Эдийн засагч, уул уурхайн шинжээч Л.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та 1072 хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалж ногдол ашиг тараахыг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Гэвч сүүлийн үед хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэхээс илүүтэй “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд руу чиглэсэн мэдээллийг их хийж байна. Энэ компанийн удирдлагууд ёс зүйгүй ажилласан гэдгийг батлах ямар баримт мэдээлэл байгаа юм бэ?
-“Эрдэнэс-Тавантолгой” компани олон улсад IPO босгохоор ажиллаж байна. Гэтэл компанийн удирдлагын болон гүйцэтгэх захирлын багийн боловсролын чадвар сул байна гэдэг шүүмжлэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас эхлээд хүмүүс хэлж байгаа. Ядаж л англи хэл мэддэггүй гүйцэтгэх захиралтай гэж сайд нь өөрөө хэлсэн. Энэ үнэн шүү дээ. Одоогийн удирдлага хууль бус ажиллаж байгааг нотлох баримтаа ярья. 2019 оны төсөвт 22 тэрбум төгрөгийг “Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагын зардал гэж батлуулсан. Энэ нь тус компанийн дарга нарын цалин хөлс, унаа, хоол унд, гадаад, дотоодын томилолтын зардал гэсэн үг. Гэтэл яг адилхан үйл ажиллагаа явуулдаг Тавантолгой хувьцаат компанийн удирдлагын зардал нь ердөө хоёр тэрбум төгрөг байна. Үүнээс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагын зардал 10 дахин өндөр байна. Багануурын нүүрсний уурхайн бүхэл бүтэн 40 жилийн цэвэр ашгаас давсан хэмжээний удирдлагын зардлыг нэгхэн жилд зарцуулж байгаа юм. Арай л үрэлгэн, арай л цамаан биш үү. Ард түмний өмчийг хүний юм гэж хандаад байгаа юм уу гэж асуумаар. Урагш хөөж харвал удирдлагын зардалд 2018 оны гүйцэтгэлээр 16.6 тэрбум, 2017 онд 12 тэрбум, 2015 онд зургаан тэрбум төгрөг гаргасан байдаг. Гэтэл 2019 онд огцом нэмж, 2015 оныхоос 3.5 дахин их мөнгө төсөвлөж авсан. Жил ирэх тусам удирдлагын зардал жилд 5-6 тэрбум төгрөгөөр тогтмол өссөн байна. Ямар ч тооцоо судалгаа үндэслэлгүйгээр шахааны хүмүүсийг “Эрдэнэс-Тавантолгой” компанид оруулж ирсэн. Хөдөлшгүй баримт гэвэл МАН-ын дэргэдэх Оюутны холбооныхон “Эрдэнэс-Тавантолгой” компанид битүү шигдсэн. Оюутны холбооныхныг бүлгээр авчраад цалинжуулж байна. Тухайлбал, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан, 1072 мэдээллийн төвийн дарга Д.Батбаяр нар нь МОХ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. “Эрдэнэс-Тавантолгой”-н ерөнхий нягтлан болдогч Д.Алтанцэцэг нь МОХ-ын нягтлан байсан. Сүүлд байгуулсан “1072 мэдээллийн төв”-ийн ажилтнуудын ихэнх нь МОХ-ын ажлын албаныхан байна. Зөвхөн “1072 мэдээллийн төв”-ийн сарын төсөв нь 30 сая төгрөгийн зардалтай байна.
“Эрдэнэс-Тавантолгой”-н Улаанбаатар дахь төв оффист ажилладаг 242 хүний нэрсийг бид удахгүй олон нийтэд ил болгож зарлана. Ажилчдын хэд нь МОХ-ынхон, бас сайд дарга нар, УИХ-ын гишүүдийн дүү нар байна гэдэгт ард түмэн дүн шинжилгээ хийх ёстой.
-Тэдгээр 242 хүнийг сайд, гишүүдийн хамаарал бүхий хүмүүс учраас зарлах гэж байгаа юм уу, хууль бусаар ажилд авсан учраас юм уу?
-Хамгийн гол нь МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс энэ компаниар дүүрч, үйл ажиллагааны зардлыг хэт өндөр болгож байгааг харуулахыг зорьж байгаа юм. Төрийн компанид намын дэргэдэх Оюутны холбооны бүлэг этгүүдийг авчирч, ард түмний хувьцаа эзэмшдэг компанийн мөнгийг луйвардаж байна. Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” төв оффисын ажилтнуудын цалингийн төвшинг харвал мэргэжилтнүүд хоёр сая, ахлах мэргэжилтэн 3 сая, хэлтсийн дарга 5 сая, дэд захирлууд долоон сая төгрөг байна. Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалин нууцлалтай байгаа. Жилд долоо тэрбум төгрөгийг зөвхөн удирдлагуудын цалингийн зардалд зарцуулж байна. Төв оффист 85 хүний бүтэцтэй ажиллах бүрэн боломжтой байхад орон тоог гурав дахин нэмэгдүүлж, удирдлагын зардлаа огцом өсгөсөн. Мөн оффисын түрээсэнд жилд 706 сая төгрөгийг төлж байна. Хэрвээ орон тоогоо багасгаж, оновчтой бүтцээрээ ажиллавал жилд 213 сая төгрөгийн түрээс төлөх боломжтой. Бүтцээ оновчтой болговол оффисын түрээснээс 500 сая төгрөг, цалингаас 4 тэрбум төгрөг хэмнэж болно. 1072 хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын санхүү эдийн засаг, уул уурхайн чиглэлээр 10-аас дээш ажилласан туршлагатай залуус энэ тооцоог хийсэн. Бид удирдлагын зардлыг 5.4 тэрбум төгрөгт барих боломж байна, цаана нь 16 тэрбум төгрөг хэмнэгдэж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах эх үүсвэр болгох боломжтой харагдаж байгаа. Энэ бүх асуудлыг ярьснаараа, нийгэмд гаргаснаараа би өнөөдөр гүтгүүлж, доромжлуулж, их мөнгөний өмнөөс энэ биеэрээ сөрж явна. Хамгийн ноцтой нь "Эрдэнэс-Тавантолгой" компанийн удирдлагууд хөрсний сийрэгжилтийн коэффициент нэрээр 56 тэрбум төгрөгийг луйвардан, хувааж идсэн байж магадгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн. Улстөрчид “60 тэрбум”-ынхан гээд баримттай, баримтгүй зүйл ярьдаг. Харин “Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагын зардалд 22 тэрбум, хөрс сийрэгжилтийн 56 тэрбум бол жинхэнэ баримттай, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсан. Үүний цаана “Эрдэнэс-Тавантолгой”-д эзэн суусан өнөө л оюутны холбооны бүхэл бүтэн схем байж болзошгүй.
-Хөрсний сийрэгжилт хийх 56 тэрбум төгрөгийг компанийн удирдлагууд хуваагаад авсан гэдгийг хэн, яаж баталж байгаа юм бэ. Танд яг баримт, задаргаа нь байна уу. Энэ талаар хуулийнхан танаас асуусан уу?
-Үндэсний аудитын газраас 2018 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанид гүйцэтгэлийн аудит хийсэн. IPO гаргах үйл явц болон иргэдэд ногдол ашиг хуваарилах ажил ямар гүйцэтгэлтэй байгаад шалгалт оруулсан. Шалгалтаар нийт 25 зөрчил илэрсний нэг нь 56 тэрбум төгрөгийн хөрсний сийрэгжилтийн луйвар юм. Аудитын дүгнэлтээр хөрсийг газраас ухаад өөр тийш нь хөрсний овоолго хийхэд тодорхой хэмжээнд сийрэгждэг. Гэтэл сийрэгжилтийн итгэлцүүрийн хэмжээ нь Баруун цанхи дээр Зүүн Цанхиас их болчихоод байгаа. “Энержи ресурс”-аас бас их байгаа. Өөрөөр хэлбэл, нэг бүсэд яг ижил үзүүлэлттэй байх сийрэгжилтийн коэффициент өндөр гарсан гэсэн үг. Энгийнээр тайлбарлахад, бодит байдал дээр 100 тонн шороо зөөсөн байтал 120 тонноор цаасан дээр бичилт хийгээд 20 тонны зардлыг луйвардсан. Нийт 7.7 сая метр куб хөрсний шороог ингэж луйвардаж идсэнээр нийт 56 тэрбум төгрөгийн хохирол гарсан байна. Үндэсний аудитын газраас энэ асуудалд акт тогтоосон байна. Хуулийнхан, олон нийт надад итгэхгүй байгаа бол хараат бусаар ажиллах тангарагтай Үндэсний аудитын дүгнэлтэд итгэх байлгүй дээ. Үүнийг 1072 хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах холбоо хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг зөвхөн хөрсний сийрэгжилт нэрээр хулгайлсан байна гэж хардаж байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг АТГ-д шалгуулахаар өгсөн. Бид нараас өмнө Үндэсний аудитын газраас шалгалтаар илэрсэн 25 зөрчлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагуудыг АТГ-т өгсөн байна лээ. Үүнээс гадна бас нэгэн байгууллага энэ асуудлаар АТГ хандсан. Үндсэндээ гурван газраас АТГ-д холбогдох материалуудыг өгсөн. АТГ дарга, Үндэсний аудитын газрын дарга нар солигдсон байгаа. Тэднийг одоо л нийгмээрээ харъя. Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг тойрсон оюутны холбооныхон, 56 тэрбумын схемийнхнийг АТГ-ынхан хамгаалж авч үлдэхгүй байх гэдэгт илтгэлтэй байна. Энэ бол маш ноцтой асуудал. Энэ луйврыг “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөл мэдээгүй байна гэж байхгүй. Учир нь, аудитын акттай “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд танилцаад, гарын үсэг зурсан байна лээ. Гэтэл яагаад энэ хэргийг нуун дарагдуулав аа, хэний сонирхол байв. Удирдлагууд нь хамсаатнууд уу, хамтран гэмт хэрэг үйлдэгчид үү. 56 тэрбумын луйврыг гүйцэтгэх удирдлагууд хийсэн үү, ТУЗ нь хийсэн үү эсвэл оюутны холбооныхон нь хийв үү. Хууль хяналтын байгууллагын тогтоох ажил үлдсэн.
-“Эрдэнэс-Тавантолгой” компани болон удирдлагуудыг дагасан шүүмжлэл их байгаа энэ үед IPO босгох ажил амжилттай болох уу. Том эрх ашгаа түрүүлж харах ёстой биш үү. Уг нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөлттэй, зах зээлийн таатай орчин үүсч байгаа шүү дээ?
-Эсрэгээрээ, эхлээд дотоод асуудлаа цэгцэлж байж IPO амжилттай болно. Дотоод завхрал нь дээд цэгтээ хүрсэн, бүх юм нь хаалттай энэ компанид хөрөнгө оруулагчид итгэхэд бэрх. Шилэн дансны хуулиа дагахгүй хагас жил болж байна. Таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүх гүйлгээ ил байх ёстой. Саяхан 100 мянган ам.доллараар шилдэг компани гэдэг шагналыг худалдан авсан гэдэг мэдээлэл ч байгаа. Энэ мэдээллийг нь шалгая гэж хандахаар шилэн дансан дахь мэдээллээ ил болгохгүй байна. Үнэхээр 100 мянган ам.доллараар авсан уу, 100 сая төгрөгөөр худалдаж авсан уу, эсвэл аваагүй гэдгээ нотолж, мэдээллээ ил болгох ёстой. Үнэн тэдний талд байгаа юм бол айх болон мэдээллээ ил болгохоос айх шаардлагагүй ш дээ. Гэтэл бүх юм нь нууц. Удирдлагуудын цалин хөлсийг байнга нуудаг. Хулгай л хийгээгүй юм бол бүх зүйлээ нээлттэй байлгах хэрэгтэй. Хаалттай байхад IPO амжилттай болохгүй. Тиймээс бид хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж байна, засаглалаа сайжруул гэж шаардаж байгаа. Мөн хариуцлага тооцохыг сануулж байна. Ард түмний ногдол ашгийг хэдэн бүлэг хулгайч идээд байж болохгүй. “Ард түмэн байгалийн баялгийн эзэн нь байх ёстой, шударга ёсыг тогтооно” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Үүнийгээ хэрэгжүүлэхэд шударга ёсны сэлэм нь одоо л энэ хүмүүс дээр буумаар байна. Өмгөөлөөд хамгаалаад байгаа бол цаана нь Ерөнхий сайдад ямар нэгэн ашиг сонирхол байна л харж байна.

-Ерөнхий сайд ногдол ашиг хуваарилна гэж мэдэгдсэн ч эргээд цэвэр ашгийг бүтээн байгуулалтад зарцуулах Засгийн газрын шийдвэр гаргасан. Иргэдэд цөөхөн хэдэн төгрөг талын нэгээр тарааж байхаар улсын хэмжээний бүтээн байгуулалт хийх энэ санааг олон хүн дэмжиж байгаа шүү дээ. Үүний эсрэг ногдол ашгаа авъя гэж үзээд байгаа хүмүүс тийм олон уу. Нэгэнт шийдвэр гарсан байхад ногдол ашиг өг гэж шаардах нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байна, улс төр хийж байгаа юм биш үү?
-Ерөнхий сайд энэ оны нэгдүгээр сард жагсаал болж байхад “та нартаа амлаж байна, нэгдүгээр улиралдаа багтааж ногдол ашиг өгнө” гэж хэлсэн. Хоёрт, 2018 оны тавдугаар сард “Эрдэнэ-Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвлэлийн мэдээлэл хийхдээ “Хариуцлагатайгаар мэдэгдье, ногдол ашиг 2019 оноос өмнө өгнө" гэсэн. Энэ хоёр өндөр албан тушаалтнуудын маш хариуцлагатай мэдэгдлийн дараа нэг сая гаруй хүн өдөр шөнөгүй оочерлож 5-10 мянган төгрөгөөр ногдол ашгаа авах данс нээлгэсэн. Нэг өрхөөс 35-40 мянга, хөдөө орон нутагт байгаа иргэд маань тээврийн зардал мөнгөө тооцвол 50-60 мянган төгрөг зарлагдаж данс нээлгэсэн. Гэтэл иргэдийн энэ итгэлийг хуурлаа. Компанийнх нь захирал, тэр байтугай Ерөнхий сайд нь ийм худал амлалт өгч болохгүй. Үүнээс болж иргэдийн төрд, төрийн өмчит компанид итгэх итгэл, гадаад зах зээлд хөрөнгө босгох гээд явж байгаа компанийн засаглалыг нурааж байна. Тиймээс амлалтаа биелүүлэх ёстой. Хоёрт, “Эрдэнэ-Тавантолгой”, Засгийн газар албаар иргэдийг хууран мэхэлсэн. Төрөөс ногдол ашиг гэж тараах 20 мянган төгрөгөөр иргэд архи авч уух гээд байгаа юм уу, тэрний оронд бүтээн байгуулалт руу оруулъя гэх мэтээр тархи угааж, хэвлэлүүдийг худалдаж авч, тултал нь мөнгө өгсөн. Ногдол ашгийн төлөөх тэмцлийн дуу хоолойг ингэж хаасан. “Эрдэнэс-Тавантолгой” компани жилдээ 300 тэрбум төгрөгийн борлуулалт маркетингийн төсөвтэй. Иргэд ногдол ашгаараа архи аваад уучихна гэдэг тархи угаалтыг явуулсан. Монголын ард түмнийг ингэж доромжилж, бүгдийг нь архичин гэж нэрлэсэн. Бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа. Засгийн газар өөрт ногдох 85 хувьдаа л төмөр зам өөр бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хий. Үлдсэн 15 хувь буюу Монголын 2.5 сая иргэн, дээр нь 580 гаруй аж ахуйн нэгжийн хувьцаанд ногдох ашгийг л хуваарил гэж шаардаж байгаа юм. Хувьцаа бол тухайн иргэн, аж ахуйн нэгжийн өмч. Өмч нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хэн ч халдашгүй байх хэрэгтэй. Миний өмчийг надаас зөвшөөрөл авахгүйгээр санал асуулга явуулж, өөр зүйлд зарцуулж байгааг дээрэм гэж үзнэ. Тухайн иргэний хувьцаанд хэдэн төгрөг хуваарилах нь асуудал биш. Нэг хувьцаа эзэмшигчид 20 мянган төгрөг олгоно гэсэн тооцоо чинь компанийн удирдлагууд хулгай луйвраа оруулаад үлдэж байгаа угаадсаа өгөх гэсэн тооцоо. Яг үнэндээ бол 1072 хувьцаа эзэмшиж байгаа нэг иргэнд 90 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах байсан. 5-6 ам бүлтэй айл 450-540 мянган төгрөгийн ногдол ашиг гар дээр нь ирэх бололцоо зургадугаар сарын 1-нээс өмнө байсан. Ажлын хэсэг байгуулж, энэ бүх судалгаагаа “Эрдэнэс-Тавантолгой” компанид үзүүлэхэд бидэнд судалгаатай, үндэслэлтэй няцаалт өгч чадаагүй. “Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд бидний гаргаж тавьсан тооцоо судалгаанд бүдэрсэн. Гадаадад хувьцаат компанийн гүйцэтгэх захирал ногдол ашгийн мөнгөөр ийм зүйл хийсэн бол шууд шоронд байх ёстой.
-Гэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” тойрсон энэ асуудлуудын цаана Л.Наранбаатар гэдэг хүн улс төрийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийж байна гэх нэгэн байна. Та сонгуульд өрсөлдөх үү, АН-ын удирдлага танд тойрог амласан гэдэг яриа бас байна?
-Тийм зүйл байхгүй ээ. Надад сонгууль, нам хамаагүй. Би “Эрдэнэс-Тавантолгой” компанийг үүсгэн байгуулсан цагаас нь хойш судалгаа хийж явж байна. Нэгд, иргэний үүрэг гэж боддог. Хоёрт, мэргэжлийн хүний үүрэг. Салбарын сэхээтэн бид нар чимээгүй суух юм бол намаг балчигтайгаа Монголын ард түмэн живнэ. Би намаг балчгийг олж хараад байгаа юм. Жишээ нь, би 2015 онд нүүрсний үнэ 250 ам.доллар болчхоод “Эрдэнэс-Тавантолгой” 25 ам.доллараар зарж байсныг шүүмжилсэн. Бүх зах зээлийн мэдээллүүдийг ил болгосон. Нүүрсний борлуулалтын гэрээнүүдийг ил болгохыг шаардсан, өөрийн чадах хэмжээгээр нийгмийн сүлжээгээр тэмцсэн. Үүний үр дүн гарч энэ компани өнөөдөр ядаж л 70 ам.доллараар нүүрсээ зардаг болсон. Хоёрт, хуульч Баяр, “Ард”-ын Ганхуяг бид гурав нэгдээд “Эрдэнэс-Тавантолгой” компанийг шүүхэд өгсөн. Монголын 2.5 сая иргэний хувьцааг энэ хүмүүс компанийнхаа тайлан балансад бүртгэж аваагүй байсан. Шүүх дээр бид ялж, “Эрдэнэс-Тавантолгой” компани 100 хувийн төрийн өмчтэй байсныг ард иргэдийн 14.6 хувь буюу 2.5 сая иргэнийхээ нэрсийг оруулж бүртгүүлж чадсан. Нэгж хувьцааг 933 төгрөгөөр бүртгүүлсэн. Гурав дахь том ажил бол ногдол ашиг өгүүлэх байсан. Гэтэл энэ тэмцлийг зөвхөн Наранбаатар гэдэг хүнтэй, өөр өөрсдөөсөө санхүүжүүлдэг хүмүүстэй хутгаж байна. Олон дайралт ирж байгаа. "Эрдэнэс-Тавантолгой"-н үйлдвэрчний эвлэлийн С.Эрдэнэ гэдэг хүнээс хүртэл дайралт ирж байна. Гэтэл С.Эрдэнэ гэдэг хүн дээр 289 сая төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр компанийн дүрэм журам зөрчиж өгсөн гээд Үндэсний аудитын газраас акт тогтоогдсон байдаг. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар олгох байсан мөнгө гэсэн үг. Энэ зардлаасаа С.Эрдэнэ гэдэг хүн нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа. Энэ өрөөсөө болж одоогийн гүйцэтгэх захирлын багт тэр хүн барьцаалагдсан байх магадлалтай. Тэдний гар хөл болж, жирийн ногдол ашиг өгүүлэх, ард иргэдээ баялгийн эзэн байлгах тэмцлийн эсрэг үйлдэл хийгээд явж байна. Бид тэмцлээ улам чангаруулна. Өнөөдөр "1072 хувьцаа" фэйсбүүк групп дээр 200 гаруй мянга хүн нэгдсэн байна. Улс төрийн нэм, эвслүүд нэгдэж байна. Өнөөдрийн байдлаар бидний тэмцэлд АН, ХҮН, тэргүүтэй 16 нам нэгдсэн. Хэрвээ ногдол ашиг өгөхгүй бол орон даяар хамарсан хөдөлгөөн болно шүү гэдгийг эрх баригчдад сануулмаар байна.
-Бас энэ тэмцлийг эхлүүлэхэд таны ард санхүүжүүлэгч байна. Тодруулбал, MCS-ийн хүн, тэднийг л байнга хамгаалдаг гэж сошиалд шүүмжилдэг. Та үнэхээр намгүй, бас ямар нэгэн том компанийн санхүүжилтгүйгээр энэ тэмцлийг хийж байна гэдгээ яаж батлах юм бэ?
-Өнөөдрийн байдлаар 200 орчим хүн 1072 хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах холбоонд хандив өгсөн. Хэн хэдийг хандивлав гэдэг бүх зүйл шилэн байгаа. Бидний, миний ард Монголын 2.5 сая хувьцаа эзэмшигч, шударга үнэний төлөө тэмцлийг дэмжигч хүмүүс л байгаа. Намайг ганцхан MCS-ийн хүн гэхгүйгээр олон хүний гар хөл болгон гүтгэж байгаа. МАНАН-гийн хүн, Элбэгдоржийн хүн, Эрдэнээгийн суганы үс гэж байна. Цаашдаа өөр юу гарч ирэхийг мэдэхгүй байна. Илүү ихээр дайрах, мөнгө төлж хийж байгаа гүтгэлгээ үргэлжлүүлэх л байх. Энэ хүмүүс хэзээ ч баримттай, судалгаа тооцоотой тэмцэж чадахгүй. Харин би зогсохгүй. Мөнгө ялах уу, үнэн ялах уу гэдгийг үзнэ. Харин бидний энэ тэмцлээр дамжиж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хэлээд байсан шударга ёсоо тогтоож чадаж байна уу, АТГ, шүүх, прокурорт үнэхээр шударга томилгоо хийж чадаж уу гэдгийг 1072 хувьцаатай хүн бүр харах боломжтой. Бидний тэмцлийн үр дүнд 2019 оны хулгай луйвраас нь 400 тэрбумыг таслан зогсоож чадсаныг 2.5 сая хувьцаа эзэмшигчдээ хуваавал нэг хүнд 160 мянган төгрөгийн зардлын хэмнэлт гаргасан гэсэн үг. IPO гаргахад 280 гаруй тэрбум төгрөгийн зардал, 4.5 тэрбум төгрөгөөр компьютер авах, 8 тэрбумаар программ авах, 7 тэрбумаар том жип автомашин авах, 20 тэрбум төгрөгөөр шинэ оффис барих гэж байсан зардлуудыг төсвөөс хасуулж чадсан. Нийт 2.5 сая хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаал 160 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан учраас үүнээс илүү мөнгийг хувьцаа эзэмшигчдээс шаардах ёстой. Цаашдаа ногдол ашиг өгүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна.
-Та бас “Гложекс” компаниараа дамжуулан “Эрдэнэс-Тавантолгой”-н компаниас зарласан 352 сая төгрөг бүхий үнийн дүнтэй тендерийг авсан юм уу. Өөрөөр хэлбэл, танд “Эрдэнэс-Тавантолгой” компанийг шантаажилсан зүйл байгаа юм биш үү?
-Энд тайлбар хийе. “Гложекс” компани надаас гадна өөр хөрөнгө оруулагчтай, хамтарсан компани. Энэ компанийг 2008 онд үүсгэн байгуулж, одоо 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монголын хамгийн том уул уурхай геологийн судалгаа, инженерингийн компани. Манай компани салбартаа нэр хүндтэй, манайд ажилладаг залуус Австрали-Азийн уул уурхай мателлургийн институцийн гишүүнээр ажилладаг. Торонто болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч байгаа төслүүдийг өөрсдөө нэр хүндээрээ итгэмжилдэг. Энэ хүрээнд 2018 онд “Эрдэнэс-Тавантолгой” компаниас зарласан баяжуулах үйлдвэрийн тендерт оролцсон. Нийт 10-иад компани оролцсоноос гурван компани тунаж үлдээд, тэднээс манай “Гложекс” консалтинг компани ур чадвараараа хамгийн өндөр оноо авч, тендерийн хамгийн бага үнийн санал өгсөн учраас тендерийн хорооноос шалгарлуулсан гэдэг албан бичгийг өгсөн. Ингээд гэрээгээ хийхгүй явсаар байгаад тендерээ цуцалсан. Энэ асуудлыг "Гложекс" компанийн гүйцэтгэх захирлаасаа асуухад ""Эрдэнэс-Тавантолгой" компаниас манай гэрээг хийхгүйгээр ямар нэгэн байдлаар бойкот хийгээд байсан" гэсэн юм. Миний тэмцэлтэй холбоотойгоор шантаажийн байдлаар тендерт шалгарсан төслийг эхлүүлээгүй, барьж байсан ч бид нэг ч төгрөгийн авлига өгөөгүй, шантаажийн үйл ажиллагаанд орохгүй гээд энэ асуудлаар шүүхэд хандсан. Шүүхээс хууль ёсоор тендерт ялсан компанитай ажлын гэрээгээ хийхийг даалгаж байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн эсрэг “Эрдэнэс-Тавантолгой” компани давж заалдаагүй, хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхийн шийдвэр албажиж манай компанид ирээгүй байхад С.Эрдэнэ нарын төрийн бус байгууллагын хүмүүст эх хувиараа оччихсон хэвлэлийн хурал хийж байгаа. Тэгэхээр тэр материалыг шүүх өгсөн үү, “Эрдэнэс-Тавантолгой” өгсөн үү гээд харахаар Б.Ганхуяг л өгсөн байх. Тэгэхээр гүтгэлэг, жинхэнэ шантаажийг хэн хийж байгаа нь эндээс л харагдана.