Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

С.Чимидцэрэн: Гоо сайхны бүтээгдэхүүний харшлын шинж тэмдэг 72 цагаас дээш хугацаанд илэрдэг тул архагших талтай байдаг

С.Чимидцэрэн: Гоо сайхны бүтээгдэхүүний харшлын шинж тэмдэг 72 цагаас дээш хугацаанд илэрдэг тул архагших талтай байдаг
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 15
Харшлын өвчний талаар Прецилаб лабораторийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэнтэй ярилцлаа.
-Харшилгүй хүн гэж байхаа болилоо. Харшил яг юунаас үүсдэг өвчин вэ?
-Хүний бие махбод хэвийн үед ямар нэгэн өвчин үүсгэгчийн эсрэг хамгаалах урвал үзүүлэн өвчин үүсгэгчийг биеэс гадагшлуулж мөн биед үүсгэж байгаа ямар нэгэн хортой бодисуудыг гадагшлуулахад дархлаа тогтолцоо ажилладаг. Гэтэл  бидний амьдралын хэв маяг, гадаад орчны өөрчлөлтүүд гэх мэт маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр хүний биеийн дархлаа тогтолцоо ажиллах ёсгүй зүйлийнхээ эсрэг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бидний хүрээлэн буй орчинд байдаг бичил биетнүүд болох өвчин үүсгэдэггүй маш жижиг хэсгүүдийг бид энгийн үед ханиаж, найтаах зэргээр өөрийн биеэс гадагшлуулдаг. Харин харшил гэдэг нь тэдгээр жижиг хэсгүүдийн эсрэг дархлаа тогтолцоо өвчин үүсгэгчийн эсрэг ажиллаж байгаа юм шиг хүчтэй ажиллуулдаг. Энэ нь нэг талаасаа хэвийн биш дархлааны урвал гэж үзэж байгаа ч гэсэн нөгөө талаараа дархлаа дутмагшилын шинж юм. Дархлааны урвал нь гадаад болон дотоодод байгаа өвчин үүсгэгчийн эсрэг дайчлагдан ажиллаад эрчимжих үед дархлааны нэг хэсэг болох зохицуулах механизм ажиллан, идэвхэжсэн эсүүдийг идэвхийг нь зогсоон дарж байх ёстой байдаг. Гэтэл зохицуулалтад ордог тэдгээр эсүүд дутмагшилд орсоор нөгөө урвал тасралтгүй хүчтэй явагдан, зарим төрлийн эмгэгүүд үүсдэгийн нэг нь харшил юм.
-Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран улирал бүр янз янзын харшлын үеүд эхэлдэг. Тэгвэл долоо болон наймдугаар саруудад ямар төрлийн харшил үүсдэг вэ?
-Зуны улиралд ихэвчлэн ургамлын харшил илүү их нэмэгддэг. Зуны улиралд ургамлын  тоос тоосонцрууд их байдаг учир хүний ам хамраар орон салст бүрхэвчид хүрэн харшлын урвалыг бий болгодог. Мөн нарны харшил сүүлийн жилүүдэд нэлээд их байна.
-Эдгээр харшлыг үүсгэж байгаа хүчин зүйлс нь юу вэ?
-Монголчууд жилийн цөөхөн хэдхэн сард нарны туяаг авах боломжтой бусад саруудад сэрүүн цаг агаартай байдаг учир битүү хувцас өмсөн нарны туяаг авч чаддаггүй дутагдалтай тал байдаг. Үүнтэй холбоотойгоор витамин Д дутмагшил бий болж дархлаа тогтолцооны зохицуулагын хямрал явагдаж харшил үүсэж болно. Гэхдээ нарны гэрлийн маш олон туяанууд байдаг учир тэдгээр туяануудын зарим нь дархлаа дарангуйлдаг. Тиймээс зуны цагт витамин Д амин дэмээ авч байна гээд наранд арьсаа түлж эмзэглүүлэх нь тийм ч зохистой биш. Тэгэхээр нарны хамгаалалтын тос хэрэглэж арьсаа түлэхгүй байх нь хэрэгтэй.
Түүнчлэн харшлын талаар ариун цэврийн онол гэж байдаг. Хүний бие махбод болон агаар хөрс ус гэх мэт бүх зүйлд бичил биетнүүд байдаг. Бичил биетэн бүр өвчин үүсгэдэггүй тэдгээрүүд байрлаж байж эрхтэн тогтолцоог хэвийн явагддаг. Гэтэл багаас нь бактерийн эсрэг савангаар угааж ариун цэврийг дэндүү өндөр байлгахаар өнөө дархлаа тогтолцоо маань зөв хөгжиж чадахаа больдог. Өөрөөр хэлбэл өөрийн эргэн тойронд байх ёстой бактерийг танилцаж амжаагүй байхад нь устгаад байгаа нь дархлааны системд эсрэг нөлөө үзүүлдэг. Тэгэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд дээрх ариун цэврийн онолыг зөв ойлгох хэрэгтэй. Байнга гараа угаагаад байх нь буруу гэж ойлгож болохгүй.
Мөн бидний эргэн тойронд байх бичил биетнүүдийг устгахад нөлөөлдөг зүйл бол антибиотик замбараагүй хэрэглээ. Антибиотик их хэмжээгээр хэрэглэснээр биед байрлах хэрэгтэй бичил биетнүүдийг утгадаг. Хүний биед байдаг эсийн гуравны нэг нь бактерийн эс байдаг. Тэгэхээр бидний биед байрлах эсүүд устгагдаад ирэхээр дархлаа тогтолцоо зөв хөгжиж чадахгүй.
-Харшлын эмчилгээнд юу хэрэглэвэл илүү сайн үр нөлөө үзүүлэх вэ?
-Дээр дурдсан ариун цэврийн онол, антибиотик зохисгүй хэрэглээтэй холбоотой харшлын эмчилгээнд хэвийн бичил биетэн пробиотикууд, тэдгээрийг үүсгэхэд оролцдог пребиотик бодисуудыг хэрэглэдэг. Монголчуудын хоол хүнсний онцлогт энэ төрлийн бодисууд их байдаг. Тухайлбал, айраг, тараг гэх мэт исгэлэн сүүн бүтээгдэхүүнд их байдаг. Гэтэл хүмүүс эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь багасаж байгаа нь дархлааны урвалыг хэвийн биш явагдахад нөлөөлж байж болно. Тиймээс харшлын эмчилгээнд ашигтай бактери болох пробиотик агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү сайн нөлөөтэй. Тэгэхдээ харшил хүндэрсэн үед хамаагүй хэрэглэж болохгүй. Айраг, шар сүү гэх мэт бүтээгдэхүүн нь хүндэрсэн үед харшлыг улам өдөөх магадлалтай байдаг тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ерөнхийдөө айраг, шар сүү гэх мэт цагаан идээг харшлын эмчилгээнд хэрэглэх гэж байгаа бол угтуулж хэрэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ургамлын харшилтай бол өвлөөс  эхлэн пробиотиктой бүтээгдэхүүнийг хэрэглэх нь үр дүнтэй.
Мөн харшил үүсгэж байгаа зүйлээсээ зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ ургамлын харшилтай бол ургамал тоосоо гөвдөг үе болох үүрээр цонхоо хаах хэрэгтэй. Эмчилгээ хийхээс өмнө хамгийн түрүүнд лабораторийн шинжилгээ өгч юунаас харшилж байгаагаа мэдэх хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ харшлын эхэн үе болох арьс салст загатнаж тууралт гарах үед нь маш өндөр тунтай дааврын бэлдмэл арьсандаа түрхдэг. Энэ нь дархлаа тогтолцоо арьсны бүтцийг алдагдуулдаг учир тэдгээр тоснуудыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
-Харшлыг эмчлэхгүй удаан явсаар ямар эрсдэлд ордог вэ?
-Ерөнхийдөө эрхтэн тогтолцооны буюу системийн архаг эмгэгүүдийг үүсдэг. Тухайлбал, судаснуудыг эмгэгшүүлдэг энэ нь цаашлаад бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлж зүрх, бөөр, элэг гээд гэмтээхгүй эрхтэн байдаггүй. Дээр хэлсэнчлэн дархлаа тогтолцоо өөрийн эд эрхтний эсрэг довтолдог архаг эмгэгийг бий болгодог. Гоо сайхны бүтээгдэхүүн, металлын харшил нь 72 цагаас дээр хугацаанд үүсдэг учир архагших талтай байдаг.
Харшил нь арьсаар гардаг тохиолдолд хамгийн түрүүнд арьсаа маш сайн чийгшүүлж байх хэрэгтэй. Усанд орсны дараа арьсаа хатаагүй байхад нь чийгшүүлэгч тос түрхэж чийгшүүлж байх хэрэгтэй. Үгүй бол арьс хуурайшиж арьсны бүрэн бүтэн байдал алдагдана харшил гарах магадлал ихэснэ. Мөн иргэд хүнсэндээ халуун ногоо, мах зөөлрүүлэгч буюу уураг задалдаг хүчтэй бодисуудыг хүнсэндээ их хэрэглэдэг болсон байна. Эдгээр бүтээгдэхүүнийг бид урьд нь хэрэглэж байгаагүй учраас ходоод цочирдож хоол боловсруулах эрхтний эмгэг үүсдэг. Энэ нь цаашлаад хоол хүнсний харшил болоод арьсан дээр тууралт бий болгодог. Тийм учраас харшил гэхээр ганцхан арьс, хамар дээр байдаггүй учир хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой байдаг тул хоол боловсруулах эрхтэнг цэвэрлэж байх хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн