Open iToim app
Зочин | 5 мин уншина

Д.Батсайхан: Иргэдээс муу үнэлгээ авсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог болсон

Д.Батсайхан: Иргэдээс муу үнэлгээ авсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог болсон
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 5
Завхан аймгийн Засаг дарга Д.БАТСАЙХАН-тай өвөлжилтийн байдал, 2018 онд тус аймагт хийх бүтээн байгуулалт, төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд хийж буй ажлын талаар  ярилцлаа.
-Хөдөө орон нутагт олон жилийн дундажтай харьцуулахад ахиу цас орсон тухай мэдээлж байна. Завхан аймгийн хувьд өвөлжилт хэр байна вэ?
-Завхан аймаг 24 сумтай. Нийт есөн мянган малчин өрх, 3.6 сая толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн зун нийт газар нутгийн 50 гаруй хувь гантай байснаас өвс бага ургаж, ургамлын төвшний судалгаагаар 2014 оныхоос доогуур ургацтай жил байлаа. Ийм гантай байсан нь өвөлжилтийн бэлтгэл хангахад нэлээд хүндрэлтэй туссан. Өвс тарчигхан ургасан учраас цас оронгуут өвсгүй болох зовлон нүүрлэсэн. 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс арав гаруй хоног үргэлжилсэн цас орж, огцом хүйтэрсэн. Энэ цас ихэнх нутгаар орж, дээд тал нь 60 см зузаан тогтсон. Үндсэндээ цас их орсноос ямарч өвсгүй болсон. Дээр нь, хөрсөн дээр -53 хэм хүрч хүйтэрсэн. Их цас, огцом хүйтрэл өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн 14 сум цагаан зудын байдалтай байна. Зудтай  байгаа сумдад аймаг өөрийнхөө хэмжээнд хүрч ажиллаж байна. Аймгийн онцгой комиссоос нэгдүгээр сарын эхээр Улсын комисст өвс тэжээлийг хямдруулах саналаа хүргүүлсэн. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм тарианы хангамжийг нэмэгдүүлэх, зарим сумын түргэн тусламжийн машиныг шинэчлэх саналыг хүргүүлсэн. Эхний ээлжид аймгийн нөөцөд байсан өвс тэжээлээ өвөлжилт хүндэрсэн сумдын малчид хүргэх ажлыг зохион байгуулсан. Нэгдүгээр сарын 10-25-ны хооронд өвөлжилт хүндэрсэн сумын 29 багт хүрч ажиллаж, 2000 гаруй малчинтай нүүр тулан уулзсан. Энэ үеэр малчдад эмнэлгийн тусламж үзүүлж, эм тариа бөөний үнээр нийлүүлсэн. Аймгийн нөөцөд байсан өвсөө үнэгүй нийлүүлж, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргэсэн. Улсын онцгой комиссоос аймаг бүрт өвс тэжээл хуваарилах ажил үргэлж байгаа. Энэ хүрээнд сум, багуудад өвч, тэжээл хүргэх ажил үргэлжилж байна.
-Мал хорогдол хэр байгаа вэ. Хаваржилт нэлээд хүндрэх төлөвтэй байна уу?
-Одоогоор 10 мянган толгой мал хорогдоод байна. Энэ өвөл олон жилийн дундажтай харьцуулахад нэлээд хүйтэн байна. Цаг агаарын прогнозоор хоёрдугаар сар цастай, хүйтэвтэр байх төлөвтэй байгаа. Гуравдугаар сараас харьцангуй дулаан байх төлөв гарсан. Гэхдээ энэ хавар нэлээд амаргүй, хүндрэлтэй байх болов уу гэж харж байна. Учир нь, цас хайлсан ч доороос нь гарах өвс байхгүй учраас шинэ ногоо гартал мал тэнхэл авч чадахгүй байх эрсдэл байгаа.
-Өнгөрсөн жил эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалтын ажил зогсонги байсан. Энэ жилийн хувьд танай аймагт гол бүтээн байгуулалтын ямар ажил хийгдэх вэ?
-2018 оны төсөв харьцангуй сайн дүнтэй батлагдсан. Засгийн газраас сумдад тулгамддаг асуудлыг шийдэх үүднээс тодорхой нэмэлт санхүүжилт хуваарилсан. Улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар олон ажил хийхээр төлөвлөсөн. Улиастайд шинээр нэлээд хэдэн сургууль, цэцэрлэг баригдана. Мөн аймгийн Тамгын газрын барилга, хоёр суманд Соёлын төв шинээр барих төсвийг баталсан. Орон нутгийн хөгжлийн сангаас 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Уг сангийн хөрөнгө оруулалт нь иргэдийн санал дээр тулгуурлаж хийгддэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард иргэдээ цуглуулж саналыг сонсч, бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөсөн. Сум бүрт “Миний гоё сум” аяныг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд сум бүрт ногоон хөгжил бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, хоггүй сум болж, хашаа хороогоо шинэчлэх засварлах ажил хийгдэнэ. Мөн малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г сум бүрт байгуулах ажилд хөрөнгө оруулалт хийнэ. Түүнчлэн, Улиастайн төвөө 100 хувь камержуулах, гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох, унадаг дугуйн замтай болох ажлууд хийхээр төлөвлөсөн.
-Танай аймагт орон сууцжуулах ажил хэр ахицтай байгаа вэ. Нийт өрхийн хэдэн хувь нь орон сууцанд амьдарч байгаа вэ?
-Төрөөс орон сууцжуулах ажилд төсөв хуваарилах боломжгүй байгаа учраас хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжин ажиллана. Орон сууцжуулах асуудлын хүрээнд ипотекийн зээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох шаардлага байна. Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөлж, хөтөлбөрийг нааштайгаар зохион байгуулбал хувийн хэвшил орон сууцжуулах ажлыг хийгээд явах бүрэн боломжтой байгаа.
-Завхан аймаг бол өвөрмөц тогтоцтой, аялал жуулчлал хөгжүүлэх гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийж байгаа ажил бий юу?
-Манай аймаг говь, хангай хосолсон өвөрмөц байгальтай. Энэ хэрээрээ аялал жуулчлал хөгжих бололцоотой. Өнгөрсөн жилээс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьж, жил бүр “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулахаар болсон. Энэ наадмаар дамжуулан жуулчдыг татах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малчдыг орлогын эх үүсвэртэй болгох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Статистик үзүүлэлтээр  өнгөрсөн жил манай аймгийн өрхийн үйлдвэрлэл 20 хувиар, иргэдийн хадгаламжийн хэмжээ 7.2 тэрбум төгрөгөөр өссөн эхний үр дүн гарсан.
-Ерөнхий сайдын өгсөн Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх үүргийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Тодорхой ажлууд хийж байна. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Завхан аймагт хэрэгжих төрийн албан хаагчийн баримтлах есөн зарчмыг аймгийн дарга миний бие баталсан. Зарчмыг  хэрхэн хэрэгжүүлэх сургалтыг бүх сумдад орсон. 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос 24 суманд Ажлын хэсэг ажиллаж, төрийн албан хаагчдад ёс зүй, хариуцлагын сургалтыг  зохион байгуулсан. Мөн төрийн албыг иргэдээр үнэлүүлдэг болж байгаа. Аймгийн хэмжээнд нийт өрхийн 60 хувиар орж төрийн албан хаагчийн ажил үйлчилгээнд иргэдээр үнэлэлт хийлгэнэ. Иргэдээс муу үнэлгээ авсан төрийн албан хаагчтай хариуцлага тооцох тогтолцоог шинээр бий болгосон. Түүнчлэн аймгийн хэмжээнд муу зардал бууруулах аян зохион байгуулж байна. Үргүй ашиггүй зардлыг төрийн бүх шатанд танах үүрэг өгсөн. Авлигаас ангид байх дэд хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр олон төрлийн сургалт зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдад айл өрхийн хариуцуулан ажиллуулж, тухайн хариуцсан өрхүүдэд төрийн үйлчилгээ, хууль эрх зүйн мэдээлэл өгөх, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсон.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн