Сүүлийн үед иргэд 1072 хувьцааны дансаа баталгаажуулж, хувьцаагаа зарах хандлага нэмэгдэж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Одоогийн байдлаар хэчнээн иргэн хувьцааны дансаа нээлгээд байна вэ?
-Монгол Улсын 2.000.511 мянган иргэн хувьцааны данс эзэмшиж байна. Иргэд хувьцаагаа бүртгүүлнэ гэдэг нь 1072 хувьцааны дансаа нээлгэхийг хэлж байгаа юм. Тухайн хувьцааны данс нь нээлттэй болсон тохиолдолд ногдол ашиг нь орох, арилжаанд орох эрх нь нээгдэнэ. Хувьцааны данс нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 220 хувьцаат компанийн хувьцаанаас авах, хувьцааны арилжаанд орох данс юм. Өмнө нь банкны дансаар хувьцааг нь олгож байсан. Иймд банкны дансаар хувьцааны ногдол ашиг орж байсан болохоор иргэд хувьцааны данстай гэж ойлгоод байгаа юм. Банкны данс нь зөвхөн банк хооронд харилцах данс юм. Хувьцааны данс гэдэг нь хөрөнгийн зах зээлийн арилжааны данс учраас хувьцааны данс нээлгэх шаардлагатай.
-Дансаа нээлгээгүй хүн ногдол ашгаа авахгүй гэсэн үг үү?
-Ногдол ашиг нь орохгүй гэсэн үг. Данс нээлгэснээр хувьцааны ногдол ашиг авах эрх үүснэ.
-Иргэд хэдэн данс нээлгэж болох юм бэ. Данс нээлгэх брокерийн компаниа хэрхэн сонгох ёстой юм бэ?
-Одоо бол иргэд хэдэн ч данс нээлгэж болно. Дээд тал нь таван брокерийн компани дээр данс нээлгэж болно. Нийслэлийн иргэд данс нээлгэхэд дүүрэг, хорооны харьяалал байхгүй. Хөрөнгийн биржийн сайтаар орвол 50 брокерийн компани байгаа. Тэнд арилжааны брокерийн компаниудыг ангилсан байдаг. Үүнээс данс нээлгэх брокерийн компаниа сонгож болно. Ингэхдээ өөрийн гэсэн компанийн байртай, олон жилийн идэвх, туршлагатай компанийг сонгох хэрэгтэй.
-Орон нутгийн болон гадаадад байгаа иргэд яаж дансаа нээлгэх вэ?
-Орон нутгийн иргэд аймгийн төв дээрээ данс нээлгэх шаардлагатай. Гадаадад байгаа иргэд итгэмжлэлээр дамжуулан данс нээж байгаа.
-Брокерийн компаниуд хувьцааны данс нээхээр дамжуулан бизнес хийх асуудал яригдаж байгаа. Энэ тал дээр?
-Хувьцааны дансыг 5000 төгрөгөөр нээж байгаа. Үүний 2000 төгрөг нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйлчилгээний хөлсөнд явдаг юм. Үлдсэн 3000 төгрөг нь брокерийн компанийн үйлчилгээний төлбөр юм. Энэ 5000 төгрөгийг хэн нэгний халаасанд орж байна гэж хардаж байгаа хэрэг.
-Данс нээлгэх иргэнд ямар шаардлага тавьж байгаа вэ. Ямар материал бүрдүүлэх юм бэ?
-2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн иргэд хувьцаа эзэмшиж байгаа. Үүнээс хойш төрсөн иргэнд хувьцаа олгох уу, үгүй юү гэдгийг Засгийн газар шийдвэрлэнэ. Данс нээлгэхдээ иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээ, 5000 төгрөгөөр нээлгэнэ.
-1072 хувьцааны данс нээж эхэлснээс хойш сошиалаар хувьцаагаа зарна, худалдаж авна гэсэн зарууд явж байсан. Тэгэхээр хувьцаа зарж болох юм уу. Хэрхэн ашиглах ёстой юм бэ?
-Хувьцааны дансаар зөвхөн Тавантолгой компанийн ногдол ашгийг хүлээгээд байхгүйгээр үндэсний хувьцаат компаниудад хөрөнгө оруулж болно. Иргэд хувьцааг үнэгүй өгсөн учраас хурдан аваад эргэлтэд оруулахыг бодож байна. Нөгөө талаас зарах хүсэлтэй иргэд их байна. Хүн болгон хувьцаагаа зараад эхэлбэл хувьцааны үнэ унана. 1072 хувьцаа нь монголчуудыг хөрөнгийн зах зээлд нийтээр нь амжилтад гаргах хувьцаа юм. Ийм боломж байхад хувьцаагаа зарах гэж яарах шаардлагагүй. Хувьцаатай хзн ханшийн эрсдэлээс үл хамааран механикаар тоглож ашиг олдог. Тэр нь ногдол ашиг. Ногдол ашиг нь бага хэмжээгээр олгогдоно.
Мөн санхүүгийн баталгаа болсон банк дээрээ очоод сургалтын төлбөр, байрны урьдчилгаа зээл хэлбэрээр ашиглаж болох юм. Хэдхэн төгрөгөөр зарах хувьцаа биш.