Украины Засгийн газар даваа гаригт 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд болсон Чернобылийн атомын цахилгаан станцын ослын талаарх Зөвлөлтийн үеийн 229 хуудас баримт бичгийг нууцаас гаргаж, олон нийтэд нээлттэй болгосон талаар мэдэгдлээ.
Хуучнаар ЗХУ-ын Припят хотод орших Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр реакторт туршилт хийх явцад доголдол гарч, сүйрэл болсноор 50 тонн орчим цацраг идэвхт бодис цацагдсан юм. Ослын улмаас 32 хүн нас барсан гэдэг ч цөмийн цацрагийн хордлогоор мянга мянган хүн амь насаа алдсан байдаг. Энэхүү сүйрлийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хэмжээний атомын осол гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд цацраг идэвхийн хөнөөл одоог хэр нь аюултай төвшинд хэвээр байгаа юм.
Тэгвэл Украины Засгийн газрын ил болгосон нууц материалд 1971 оноос хойш сүйрэл болох хүртэл Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан бүх алдаа, доголдол болон ослуудын талаарх мэдээлэл багтаж байгаа аж. Нууцаас гарсан баримтуудад дурдсанаар Чернобылийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоог 4000 орчим гэж тооцоолсон байна.
Украины Засгийн газар жил бүр улсын нийт төсвийнхөө 5-7 хувийг Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлийн хор хохирлыг бууруулах чиглэлд зарцуулдаг.
Эх сурвалж: Brussels Times