УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар намын бүртгэлийн асуудал болон УИХ дахь АН-ын бүлгийн даргын асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх талаар хэлэлцжээ.УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл: Бид УДШ-ийн тогтоолыг гуйвуулж тайлбарлалаа гэсэн. Цагаан цаасан дээр хараар хоёргүй утгаар бичсэнийг би гуйвуулаагүй. Намын үйл ажиллагаа шийдэгдсэн. Харин одоо УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд асуудал тулгарлаа. Бид өнгөрсөн оны аравдугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг олонхын саналаар өөрчилж, УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. Гэтэл одоо болтол өөрчлөгдөөгүй байна. Тиймээс намын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангуулахын тулд дахин шаардлага хүргүүлнэ. Шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдье.УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батсуурь: Монгол Улсын их хурлын тухай хуулийн 14.1-т зааснаар УИХ-ын үйл ажиллагаа нь Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, мөн нам эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зэрэг нь УИХ-ын даргын бүрэн эрхэд бий. Тиймээс АН-ын бүлэг хуульд заасны дагуу сольж, дараагийн бүлгийн даргаар О.Цогтгэрэл хэмээн өргөн бариад гурван сар болж байна.УИХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээч, бүлгийг зохион байгуулалтад оруулж өгөөч гэх хүсэлтийг бид тавьсан ч одоо хүртэл хойш тавиад байна. Бүлгийн гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрийг хүлээж авахгүй байгаа нь улс төрийн шинжтэй байна. Цаашид их хурлын дарга үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй бол ҮХЦ-д хандана.