Хүрээлэн буй орчныг бохирдуулагч олон хүчин зүйл байдгийн нэг нь хог хаягдал. Эргэн тойрондоо хоггүй, бохирдолгүй эрүүл орчин бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал байдгийг Баянгол дүүргийн зарим байрнаас харж болохоор байна. Тодруулбал, тус дүүргийн нэг, гуравдугаар хорооны зургаа болон 14 дүгээр байранд хогоо ялган хаях буюу хогийг эх үүсвэр дээр нь ангилан хаяж хэвшээд дөрвөн сар болжээ.
Байрны давхар бүрт хогоо ялган хаях савыг байршуулсан бөгөөд шил, лааз, цаас, хуванцар, гялгар уут, крадонин цаас болон ахуйн хог хаягдлаар ялгах боломжтой болж. Зориулалтаар цаас, хуванцар, шилийг гурван тасалгаа бүхий хогийн саванд хаях бол ахуйн хогийг орон сууцны хогийн цэг буюу пункерт хаяна. Харин крадонин цаасыг хогийн цэгийн дэргэдэх тасалгаанд хийх ёстой юм байна. Нэг ёсондоо байрны оршин суугчид таван төрлийн хогийг ангилан хаядаг болжээ. Биднийг очиход зургадугаар байрны тавдугаар давхрын хуванцар, гялгар уутны сав л дүүрэн хогтой байв.
Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хогны 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгдэж байна гэсэн судалгааг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос гаргажээ. Хэрэв иргэд хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой бөгөөд одоогийн байдлаар хог хаягдлын 24 хувийг л дахин боловсруулж байгаа аж.
“Орон сууцанд хогоо ангилж хаядаг болсноор гэртээ уг хэвшлийг бий болгоод байна”
Сайн жишгийг орон сууцандаа хэрэгжүүлж буй байрны оршин суугчдын сэтгэгдлийг сонирхлоо.
-н.Эрдэнэбат “Өмнө нь ил задгай хаясан хогийн үйлчлэгч нар л цэвэрлэдэг байсан. Харин манай байр ангилж, ялгаж хаядаг хогийн савтай болсноор хэд хэдэн дэвшил гараад байна. Мэдээж байрны иргэд соёлтой болж, хог бөөгнөрөх, муухай үнэр гарах гэх мэт бухимдал төрүүлэх зүйлс байхгүй боллоо. Харин манай гэр бүлийн хувьд гэртээ хогоо ангилж байгаад хогийн савандаа хийчихдэг болсон учир хүүхдүүдэд маань ч сурсан мэдсэнээ хэрэгжүүлээд зогсохгүй, хэвшил болгож байгаад баяртай байгаа” гэв.
-12 настай оршин суугч “Ер нь ялгаж хаядаг болсноос хойш орц цэвэрхэн байх болсон Гэхдээ заримдаа хог нь дүүрчихсэн үед яаж хаяхаа мэддэггүй. Байрандаа ялган хаядаг хогийн савтай болчихсон болохоор гэртээ бас ангилдаг болсон” гэлээ.
Н.Цэрэннадмид “Манай байрныхан хогоо ялгаж хаяж сураад байгаа шүү. Өмнө нь хог хөглөрч, муухай үнэр гарч, орон гэргүй хүмүүс орцонд ирж, хог ухаж, бие засчихдаг байсан юм. Харин энэ хогийн савыг байршуулснаас хойш камер болон гэрэл тавьсан нь элдэв асуудлыг байхгүй болгосон. СӨХ хогоо ялгахгүй байгаа иргэдэд анхааруулж, сануулга өгдөг болохоор хариуцлагатай болгож байгаа юм л даа” хэмээв.
Хогийг булах, шатаах гэсэн хоёр л аргаар устгадаг байна. Шатааснаар агаарт хорт хий ялгарч, булснаар газарт хөрсний бохирдол үүсгэнэ. Энэ нь агаар, хөрсний бохирдол үүсгэх бөгөөд уг шалтгаанаас болж гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэрийг бий болгодог. Харин ангилж хаявал шатаах, булах хогийн хэмжээ буурдаг юм.
Т.Мөнгөнтулга: Хогийг ангилдаг болсноор СӨХ сард 100-120 мянган төгрөгийн орлоготой болсон
Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын аж ахуйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнгөнтулгаас орон сууцандаа хогоо ангилж хаях нөхцөлийг бүрдүүлсэн туршилтын үр дүнг тодрууллаа.
-Хогоо ангилан хаях туршилтын үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа юм байна. Ямар үр дүн гарч байна?
-Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах дадлыг иргэдэд сургах эхний туршилт хэрэгжүүлж эхэлсэн. Иргэд ямар байр суурьтай байна, хэр хугацаанд хогоо ангилж сурч байна зэргийг урьдчилсан байдлаар тогтоох үүднээс хоёр өөр хорооны байранд ангилан хаях хогийн савыг байршуулсан юм. Сүүлийн хоёр өдөр үр дүнг судлахаар байруудаар явж, өөрсдийн нүдээр дүгнэхээс гадна, айл өрхүүдээс мэдээлэл авлаа. Ингэхэд оршин суугчид маань анхандаа төдийлөн хэвшил болгохгүй байсан ч одоо дасч, ангилж хаядаг болсноо илэрхийлсэн. Хамгийн гол нь хогийн пункерээс гарах үнэр багасч, өндрөөс хаясан шилэн зүйлс хагарч шингэн халж, урсан, пукерийн хоолойг бохирдуулдаггүй болгосон байна. Мөн энэхүү туршилтыг хэрэгжүүлж буй СӨХ хариуцлагатай болж, цэвэрлэгээ үйлчилгээ ч сайжирсан байлаа. Энэ мэт эерэг үр дүнгүүд их гардаг юм болохыг тогтоосон. Гэхдээ зөвхөн хог хаягдлыг ялгаж сурсан гэх ерөнхий үр дүн гарсангүй. Учир нь СӨХ зөвхөн иргэдийн өгсөн мөнгөөр ажилладаг байсан бол одоо хог хаягдлаас орлого олж, хуримтлуулдаг болжээ. Яаж гэвэл нэг портер крадонин хайрцаг тушааснаар 40 мянган төгрөгтэй болно. Үүний нэгэн адил шил, лааз, хуванцрыг тушааж ойролцоогоор сард 100-120 мянган төгрөгийн орлого олж байгаа юм. Ангилж ялгасан хогийг хоёрдогч түүхий эд авдаг байгууллагуудад дуудлагаар өгдөг. Хамгийн чухал үр дүн нь хог ачих машины ирэх хугацаа урт болж, ачих хог ч бага болж байна.

-Тэгвэл энэхүү туршилтыг цаашид нэвтрүүлэхийн тулд өөрчлөх, сайжруулах ямар шаардлага байна вэ?
-Одоо ашиглаж буй хогийн савыг модон болон берзентээр хийсэн. Энэ нь цаг дулаарах тусам эвгүй үнэр үнэртэх, угаах шаардлагатай болох учир өөр материалаар хийх хэрэгтэй юм билээ. Тэгэхээр уг ажлыг цаашид дүүргийн 17 хорооны угсармал орон сууцны оршин суугчдын хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Ирээдүй хойч үе, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд бид одооноос эхлэн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс бүх албан байгууллага, орон сууцанд зөв хэвшлийг бий болгох хэрэгтэй юм байна. Дээр дурдсанчлан хогоо зөв зохистой хаях нь иргэний ухамсраас ихээхэн хамааралтай бөгөөд гэрийнхээ хогийн савны дэргэд хуванцар сав, шилээ ялган хядаг уут тавиад түүнийгээ ангилж хийгээд хэвших юм бол иргэн хүний үүргээ биелүүлж өөрийн болоод өрөөлийн эрүүл мэндийг авран хамгаалах их үйлсэд гар бие оролцож байна л гэсэн үг.