхаарч байгаа гэдгээ мэдэж байгаа ч больж чадахгүй байх зэрэг шалгуур байна.
-Нэгэнт дэлгэцээс хамаарах эмгэг туссан тохиолдолд яах ёстой вэ. Энэ нь бүрэн эмчлэгддэг өвчин үү?
-Дэлгэцээс хамаарах эмгэг туссан тохиолдолд сэтгэл заслын эмчид хандах шаардлагатай. Хамтарсан багаар эмчилнэ. Сэтгэл засалч эмч, багш, нийгмийн ажилтан хамтарч ажиллаж байж дэлгэцэд донтсон хүүхдийг буруу зуршлаас нь холдуулах боломжтой.
-Танай эмнэлэгт дэлгэцээс хамаарах эмгэг туссан хүмүүс хэр үйлчлүүлж байна вэ. Ялангуяа хүүхдүүдийн хувьд?
-Манай эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь компьютер тоглох эмгэгтэй болсон байдаг. Үүний дийлэнх нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд байдаг юм. Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн гар утас, компьютерийг хэтрүүлэн хэрэглэснээс мэдрэлийн ядаргаа тусаж ирдэг. 2014 онд 30 гаруй тохиолдол байсан бол 2017 оны байдлаар 86 тохиолдол болж 2-3 дахин нэмэгдсэн. Дэлгэцийн ард олон цагаар тоглож байгаа хүүхдүүдтэй ярилцаад үзэхэд дийлэнх шалтгаан нь сэтгэл зүйн хэрэгцээ нь бүрэн хангагдаагүй буюу хайрлагдах, хамгаалах, хүлээн зөвшөөрөгдөөгүйтэй холбоотой байдаг. Тиймээс дутуу хэрэгцээгээ нөхөхийн тулд сошиол орчинд, тодорхой хүрээлэлд найз нөхөдтэй болж, түүндээ татагддаг. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ материаллаг хэрэгцээ буюу хоол, хувцас, орон байрнаас илүү хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг хангах тал дээр анхаарах шаардлагатай байна. Хүүхдээ шүүмжилж, загнахгүйгээр хүлээцтэйгээр сайн сонсох ёстой. Мөн “тэрний хүүхэд тэгж байхад чи ингэсэнгүй, тэгсэнгүй” гэж хэн нэгэнтэй харьцуулах ёсгүй. Хүүхдийг хэн нэгэнтэй харьцуулах нь айдас, ичгүүр, хаалт үүсэхэд хүргэдэг.
Үүнээс гадна хүүхэдтэйгээ ярилцаж, чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй. Учир нь ихэнх хүүхдүүд “хийх юм байхгүй учраас цаг нөхцөөх гэж тоглоом тоглодог” гэж хэлдэг. Хамгийн гол нь гэр бүлийн орчин, уур амьсгал хүүхэд дэлгэцэд донтоход эсэхэд маш их нөлөөлдөг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ аль болох нээлттэй, халуун дулаан харилцаатай гэр бүл байхыг хичээгээрэй. Ингэвэл хүүхэд  тань гэртээ байх, эцэг эхтэйгээ цагийг өнгөрөөх дуртай болж, буруу зүйлд тэр болгон татагдахгүй.
-Компьютер, гар утсыг зохистой хугацаанд хэрэглэж сурах нь дэлгэцээс хамаарах эмгэгээс урьдчилан сэргийлэх гол арга нь гэсэн үг үү?
-Компьютер, гар утас зэрэг дэлгэцийн хэрэглээгээ тухайн хүн өөрөө ухамсартайгаар хянах ёстой. Боломжтой бол өдөрт хоёроос илүү цагийг зарцуулахгүй байх хэрэгтэй.
Тоглоомын хамааралд орсон эсэхийг дараах шинжүүдээр тогтооно. Сүүлийн 12 сарын хугацаанд 4-5 шинж илэрч байвал донтолт үүссэн гэж үнэлнэ.
  1. Компъютер тоглоомын талаар байнга бодох
  2. Компьютер тоглоомоос холдуулахад сэтгэл санаа тогтворгүй болох, уур хүрэх зэрэг сөрөг мэдрэмжүүд илрэх
  3. Компьютер тоглоомыг илүү удаан хугацаагаар тоглох хүсэл төрөх
  4. Компьютер тоглоом тоглохгүй гэж бодож, амлалт өгсөн ч больж чадахгүй байх
  5. Өмнө нь сонирхдог байсан, хийх дуртай зүйлсээ сонирхох нь багасах
  6. Компьютер тоглоомноос үүдэлтэй асуудлууд бий болсныг /гэрийнхэнтэйгээ маргалдах, сурлагандаа муудах, хичээлээ таслах г.м/ мэдсээр байж цааш үргэлжлүүлэн тоглосоор байх
  7. Компьютер тоглоом тоглодгоо нууж худлаа ярих, хулгай хийх  зэргээр буруу зан үйл бий болох
  8. Компьютер тоглоомыг сэтгэл санааны таагүй байдлаас гарахын тулд үргэлжлүүлэн тоглох
  9. Компьютер тоглоом тоглосноос болж ажил, сургууль, албан тушаал дэвших боломж, гэр бүл, найз нөхөд зэрэг чухал харилцааг умартах
 
Ярилцсанд баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн