Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Хас болон Богд банк анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаа мэдэгдлээ

Хас болон Богд банк анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаа мэдэгдлээ
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 3
УИХ-ын намрын чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан билээ. Энэхүү хууль батлагдсанаар системийн нөлөө бүхий таван том банк нээлттэй хувьцаат компани хэлбэрээр бүтцээ өөрчилж, анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгох, бусад банкууд нээлтэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэй байх сонголтыг олгож байгаа юм. Системийн нөлөө бүхий буюу Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк 2020 оны зургадугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргах үүрэгтэй юм. 
Мөн банкны нэг хувь эзэмшигчийн хувь эзэмших дээд хязгаарыг 20 хувь байхаар тогтоож, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 гэхэд хуулийн хэрэгжилтийг хангасан байхыг банкуудаас шаардах юм. 
Энэхүү хуулийн өөрчлөлтийн салхийг хагалж Богд банк анхдагч зах зээл дээр 20-30 хувьдаа IPO гаргах болсноо өнөөдөр мэдэгдэж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн биржид хүсэлтээ хүргүүлжээ. IPO  гаргах бэлтгэл ажлыг хангах андеррайтераар "Ард Секюритиз" компани ажиллахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар Богд банкны нийт хувьцааны 91,32 хувийг Бодь капитал ХХК, 8,68 хувийг Богд Капитал Инвестмент ХХК  эзэмшдэг байна. Энэ хоёр компанийн нөлөө бүхий хувь эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Л.Болд, түүний дүү Л.Болдхуяг нар юм. 
Тус банк 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт активын хэмжээ 248.8 тэрбум төгрөгт хүрч, жилийн татварын дараах ашиг 2.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Одоогоор 10 салбартай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ онд нэмж таван салбар байгуулахаар ажиллаж байгаа юм байна. 
Түүнчлэн, Хас банк Банкны тухай хуульд оруулсан банкууд нээлттэй хувьцаат компани болж, анхдагч зах зээлд олон нийтэд хувьцаагаа арилжих өөрчлөлтийг дэмжиж ажиллахаа мэдэгдэж, ард иргэдэд хувьцаагаа санал болгох бэлтгэл ажлыг хангахаа илэрхийлсэн байна. 
ХанБанк  дараах мэдэгдлийг гаргасан байна. 
Арилжааны банкны хувьцааг нээлттэй арилжаалах тухай Хуулийн өөрчлөлтийг ХасБанк дэмжин хүлээн авч байна
ХасБанк ХХК (“ХасБанк”)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь банкны системийн хууль эрх зүйн орчинд хийгдэж буй томоохон өөрчлөлт болох арилжааны банкнуудыг Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай зохицуулалтыг дэмжин хүлээн авч байгаагаа үүгээр илэрхийлж байна. Энэхүү шинэчилсэн зохицуулалт нь ХасБанкны өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулах, цаашлаад хувьцааг нь ил тодоор, нээлттэйгээр шууд эзэмших боломжийг Монгол Улсын иргэн бүрд ижил тэгш олгоно гэж үзэж байна.  
ХасБанкны зүгээс тус хуулийн зохицуулалтын хүрээнд анхдагч зах зээлд хувьцаа гаргах талаар Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо болон бусад төрийн зохицуулагч байгууллагуудын зөвлөмж, зөвшөөрөлд үндэслэн цаашид мэдээлэх болно. 
Энэхүү мэдэгдлээр үнэт цаас худалдахаар санал болгоогүй буюу түүнийг худалдан авахыг сурталчлаагүй ба аливаа гэрээ хэлцэл явуулах болзлыг энэхүү мэдэгдэл агуулаагүй. Аливаа үнэт цаасыг нээлттэй сурталчлах үйл ажиллагааг зөвхөн зохих хууль журамд заасан нөхцөл шаардлагын дагуу олон нийтэд арилжаалах шалгуурыг хангаж, үнэт цаасны бүртгэлд орсныг үндэслэн явуулах нь хуульд нийцнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн