Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Н.Одонтунгалаг: Улаан хоолойн өвчлөлийн үүсгэгч нь таргалалт

Н.Одонтунгалаг: Улаан хоолойн өвчлөлийн үүсгэгч нь таргалалт
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 23
Улаан хоолойн өвчлөл, хавдрын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч  Н.Одонтунгалагтай ярилцлаа.
-Улаан хоолойн өвчлөл үүсэхэд юу нөлөөлдөг вэ. Халуун хоол цай хэрэглэх нь хамгийн их нөлөөлдөг гэж ярьдаг энэ үнэн үү?
-Улаан хоолойн өвчлөлийг хоёр янзаар авч үздэг. Нэгд, улаан хоолойн үрэвсэлт өвчнүүд, хоёрт улаан хоолойн хорт хавдар гэж хуваана. Улаан хоолойн үрэвсэл нь шархлаат болон шархлаат бус гэж хоёр янз байдаг. Эдгээр үрэвслүүд нь олон янзын шалтгаанаас бий болдог. Хамгийн их нөлөөлдөг зүйл бол таргалалт. Таргалалт яагаад нөлөөлж байгаа вэ гэхээр ходоод нь хүчиллэг орчинтой эрхтэн, харин улаан хоолой бол шүлтлэг орчинтой. Энэ хоёрыг тусгаарлаж байх зориулалттай хаалт байдаг. Гэтэл гаднаас таргалалт буюу өөхжилт шахсанаар даралт үүсгэн нөгөө хаалтыг онгойлгодог. Ингэснээр ходоодны хүчил дээшээ улаан хоолой руу орж, тэр хэсгийн салстыг түлж эхэлдэг. Үүнээс үүдэн улаан хоолойн шархлаат болон шархлаат бус үрэвслүүд, сөөргөө өвчинг бий болдог. Энэ нь жирэмсэн эхчүүдэд их тохиолддог. Хүүхэд томрохын хэрээр ходоодонд даралт ирж нөгөө хаалттай байх ёстой хаалтыг нээснээр цээж хорсолт үүсдэг. Дараагийн нэг шалтгаан бол бүс нутгийн онцлог байдлаас шалтгаалж байна. Тухайлбал баруун аймгийнхан давс ихтэй, өтгөн зай их уудаг. Энэ байдал нь улаан хоолойн үрэвсэл үүсгэх нэг шалтгаан болно. Энэ утгаараа баруун аймгийнхан улаан хоолой өвчлөл ихтэй байдаг. Түүнчлэн байнга хэвтэрт байдаг, хоолны дараа хэвтдэг, буруу хооллолт, архи тамхины хэт их хэрэглээ, халуун хоол цай хэрэглэх зэрэг шалтгаануудаас үүдэн улаан хоолойн доод хэсэгт байдаг хуниаст булчин суларч ходоод болон ходоодны 12 хуруу гэдэсний агуулагдахуун дээшээ сөргөж орж үрэвсэл үүсгэж байгаа юм. Үүнийг бид улаан хоолойн сөөргөөт өвчин гэж нэрлэдэг.
Харин сөөргөөт өвчнийг удаан хугацаанд эмчлэхгүй явснаар улаан хоолойн хавдар бий болно. Сөөргөөт өвчин үүссэнээр улаан хоолойн доод хэсэгт эсийн өөрчлөлт бий болдог, мөн хавтгай хучуур эдээр солигдох зэрэг өөрчлөлт бий болдог. Хавтгай хучуур эдээр солигдохыг барретийн улаан хоолой буюу улаан хоолойн хавдрын урьтал өвчин гэж ярьдаг.  Тэгэхээр эдгээр өвчлөлийг дээр хэлсэн таргалалт, хоолны зохисгүй хэрэглээ, хорт муу зуршил зэргүүд нь  үүсгэдэг.  
-Улаан хоолойн өвчлөл манай улсад сүүлийн үед хэр их байна. Улаан хоолойн хавдар хэр их бүртгэгдэж байна вэ?
-Манай улсад сүүлийн хэдэн жил улаан хоолойн өвчлөл маш их нэмэгдэх болсон. Дээр хэлсэн хамгийн гол шалтгаан бол таргалалт. Энэ төрлийн өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн ихэнх нь эрэгтэй хүмүүс байдаг. Тэгэхээр өнөө архи, тамхины хэт их хэрэглээ нь үүнд хамаарч байгаа юм. Энэ нь эрэгтэйчүүд архи, тамхины хэт их хэрэглээтэй байгааг харуулж байна.
Манай улс анх 1981-1994 оны хооронд улаан хоолойн үрэвсэлт өвчний судалгааг хийж байсан. Тэр судалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 0.3 хувь нь энэ төрлийн өвчтэй байсан. Гэтэл 2000-2018 оны хооронд энэ тоо 50 хувь хүртлээ нэмэгдсэн. Тэгэхээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлж байгаа иргэдийн 50 хувь нь улаан хоолойн үрэвсэлтэй гэсэн оноштой. Энэ утгаараа улсын хэмжээнд улаан хоолойн хавдар  гурав дугаарт ордог. Сүүлийн үед энэ тоо байнга өсөн нэмэгдэж байгаа  учраас манай төв энэ төрлийн өвчлөл дээрх анхаарч удирдамж боловсруул байгаа. Ихэнхдээ 40-с дээш насныхан өвчилдөг.
-Улаан хоолойн хавдар удамшдаг уу?
-Монголчууд улаан хоолойн хавдрыг нарийнтах гэж ярьдаг. Энэ өвчинд удамших шинж байдаг. Таны удамд энэ төрлийн хавдраар өвчилсөн байдаг бол та өвчлөх магадлал өндөр. Яагаад гэвэл тэр удмын хооллолт, амьдралын хэв маяг нь ойролцоо байдаг. Тэгэхээр энэ өвчнөөр өвдөхгүй байхын тулд амьдралын хэв маяг болон хооллолтыг өөрчлөх хэрэгтэй.
-Энэ төрлийн өвчлөл ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Ихэнх хүмүүс шинж тэмдгээ мэдэлгүй явсаар хүндрүүлдэг шүү дээ?
-Улаан хоолойн өвчлөлийн шинж тэмдэг их бүдэг. Өвөрмөц болон өвөрмөц бус гэсэн байдлаар илэрдэг. Өвөрмөц шинж нь юм залгихад хөндүүрлэх, горойх, цээж гашуун оргих, гулгих зэрэг шинжүүд илэрдэг. Харин өвөрмөц бус шинж тэмдэг нь яг улаан хоолой талдаа өвдөхгүй цээж, аюулхай зэргээр хөндүүрлэж өвддөг. Үүнийг хүмүүс ходоод, зүрх, уушги өвдөж байна гэж ойлгоод байдаг. Тэгэхээр өвөрмөц бус шинж тэмдэг гэдэг дээр анхаарч өөр бусад эрхтнээс өвчин илрэхгүй бол улаан хоолойг дурандуулж  оношлуулах хэрэгтэй. Улаан хоолойн өвчлөл хүндэрсэн хойноо оношлогдох магадлал байдаг. Хүнд үедээ орсон байгааг илэрхийлэх нэг шинж тэмдэг бол хоол идэхэд горойх юм. Цээж гашуун оргидог хүмүүс жил нэг удаа ходоодоо дурандуулах шаардлагатай.
-Оношилгоог зөвхөн дурандаж хийх үү. Өөр аргаар оношилж болох уу?
-Оношилгооны хувьд хамгийн найдвартай нь улаан хоолойн ходоодны дуран. Бид дурангаар харж оношилгоог хийдэг учир хамгийн найдвартай. Өөр нэг арга бол асуумжийн аргаар оношилдог. Энэ аргыг ихэвчлэн дуран байдаггүй хөдөө орон нутагт ашигладаг. Асуумжаар цээж хорсолт их байх, эмд дарагдахгүй болох зэргээр оношилно.
-Эмчилгээний хувьд хэр эмчилгээ авдаг эрхтэн бэ?
-Улаан хоолойн үрэвслийн үед 90 хувь эдгэрдэг. Хамгийн гол нь өөрөө дур мэдэн эмчлэхгүй байх, хожуу үед мэдэх, эмийг зүй бусаар хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс эмчилгээ хийх үедээ зовуурь нь намдангуут эм уухаа зогсоочихдог. Энэ нь эмд дасалтай байдал бий болох шалтгаан болдог. Түүнчлэн амьдралын зөв зохистой хэв маягт шилжихгүй байх нь өвчнийг хүндрүүлэх шалтгаан болдог.
Харин хорт хавдрын хувьд эрт үед нь илрүүлбэл эмчилж болно. Улаан хоолойн хорт хавдрын эхэн үед эмчилгээ нь салстын хуулалт хийдэг. Хорт хавдар салстын төвшинд байхад нь дурангийн аргаар хуулаад авдаг эмчилгээ манай улсад нэвтэрсэн. Тэгэхээр хэрвээ бид эрт үед нь илрүүлбэл хорт хавдраар өвдөөгүй юм шиг байх боломжтой. Харин булчин давхарлуугаа нэвчсэн тохиолдолд мэс засал хийхээс өөр аргагүй.  Мэс заслын арга хийх боломжгүй хүндэрсэн шатанд хими, туяа эмчилгээг хийдэг. Иймд иргэд маань жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх байдлаар заавал дурандуулж байх ёстой.
-Ихэнх хүмүүс цээж гашуун оргих үед гэрийн аргаар зүгээр болгоод байдаг энэ нь хэр зөв бэ?
-Эмчид хандахгүй гэрийн аргаар содатай ус, сүү зэргийг уудаг энэ нь саармагжуулж нэг хэсэгтээ намдаадаг. Тэгэхдээ энэ нь цээж хорсолтыг эмчлэх гол арга биш. Манайхан түр хугацаанд намдаах тарган эмүүдийг хэрэглэдэг. Тэгэхдээ энэ нэг мөр намдаадаггүй. Ингэж явсаар үрэвсэл үүсгэж цаашлаад хавдар болох магадлал өндөр. Тийм учраас хамгийн зөв арга бол эмчид хандаж зөвлөгөө авах юм.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн