Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нар энэ долоо хоногоос ажилдаа орсон билээ. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан найман сайдад үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгосон бол үлдсэн наймыг нь шинээр томилсон. Шинээр томилогдсон найман сайдаас Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ АТГ-т хараахан мэдүүлээгүй байна. Харин хуучин сайд нараас Батлан хамгаалахын сайд, хурандаа Г.Сайханбаярын ХОМ олон нийтэд ил тод биш байгаа юм. Шинэ Засгийн газрын сайд нарын ХОМ-ээс хамгийн хамгийнийг онцолбол,
Хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй нь Шадар сайд С.Амарсайхан бөгөөд тэрээр 10.7 тэрбум төгрөгийн барилга байгууламж, орон сууцтай гэж мэдүүлжээ.
Хамгийн их орлоготойгоор Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танхимаа тэргүүлэв. Түүний нийт орлого 5.1 тэрбум бөгөөд гэр бүлийн орлого байхгүй гэж мэдүүлсэн байна.
Хамгийн их малтай нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх бөгөөд тэрээр мал аж ахуйгаа 423.8 сая төгрөгөөр үнэлжээ. Дараа нь, ХХААХҮ-ийн З.Мэндсайхан 350.6 сая, Сангийн сайд 221.5 сая, Хууль зүй дотоод хэргийн 189 сая төгрөгөөр үнэлэх мал аж ахуйтай гэж мэдүүлжээ.
Хамгийн их үнэт эдлэлтэй Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бөгөөд тэрээр 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, түүхий үнэт зүйлтэй аж.
Хамгийн их хадгаламжтай нь Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар бөгөөд тэрээр 201 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Хамгийн бага хадгаламжтай нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж бөгөөд тэрээр 100 мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.
Ингээд сайд нарын ХОМ-тэй дэлгэрэнгүй танилцана уу. /Энэхүү ХОМ нь 2019 оны мэдүүлсэн дүн гэдгийг тодотгоё/