Унгар улсын Будапешт хотод эрэгтэй шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн аравдугаар сарын 13-21-нд боллоо. Энэ үеэр манай улсаас их мастер А.Энхтуул эрэгтэй шатарчдын чансаа ахиулах тэмцээнд хүч үзсэн юм. Тэрээр нийт есөн өрөг тоглож, долоон оноотойгоор тэргүүн байр эзэлжээ.
Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулсан байна. Их мастер А.Энхтуулыг аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.
Шатрын их мастер А.Энхтуулд өнгөрсөн есдүгээр сард Франц улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд орох санал ирсэн. Үүнд тэрээр дараах хариултыг өгсөн билээ.
Тэрээр "А.Энхтуул миний бие нь Францын саналд дараах хариуг илгээж байна. Манай талд хоёр төрлийн санал ирснээс иргэншил болон шатрын холбоогоо солихгүйгээр легионер тоглогч болох ухаалаг сонголтыг хийх шийдвэр гаргалаа. Энэхүү сонголт нь цалин болон санхүүгийн дэмжлэгийн хувьд улсаа сольж, Францын нэрийн өмнөөс тоглох саналаас хамаагүй бага хэдий ч эх орны минь үнэ цэнтэй зүйрлэшгүй ээ. Би бол оюуны спортоос төрөн гарч буй шинэ үеийн төлөөлөл. Иймээс, эх орны маань ирээдүйн хөгжлийн итгэл найдвар болсон залуучууддаа амин хувиа хичээх үзлээс илүү алсын зорилготой байх үнэ цэнийг харуулахыг хүслээ" хэмээсэн юм.