Хувь хүн, айл өрх төдийгүй албан байгууллага бүр шинэ оноо угтахтай зэрэгцэн улирч буй ондоо гаргасан амжилт, алдаагаа дүгнэдэг. Улс орны хувьд ч ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэх нь цаашдын хөгжил, өөрчлөлт шинэчлэлд тусгал болдог билээ. Тиймээс Монгол Улс 2021 онд дэлхийн улс орнуудыг эрэмбэлдэг голлох үзүүлэлтүүдээр хэрхэн үнэлэгдсэнийг эмхэтгэн хүргэж байна.
Олон улсын ашгийн бус “Transparency International” байгууллага жил бүрийн нэгдүгээр сард дэлхийн улс орнуудын “Авлигын төсөөллийн индекс” болон “Дэлхийн авлигын барометр”-ыг танилцуулдаг. Тиймээс судалгааны 2021 оны хувилбарыг ирэх оны нэгдүгээр сард танилцуулах юм. Харин хамгийн сүүлийн буюу 2020 оны байдлаар Монгол Улсын авлигын орчинг ийнхүү дүгнэжээ.
Уг судалгаанд шинжээчдийн дүгнэлт болон санал асуулгын дүнгээр дэлхийн 180 улсыг төрийн байгууллагын авлигын түвшингээр нь эрэмбэлдэг.
Монгол Улс 2020 оны “Авлигын төсөөллийн индекс” судалгаанд нийт 100 онооноос 35 оноо авч дэлхийн 180 орноос 111-д эрэмбэлэгдсэн. Ингэснээр манай улс авлигын үзүүлэлтээр ямар ч ахиц дэвшил, өөрчлөлтгүй 2019 оны үзүүлэлтээ хадгалсан юм.
Гэвч Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд Австрали улсын хамтаар “Авлигын төсөөллийн индекс”-ээр сүүлийн жилүүдэд хамгийн олон байр ухарсан оронд тооцогдож байгаа юм. Тухайлбал, Австрали улс 2012 оноос хойш 8 байр ухарсан бол Монгол Улс 2015 оноос хойш авлигын үзүүлэлтээр нийт дөрвөн байр ухарсан байна.
Уг судалгаа нь дэлхийн 107 улсын иргэдийн дунд явуулсан түүврийн судалгааны үр дүнгээр тухайн улс дахь авлигын нөхцөл байдлыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, уг судалгаагаар дэлхийн улс орнуудыг эрэмбэлдэггүй бөгөөд иргэд авлигын орчны бодит байдлыг хэрхэн дүгнэж байгааг харах боломжийг олгодог.
Монгол Улсад хийгдсэн “Дэлхийн авлигын барометр”-ын судалгаанд нийт 1000 сайн дурын оролцогч хамрагдсан.
Оролцогчдын 69 хувь нь төрийн авлига бол маш том асуудал гэж хариулсан байна. Харин 52 хувь нь Засгийн газар болон төр авлигатай тэмцэх чиглэлд сайн ажиллаж байгаа гэж хариулсан бол 48 хувь нь муу ажиллаж байна гэжээ. Улмаар 35 хувь нь сүүлийн нэг жилд авлигын түвшин нэмэгдсэн, 34 хувь нь өөрчлөгдөөгүй, 31 хувь нь буурсан гэж тодорхойлсон юм.
Тэгвэл хамгийн өндөр авлигад автсан институтийг тодорхойлох асуултад судалгаанд оролцогчдын 56 хувь нь УИХ-ын гишүүд, 42 хувь нь шүүгчид гэж хариулсан байна. Харин 32 хувь нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, 30 хувь нь Засгийн газрын албан тушаалтнууд, 29 хувь нь Орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнууд, 27 хувь нь цагдаагийн алба хаагчид гэж хариулжээ.
Мөн судалгаанд оролцогч таван хүн тутмын нэг буюу 22 хувь нь сүүлийн нэг жилд төрийн үйлчилгээг илүү чанартай авахын тулд ямар нэгэн байдлаар авлига өгсөн. 29 хувь нь төрийн үйлчилгээ авахын тулд танил талаа ашигласан гэх хариултыг өгсөн байна. Иргэдийн хувьд сургууль болон эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа бусдад авлигал өгөх эсвэл танил талаа ашиглах байдал хамгийн өндөр байдаг гэжээ.
АНУ-ын нийслэл Вашингтон Д.С. хотноо төвтэй ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөөх олон улсын “Freedom House” ашгийн бус байгууллага 1973 оноос хойш жил бүр “Freedom in the World” буюу “Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал” судалгааг танилцуулсаар ирсэн.
Тэгвэл Монгол Улс “Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал-2021” судалгаанд улс төрийн эрх чөлөөний үзүүлэлтээр 36 оноо, иргэний эрх чөлөөний үзүүлэлтээр 48 буюу нийт 84 оноогоор дэлхийн 210 улсаас 56-д эрэмбэлэгдсэн. Манай улс уг судалгаагаар сүүлийн 7 жил тасралтгүй ардчилал, эрх чөлөөтэй оронд тооцогдож байна. Хамгийн чухал нь, Монгол Улс 2021 оны судалгаанд улс төрийн эрх чөлөөний үнэлгээгээр АНУ болон Өмнөд Солонгосын өмнө нь бичигдэж, нийт оноогоор дээр нь эрэмбэлэгдсэн нь том амжилт байв. Хэдий тийм ч манай улс иргэний эрх чөлөөний үзүүлэлтээр эдгээр улсуудаас бага оноо авсан юм.
Францын нийслэл Парис хотноо төвтэй хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөх олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” ашгийн бус байгууллага 2002 оноос хойш жил бүр “World Press Freedom Index” буюу “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс” судалгааг танилцуулсан.
Монгол Улс “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс-2021” судалгаанд дэлхийн 180 орноос 68-д эрэмбэлэгдсэн. Энэ нь 2020 оноос таван байр урагшилсан үзүүлэлт юм. Гэхдээ Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө “мэдэгдэхүйц асуудалтай” гэж үнэлэгдсэн хэвээр байна. Монгол Улс 2020 онд энэхүү судалгаанд 55.9 оноогоор дэлхийн 180 орноос 126-д эрэмбэлэгдэж, эдийн засгийн хувьд бараг эрх чөлөөгүй гэж үнэлэгдэж байв.
Тэгвэл манай улс 2021 онд эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр 62.4 оноо авч, дэлхийн 178 орноос 86-д эрэмбэлэгдэж, 40 байр ахисан том амжилт үзүүлсэн. Улмаар Монгол Улс 2013 оноос хойш анх удаа дунд зэргийн эдийн засгийн эрх чөлөөтэй орнуудын тоонд нэгдэж, дэлхийн дунджаас дээгүүр бичигдэж байна.
Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон АНУ-ын Корнеллийн их сургууль хамтран 2007 оноос эхлэн “Global Innovation Index” буюу “Инновацийн индекс” судалгааг жил бүр танилцуулах болсон. Улс орнуудын инновацийн чадавх, амжилтыг эрэмбэлдэг уг судалгаанд Монгол Улс 2021 онд 34.2 оноо авч, дэлхийн 132 улсаас 58-д эрэмбэлэгдсэн байна. Энэ нь дунджаас доогуур орлоготой 34 орноос 5-т, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хэмжээнд 12-т орох үзүүлэлт юм.
Гэхдээ “Инновацийн индекс” судалгаанд Монгол Улс сүүлийн хоёр жил дараалан орлогын түвшинтэй харьцуулсан инновацийн үзүүлэлтээр эдийн засгийн хөгжлийн нөхцөл, боломжоосоо давсан инновацитай орон гэж тодорхойлогдож байна.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ буюу “SDSN” Дэлхийн аз жаргалын өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-нд “Дэлхийн аз жаргалын тайлан” судалгааг танилцуулдаг.