Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Б.Батдорж: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгож байна

Б.Батдорж: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгож байна
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 20
“Энэрэл” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Б.Бадамдоржтой ярилцлаа. Тус ТСҮТ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэргэжилтэн болгон бэлтгэдэг өгөөд ирэх намар гурав дахь элсэлтээ авах юм. Ингэхдээ дөрвөн мэргэжлээр элсэлт авч байгаа юм байна. 
-Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгодог гэсэн. Төгссөн хүүхдүүдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдаж байна вэ?
-Тиймээ, манай сургууль хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургадгаараа онцлогтой. Гурван жилийн өмнө улсын хэмжээнд Сэргээн засал үндэсний төв гэсэн ганцхан сургууль байсан. Энд би Сургалт судалгааны газрын даргаар ажиллаж байна. Тэгээд хувийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулсан. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургадаг гурван ийм сургууль байна. Хараагүйчүүдийн төвийн дэргэд, Сэргээн засал үндэсний төв, манай сургууль бий. Манайх 15-аас дээш насны хязгааргүй авч сургаж байгаа. Хоёр төгсөлт хийчихлээ. Төгсөгчдийн 60-аас дээш хувь нь ажлын байртай болсон. Гэхдээ цаашдаа мэргэжлийн сургалтыг хоёр жил болгоё гэж ярьж байгаа. учир нь нэг жилийн сургалтаар төгссөн хүмүүсийг ажилд авахад сайн дадлагажаагүй байдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй ч холбоотой. Ийм хүмүүст 1152 цагт дадлагажина гэдэг хангалтгүй байгаа юм. Тогоочийн ангийг төгссөн хүүхдүүд “ажилд орж чадахгүй байна оёдлын ангид суръя” гэсэн асуудал гараад байгаа. Тэгэхээр сургалтыг хоёр жил болгочихвол манай хүүхдүүд илүү сайн сурна.
-Төгсөгчдийн 60 хувь нь ажлын байраар хангагдсан гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авч байгаа байгууллагуудад төрөөс дэмжлэг үзүүлдэг үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж байгаа сургуулиуд ажил олгогч, байгууллагын ажилчдад давхарт сургалт явуулдаг. Хүүхдүүдийнхээ онцлогийг хэлдэг. Манай хүүхэд хэл, сонсголгүй хүүхэд. Анхаарал төвлөрөлт сайн, үйлдвэрийн дуу чимээнд ядрахгүй гэх мэт давуу талтай гэдийг нь ойлгуулж, хэлж өгнө. Тэргэнцэртэй хүмүүс маш сайн оператор болдог. Тэргэнцэртэй хүмүүс гараад тэнээд алга болчихно гэх асуудал байхгүй. Хоолоо иднэ, бие засна. Бусад тохиолдолд суугаад л ажлаа хийж байдаг. Үүнийгээ бид ажил олгогч нарт ойлгуулж өгдөг. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахгүй гэдэг асуудал байхгүй болж байна. манай хүүхдүүдийг төгсөхөөс нь өмнө ажилд авъя гэдэг болж байна. Тухайлбал 100 айлд үйл ажиллагаа явуулдаг нэг үйлдвэр дандаа хэл сонсголгүй хүн ажилд авсан. Ажил олгогчид нь өөрсдөө дохионы хэл сурсан. Хүүхдүүдэд хадгаламж нээчихсэн явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс жирийн хүнээс нэг цагийн бага ажилладаг ч маш үр бүтээлтэй ажилладаг. Тиймээс компаниуд манай сургуультай гэрээ байгуулж байна.
-Компаниудыг боловсон хүчнээр хангахаар гэрээ байгуулсан гэж байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилд орлоо гэхэд цалин мөнгийг нь өгөхгүй ч юм уу, илүү цаг ажиллуулах асуудалд хяналт тавих боломжтой юу?
-Тухайлбал, Бэст буйдантай гэрээ байгуулсан. Тэднийг мужаан, оёдолчин ажилд авахаар захиалга өгсөн. Энэ мэт боловсон хүчний захиалга маш сайн ирж байгаа. нөгөө талаар хууль эрх зүйн орчин сайжирсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хууль боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг тусгаж өгсөн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авч, хоёр жил ажиллуулсан компаниуд нэг хүнд 1.5 сая төгрөгийн урамшуулал олгож байна. Энэ нь тухайн үйлдвэр, компанид дэмжлэг болдог. Тиймээс ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахаар төгсөхөөс нь өмнө захиалга өгч байна.Бид гурван жилийн гурвалсан гэрээ байгуулдаг. Ажил олгогч, ажилд орж байгаа төгсөгч, сургуулийн гурвалсан гэрээ. Тэгээд араас нь манай төгсөгч ажиллаж байна уу, ямар ажил хийж байна гэсэн хяналтыг тавьдаг. 
-Цалин хөлсний тал дээр ямар байдаг вэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн цалин бага байна гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?
-Зарим нэг тохиолдолд эрүүл хүмүүсээс илүү цалин авч байна. Тэд тогтвор суурьшилтай ажиллаж байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг маш сайн мэргэжилтэн болгон гаргах ёстой. Сайн мэргэжилтэн бэлтгэвэл төдий чиний ажлын байран дээрээ тогтвортой ажиллана.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн