Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Н.Энхбаяр: Е.Сагсай прокурорын талаар ярьсан зүйл бүгд үнэн

Н.Энхбаяр: Е.Сагсай прокурорын талаар ярьсан зүйл бүгд үнэн
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 21
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой луйварын асуудлыг олон нийтэд баримттайгаар ярьснаас болж луйвар булхиад оролцсон хүмүүс худал гүжирдэж дайрах эсвэл гэм буруугүй болж харагдахын тулд хууль шүүхийн байгууллагыг ашиглах, алхмуудыг хийж эхэлсэн. Бид үүнийг илчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хууль шүүхийн байгууллага өмнө нь тэдний гар хөл болж, бидэн рүү болоод манай нам руу дайрч байсан ажил үргэлжилж байна уу гэж болгоомжилж байна.
2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө тухайн үед сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын хэргийг сэрэмжлүүлж, задалсан. Тухайн үед М.Энхболд “60 тэрбумын бичлэг нь эвлүүлэг” гэж хэлж байсан. Сүүлд нь “эвлүүлэг биш. Би ярилцлагад орсон ч бодитоор үйлдээгүй” гэдгээ хэлсэн. Гэтэл шүүхээс 60 тэрбумын хэрэгт холбоотой хүмүүсийг дуудахын оронд Э.Эрдэнэжамъян даргыг дуудан буруутай болгож, торгууль төлөх шийтгэл өгсөн. Эсрэгээрээ ажиллаж байгааг харж байгаа байх. Буруутан нь хэргээс мултарч, булхайг нь задалсан хүмүүс нь буруутай болсон.
"Эрдэнэт"-ийн 49 хувь дээр луйвар боллоо гэдгийг тухайн үед сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нар зарласан. Гэтэл түүнийг нь Ч.Сайханбилэг сайд байх үедээ монголдоо авчирч байгаа хэмээн тайлбарласан. Одоо үнэнд гүйцэгдэж байна. Үүнийг гадаадад бүртгэлтэй компани луйвардсан байна. Төр засгийн мөнгийг луйвардаж, төрийн мөнгөөр хувьдаа авсан луйвар болсныг Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар гаргаж ирсэн. Ч.Сайханбилэгийн гарын үсэг байдаг ч З.Баянсэлэнгэд ял өгч байх жишээтэй.
С.Ламбаа сайдын гарын үсгээр гарсан шийдвэрийг Ц.Оюунбаатар хүлээж, түүнийг буруутгаж, ял өгөх гээд шүүх хурал болж байна. Үнэнийг хэлж байгаа хүмүүсийг айлган сүрдүүлдэг тогтолцоо бий болоод байна.
Намайг сахал Д.Эрдэнэбилэг гэж нөхөр гүжирдэж байна. Түүний амнаас нэг ч үнэн үг гардаггүй. Тухайлбал, Өмнөговь аймагт цахилгаан станц барина гэсэн нэртэй бичгийг барьцаалаад 50 гаруй сая долларын зээл авч байх жишээтэй. Хоосон яриа барьцаалж байгаатай адил луйвар хийж байна. Луйвар хийж хууль шүүхийн байгууллагуудад өөрийн хүнээ томилдог. Үнэнийг нь ичилсэн хүнийг цагдан хорьж, айлган сүрдүүлдэг хүн. М.Энхболд түүнтэй холбоотой гэдгийг би сайн мэднэ. М.Энхболд “Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкийг авах гэж байна. Та хувь авах уу” гэж орж ирээд надад загнуулж байсан. Надаас зөрсөөр байгаад Худалдаа хөгжлийн банкийг Д.Эрдэнэбилэгт өөрөө авч өгсөн. Үүнийг нь хэлэхээр намайг гүжирдлээ гэж байна. Үнэнийг ярьсны төлөө цагдаа мэдүүлэг авах гэж дуудаж, айлган сүрдүүлж байна. Мэдүүлэг өгчихөөр мөрдөн байцаалтын нууц гээд юу ч ярьж болохгүй. Дуугүй болгож миний амыг үдэх гээд байгаа юм.
Хүүгүй, баталгаагүй, хугацаагүй зээлээр Худалдаа хөгжлийн банкийг авсан гэж сахал Д.Эрдэнэбилэг ярьсан. Энэ бол мөнгө угаасан ажил гэж харж байгаа. Худалдаа хөгжлийн банкийг төрд авах хэрэгтэй.
Үүнээс гадна Е.Сагсай гэдэг прокурорын талаар ярьсан зүйл бол үнэн. Би олон эх сурвалжаас сонссон. Намайг сагсайдаж ялласан хүн. Хэр зэрэг шударга хүн бэ гэдгийг харуулах бичлэг нь удахгүй гарах байх. Е.Сагсайн ард шүүгч байна. Түүнийг томилж, даалгавар өгсөн хүн байна. Түүний ард МАНАН байна гэсэн үг” хэмээн ярилаа.
Мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Өчигдөр М.Энхболд гишүүн “гомдол гаргана” гэж цахим хуудсандаа бичсэн. Түүний дараагаар нь цагдаагийнхан манай намын байран дээр ирж, мэдүүлэг авна гэсэн. Тэгснээ хэвлэлийн хурал зарласны дараа “би гомдол өгөөгүй” гэж М.Энхболд цахим хуудсандаа бичсэн. Энэ мэтээр өөрөө өөрийгөө дандаа үгүйсгэж, дандаа худлаа ярьдаг. Уг үйлдэл нь Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй, сонгууль хүртэл юм яриулахгүй гэдэг жүжгийн хэлбэр юм.
Би өмнө нь 60 тэрбумын хэргийг зарлахад намайг бичлэг эвлүүлсэн байна гээд л зурагтаар баахан ярьсан. Худлаа ярьж, үнэн хэлсэн хүмүүсийг гүжирддэг. Шүүх, цагдаад өгнө гэж айлган сүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хууль, шүүхийг халаасандаа хийсэн, өөрсдөө томилж, түүгээрээ өөрсдийнхөө эсрэг явж буй хүмүүсийг айлгадаг бүлэг хүмүүс. Үүнийг МАНАН гэж нэрлээд байгаа юм. Үүний цаана монголын бүх баялгийг хэдхэн хүн авч байгаа юм. Тэд дандаа хууль шүүхийн байгууллагад ажилладаг ялзарсан хүмүүсийг гар хөлөө болгодог. Сагсай прокурорын асуудал бол үнэн. Шаардлагатай бол бичлэгийг үзүүлнэ” гэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн