УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээллийг сонссон байна. Мөн эрх баригч намын мөрийн хөтөлбөр биелэхгүй байгааг мэдэгдсэн юм.
Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт Тавантолгой ХК-д нүүрс хими, кокс хими, метан химийн үйлдвэр барина гэж тусгасан ч 2023 оны төсөвт энэ талаар юу ч тусгаагүйг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцоллоо. Тэрээр үргэлжлүүлэн “Тавантолгойгоос нүүрсийг шороотой нь л ачаад гаргаж байна. Гэтэл мөрийн хөтөлбөрт тусгасан энэ үйлдвэрүүд хаана байна вэ. Ийм үйлдвэрүүдийг байгуулж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх нь битгий хэл Тавантолгой ХК өөрөө бараг дампуурч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Ирээдүйд олборлох нүүрсээ зараад идсэн байх магадлал өндөр” гэлээ.
Түүнчлэн эрх баригчид өрийн дарамтгүй байлгана гэж амлажээ. Гэвч улсын нийт өр хоёр дахин, Засгийн газрын нийт өр хоёр дахин нэмэгдсэн аж. Тиймээс өрийн дарамтгүй улс болгоно гэсэн амлалтыг Ардчилсан намын бүлэг нэхэж байна.
Мөн газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа улам хойшилсоор буйг шүүмжлэв. Анх 2019 онд энэ үйлдвэрийг ашиглалтад оруулна гэж амлаж байсан бол одоо 2025 онд ашиглалтад оруулна гэж амлаад байгаа юм. Тус үйлдвэр нь Хөгжлийн банкинд 150 тэрбум төгрөгийн өртэй, ажлын гүйцэтгэл дутуу, үйлдвэрийн ажил эхлээгүй, ТЭЗҮ нь ч батлагдаагүй байгааг АН-ын бүлэг дурдлаа.
МАН-ын мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр шинээр бий болгохоор тусгажээ. Гэтэл шинээр ажлын байр бий болгоогүй, БНСУ манайд ажлын байр өгч байгаа гэж АН-ын бүлэг шүүмжилсэн юм. Залуус ажиллангаа ядуурч байгааг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцлов.
Баялгийн санд жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулна гэж тусгасан боловч Ирээдүйн өв сангийн мөнгийн дуусгасан. Түүнчлэн, энэ жил тус санд оруулах ёстой мөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Үүнээс гадна Хөгжлийн банкны зээлийн асуудлыг бүгдийг нь АН руу чихэж байна. Хөгжлийн банкны гаргасан мэдээллээр АН-ын үед чанаргүй зээл 5-9 хувь байсан бол МАН-ын үед 8-29 хувь байна. Мөн одоо сайд нь 75 хувь хүрлээ гээд нэг тоо ярьж байна. Хэний үед найдваргүй зээл өссөн нь үүнээс харагдаж байна. Одоо зээл авсан ААН-үүдийг буруутгаж байна. Гэтэл зээл өгсөн хүмүүст хариуцлага яригдахгүй байгаа юм.
Түүнчлэн оффтейк гэрээ Үндсэн хуулийн зургадугаар заалтыг зөрчиж байна. Оффтейк гэрээ хийгдсэнээр валют орж ирэхгүй байна. Үүний ард маш том авлига бий. Энэ байдлыг засаж залруулахын төлөө Ардчилсан нам тэмцэнэ.” гэлээ.