Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Дэлхийн хэвлэлүүд Өвөр Монгол дахь эсэргүүцлийн жагсаалыг ингэж дүгнэжээ

Дэлхийн хэвлэлүүд Өвөр Монгол дахь эсэргүүцлийн жагсаалыг ингэж дүгнэжээ
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 4
Өвөр Монголын Өөртөө Засах Оронд БНХАУ-ын Коммунист намын шийдвэрийг эсэргүүцэн, эх хэлээ хамгаалах өвөр монгол иргэдийн жагсаал үргэлжилсээр байна.
БНХАУ-ын эрх баригчид өнгөрөгч зургадугаар сард шинэ хичээлийн жилээс эхлэн ӨМӨЗО-ны бага, дунд сургуулиудад хятад хэлийг үе шаттайгаар сургалтын гол хэл болгон ашиглах шийдвэр танилцуулсан. Өвөр монголчууд энэхүү шийдвэрийг үндэсний хэл нь устаж үгүй болох эрсдэл гэж үзэж байгаа бөгөөд соёл, уламжлал, ёс заншилд нь ноцтой халдсан үйлдэл хэмээн эсэргүүцсээр байна.
Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд үндэсний цөөнхийн энэхүү сэдвийг огт хөндөхгүй байгаа ч олон улсын хэвлэлүүд Өвөр Монголд үүссэн асуудлыг олон талаас нь харж, бичиж байна. Ингээд дэлхийн хэвлэлүүдийн тоймыг хүргэж байна.
“The Guardian” – Их Британи
Өвөр Монголын сургуулиудад есдүгээр сарын 1-ээс сургалтын хэлийг монгол хэл бичгийн хэлнээс мандарин хэл рүү аажмаар шилжүүлэх бодлого хэрэгжиж эхэллээ. Албаны тайлбарт дурдсанаар ийнхүү хос хэл бүхий сургалтын тогтолцоонд өөрчлөлт оруулснаар сургалтын хөтөлбөр болон сурах бичгийн чанарыг дээшлүүлэх давуу талтай аж. Гэсэн ч ажиглагчид үүнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын нийт иргэдийн дунд нийтлэг нэг хэл, бичиг ашигладаг болгох бодлого баримталж байгаатай холбон тайлбарлажээ.  
Харин монгол иргэд эсэргүүцлийн жагсаалаар үндэсний цөөнхийг Хан үндэстэнд уусгах Засгийн газрын төлөвлөгөөний хүрээнд монгол хэл, бичиг устан үгүй болох вий гэх болгоомжлолыг илэрхийлсээр байгаа юм. АНУ-д төвтэй Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Энхэбату Тогочог энэ талаар “БНХАУ-ын үе үеийн эрх баригчид Өмнөд Монголд сүүлийн 70 жилийн турш геноцид, улс төрийн дарангуйлал, эдийн засгийн мөлжлөг, хүрээлэн буй орчныг сүйтгэх үйл ажиллагаа, үндэсний цөөнхийн соёлыг уусгах үй олон бодлого хэрэгжүүлсэн. Ийнхүү Хятадын эрх баригчид олон жилийн турш хүчтэй бодлого хэрэгжүүлсний эцэст Хятад дахь монгол үндэстний сүүлийн дархлаа нь монгол хэл болж үлдсэн. Сургалтын хэлийг Хятад хэлээр солих БНХАУ-ын эрх баригчдын сүүлийн алхам нь өргөн цар хүрээтэй өөрчлөлт хийхийн өмнө олон нийтийн эсэргүүцлийг сорьж буй явдал юм” гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан Өвөр Монголчуудын эсэргүүцлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Дэлхийн хаана байгаагаас үл хамааран монгол хүн бүр энэхүү тэмцэлд нэгдэх хэрэгтэй. монгол хэлгүйгээр монгол үндэстэн гэж байхгүй” гэсэн юм.
“The Washington Post” – АНУ
БНХАУ-ын эрх баригчид ӨМӨЗО-ны бага, дунд сургуулиудын уран зохиол, улс төр, түүхийн хичээлийг Хятадын үндэсний олонхи болох Хан үндэсний Мандарин хэлээр заах шийдвэр гаргасантай холбоотойгоор монгол иргэдийн зүгээс тэр бүр гараад байдаггүй том хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байна.
Эсэргүүцэгчид БНХАУ-ын эрх баригчдын энэхүү шийдвэрийг Төвд болон Уйгарт хэрэгжүүлж буй үндэсний цөөнхийн шинэ залуу үеийг бүрэн Хятаджуулах кампанит ажлуудтай адилтган үзэж байгаа юм. Өвөр Монголд өнгөрөгч амралтын өдрүүдэд сургуулийн дүрэмт хувцсаа өмссөн сурагчид сургуулийнхаа гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд тэд “Бидний эх хэл бол монгол хэл. Бид үхэх хүртлээ монгол хүн” гэх уриа хашхирч байв. Тус бүс нутаг даяар эрх баригчдын шийдвэрт ундууцсан эцэг эхчүүд гарын үсэг цуглуулж, хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Монгол үндэстэн олноор амьдардаг Тунляо хотын ойролцоох нэгэн сууринд ням гаригт эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд явуулахыг эсэргүүцэх үеэр цагдаа нартай мөргөлдөөн үүсэж, нэг сурагч дөрвөн давхраас үсэрч амь насаа алдсан харамсалтай явдал гарсан байна.

Монгол Улстай хил залгаа Өвөр Монголын автономит мужийн хүн амын тавны нэг нь монгол үндэстэн юм. Бээжингийн үе үеийн төрийн тэргүүд болон бодлого тодорхойлогчид үндэсний цөөнхүүдийг уусгах, эсвэл цөөнхийн бүлгүүд автономит статус олж авах, түүнийгээ бэхжүүлэх гэсэн хоёр асуудал зөрчилдсөөр ирсэн. БНХАУ-ын эрх баригчид 1980-аад оны эхэн үед үндэсний цөөнхүүдийн эсрэг харьцангуй зөөлөн бодлого хэрэгжүүлж, Үндсэн хуулиараа цөөнхийн хэл, соёлыг хүндэтгэх асуудлыг тунхагласан байдаг. Үүний үр дүнд Өвөр Монголд өнөөдрийг хүртэл монгол хэл нь хятад хэлтэй зэрэгцэн албан ёсны хэлд тооцогдсоор байна.
Харин ЗХУ задран унаснаас хойш Хятадын зах хязгаар нутгууд дахь үндэсний цөөнхүүдийн дунд угсаатны үндсэрхэг үзлийн давлагаа улам хүчээ авах болсон юм. Тиймээс Хятадын Засгийн газар Ши Жиньпины хатуу удирдлага доор сүүлийн таван жилд үндэсний цөөнхүүдийг уусгах бодлогод огцом шилжих болсон. Үүний жишээ бол төрөөс Хятадын сонгодог соёлыг эрчимтэй сурталчилж, Хан үндсэрхэг үзлийг огцом дэвэргэн, Төвд, Уйгаруудын цөөнхийн хэл, соёл, шашин шүтлэгийг хязгаарлах болсон явдал билээ. БНХАУ-д өнөөдөр цөөнхийн хэл, соёлыг сурталчлан таниулагчдыг салан тусгаарлах үзлийг дэвэргэгч хэмээн яллаж, хатуу шийтгэх болжээ.

“Аssociated Press” - АНУ
ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн нэгэн малчин Тэргэл “Associated Press” агентлагт Өвөр Монгол дахь бараг бүх монголчууд сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа. Үүнээс болж монгол хүүхдүүд төрөлх эх хэлээрээ бүрэн төгс ярьж чадахгүй болох нь. Монгол хүүхдүүд ийнхүү эх хэлээ бүрэн төгс эзэмшиж чадахгүй болсноор цөөнхийн хэл, соёл ердөө хэдэн арван жилийн дотор устаж үгүй болох аюул нүүрлээд байгааг анхааруулсан байна. Харин өөрийн аюулгүй байдлын үүднээс өөрийн нэрээ Баатар гэж танилцуулсан Хянган аймгийн малчин эр “Эсэргүүцлийн жагсаалд хэдэн арван мянган монголчууд нэгдээд байна. Олон мянган сурагчдын эцэг эхчүүд сургуулийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол жирийн иргэд гудамжинд эсэргүүцлээ илэрхийлсээр байна” гэж ярьсан байна.
“CNA” - Сингапур  
Харин Сингапурын “CNA” хэвлэлд АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Энхэбату Тогочог уг эсэргүүцлийн жагсаалыг “Иргэдийн дуулгавартай байдлыг эсэргүүцэх хөдөлгөөн” гэж тодорхойлсон талаар дурдсан байна. Мөн ӨМӨЗО-нд дөрвөн сая гаруй монгол үндэстэн амьдардаг бөгөөд энэ нь тус мужийн нийт хүн амын 16 хувийг эзэлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургуулийн гадаа, иргэд гудамжинд эсэргүүцлээ илэрхийлэхээс гадна “WeChat” ашиглан Хятадын цахим орчинд монгол бичгээр эсэргүүцлээ илэрхийлэх хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн талаар онцолжээ.
Мөн АНУ-ын “Voice Of America” хэвлэлд уг эсэргүүцлээс улбаалан Бээжингийн эрх баригчид Өвөр Монголын цорын ганц цахим нийгмийн сүлжээ болох “Bainu” платформын үйл ажиллагааг зогсоосон гэжээ.

Ази, Номхон далайн улс төрийн асуудлаар дагнан бичдэг “The Diplomat” сэтгүүл Өвөр Монголын залуус өөрсдийн хойч ирээдүйтэй нь холбоотой энэхүү асуудалд хурцаар хандаж байгаа. Цагдаа нар Хөх хот болон Чифенг, Тунляо, Шилийнгол аймгуудад эсэргүүцлийн арга хэмжээ болно гэдгийг урьдаас тооцсон байсан. Зарим сургуулийн гадаа цагдаа нар төмөр хаалтаар хамгаалалт босгосон. Эцэг эхчүүд хятад хэл дээрхи сурах бичгүүдийг буцаад монгол хэл дээрхи сурах бичгээр солих хүртэл хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй байхаар шийдсэн зэргийг онцолсон байна.
Мөн өмнө нь Өвөр Монгол сурагчид хятад хэлийг хоёрдугаар ангиасаа эхлэн үздэг байсан ч саяхнаас нэгдүгээр ангиасаа үзэх болсон нь шинэ үеийн үндэсний цөөнх иргэдийн сэтгэлгээнд өөрчлөлт авчрах эрсдэлтэйг дурдсан юм.    
Өвөр Монголын Хэл шинжлэлийн эрдэмтэн Б.Гэгээнтуул энэ талаар “Үүнээс өмнө ч Хятад дахь үндэсний цөөнхийн дунд монгол хэл аль хэдийн устах аюулд ороод байсан. Тухайлбал, өнөөдөр Өвөр Монголд нийт монгол эцэг эхчүүдийн 40 хувь хүрэхгүй хэсэг нь хүүхдүүдээ монгол хэлээр хичээл заадаг сургуульд сургадаг. Үлдсэн хэсэг нь Хятадын ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдүүдээ элсүүлдэг. Ийм нөхцөлд сургалтын хөтөлбөрийн энэхүү шинэчлэл нь аль хэдийн устах аюулд ороод байсан монгол хэл, соёлыг Хятадын хил хязгаар дотор бүр мөсөн үгүй болох ангал руу түлхэж байна” гэжээ.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй эсэргүүцэж байгаагаас улбаалан Тунляо мужийн монгол хэл дээр хичээллэдэг дунд сургуулиуд хоосроод байгаа аж. Мөн орон нутгийн Коммунист намын удирдлагууд айлуудаар явж эцэг эхчүүдийг ятгах ажлыг хийж байгаа талаар дурдсан байна.

Эх сурвалж: The Guardian, The Washington Post, Associated Press, CNA, The Diplomat
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн