Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Б.Алтанзаяа: Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдэдээ хэт өндөр шаардлага тавих нь өс хонзон санахад хүргэдэг

Б.Алтанзаяа: Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдэдээ хэт өндөр шаардлага тавих нь өс хонзон санахад хүргэдэг
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 23
Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяатай өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн тухай ярилцлаа.
-Өсвөр насны хүүхдүүдэд амьдарч буй орчин, нөхцөл, эцэг, эхийн харилцаа гээд олон зүйл таалагдахгүй болчихдог шүү дээ. Үүнээсээ болоод маш их бухимддаг. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Өсвөр насны хүүхдүүдийн дунд  бухимдахад нөлөөлж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Нэгд, бие махбодын хямрал үүссэн байж болно. Энэ нь бие махбодын хувьд эрс өөрчлөгдөж, үргэлжилж буй дааварын нөлөөгөөр хүүхэд бүр харилцан адилгүй хямардаг юм. Хүүхдийн бие махбод өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор гадаад төрх байдалдаа итгэлгүй, сэтгэл хангалуун бус, шүүмжлэлтэй хандаж эхэлдэг. Үүнээс үүдэн сэтгэлийн хямралд хүрдэг. Хоёрт, эцэг, эхчүүд хүүхдээ том болсон, биеэ даасан гэж үзэн хэт өндөр шаардлага тавьж эхэлдэг. Тэрхүү шаардлагад өсвөр насны хүүхдүүд нийцэх гэж хичээж, стресстдэг. Хүүхэд төлөвших гэж хичээж, өөрийгөө олох гэж байгаа үед эцэг эх, багш, эмээ, өвөөгийн орчны хэт өндөр  шаардлага нь хүүхдийг бухимдуулж асуудлаас зугтаах, өс хонзон санахад хүргэдэг байна. Гуравт, эцэг эхийн хоорондын сөрөг харилцаа, үзэл бодлын зөрүүтэй байдал нь хүүхдийг тавгүй байдалд оруулж, үргэлж уур уцаартай байхад хүргэнэ. Дөрөвт, сошиал ертөнцөд хэт их идэвхтэй байх, цуврал сериал үзэж, бусдын амьдралтай өөрийн амьдралаа жиших, амьдралаа дүгнэх төсөөлөх нь бодит амьдралаас хэт их хөндийрөхөд хүргэж, байгаа орчиндоо, амьдралдаа дургүй болох талтай. Эцэст нь, Эцэг эхдээ, нийгмийн харилцаанд, анги хамт олондоо, цахим сүлжээнд, найз нөхөддөө хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа зэргээс хүүхэд хямарч, уур уцаартай болдог юм.
-Энэ насны хүүхдүүдийн зан, авир, хөдлөлийг бэлгийн бойжилттой холбон тайлбарлах хүмүүс байдаг. Энэ нь зөв үү?
-Хүүхэд өөртөө зан төлөвийг бүрдүүлж, бие хүн болохын тулд орчиноос суралцаж байдаг. Зан төлөв гэдэг өсвөр насны хүүхдүүдийг нийгэмтэй зөв харилцахад сургаж өгдөг. Өсвөр насны хүүхдэд араншин нь энэ насандаа солигдох, туршиж үзэх байдлаар өөрчлөгддөг учраас өсвөр насны хүүхдийн 70 хувь нь амбиверт буюу холимог хэв шинжтэй байж, ирээдүйн бие хүнийхээ зан төлөвийг эрэн хайдаг болохыг манай байгууллага судалгаагаар тогтоосон.  Өөрөөр хэлбэл, хүний төрөлх араншингийн дутуу талыг зан төлөв дүүргэж  өгдөг байна. Эцэг эхчүүд хүүхэддээ зан төлөвийг зөв бүрэлдүүлэхэд туслах ёстой. Энэ үед орчин маш чухал. Хүүхдийнхээ урд нь гараад алхах  биш араас нь дэмжиж өгвөл хүүхдэд тустай. Тэгэхээр бэлгийн бойжилттой холбоотой үүсдэг хямрал, тавгүй байдлыг аав, ээжийн эерэг харилцаа, хандлага, мэдлэг болон тухтай орчин сааруулж байх ёстой. Гэвч хамгийн гол асуудал болоод байгаа зүйл нь ихэнх аав, ээжүүд хүүхдийн орчинг сөрөг байлгаж, аюултай сөрөг орчноос (цахим, найз нөхөд ) хамгаалах, анхаарал төдийлөн тавьдаггүй мөртлөө хүүхдийн зан, байдалд ямар нэгэн өөрчлөлт гараад ирэхээр  хүүхдээ л буруутгаад байдаг. Ер нь 0-6 насны хүүхдийн төлөвшлийг эцэг, эхчүүд өөрсдөө буруу тавьчихсан бол хүүхэд өсвөр насанд ирэх хямралыг давахад хэцүү байдаг. Жишээлбэл, салах, удаан хугацаагаар хамаатан садан найз нөхөд дээрээ орхих, эмээ, өвөөгөөр нь хүмүүжүүлэх, хөхөө хөхүүлээгүй, гэр бүл элэг бүтэн өссөн ч харилцааны дутмагшилтай, архидалт ихтэй, аав, ээжийн үзэл бодол зөрөх гэх мэт асуудлыг олон эцэг эхчүүд анзаараагүй.
-Энэ насанд охид, хөвгүүд сэтгэл зүйн хувьд ямар ялгаатайгаар өөрчлөгддөг бол?
-Өсвөр насны хүүхдүүдээс 10-13  насны хөвгүүд бие махбодын хувьд сэтгэл дундуур байдаг бол 14-өөс дээш насны хөвгүүд хэтэрхий зоригтой шийдэмгий болж, ямарч зүйлийг хийхэд бэлэн болсон мэтээр өөрийгөө мэдэрч эхэлдэг. Учир нь өсвөр насанд зоригийн чанар маш хурдан хөгжиж байдаг тул хөвгүүд асуудалд орох, буруу сонголт хийхэд ойрхон байдаг. Энэ үед эцэг, эхчүүд анхаарч ярилцаж, ойлголцох хэрэгтэй.
Харин 10-14 насны охид хэн нэгнийг дуурайж өөрийнхөө гоё сайхныг мэдрэх хэрэгцээ өндөр байдаг. Энэ үед охид өөртэйгөө танилцаж байдаг ба 14-өөс дээш насны охид өөрийгөө үнэлэх магтуулах, өөрөөрөө бахархах, нийгэмд эзлэх байр сууриа бататгах хэрэгцээ их болно. Зарим эмэгтэй хүүхдийн өсөлт бага зэрэг зогсдог. Мөн энэ насанд охидын өөрийгөө голох, өөртөө итгэх итгэл багасах зэрэг асуудал бий болно. Гэхдээ энэ өөрчлөлтүүдийг эерэгээр даван гарахад бага насан дахь аав ээжийн харилцаа нөлөөлдөг юм. Жишээ нь, Аав, хүү охиндоо зөв үлгэрлэж, цаг гаргадаг байсан бол охин энэ хямралыг зөв давж чадна. Эсэргээрээ үгүй бол асуудал гарах юм. Тиймээс эцэг, эхчүүд хүү охинтойгоо нээлттэй ярилцаж, ойр байвал хүүхдийн хүмүүжлийн суурь зөв тавигдаж, өсвөр насны хямралыг бага мэдэрч, хурдан даван туулж чадна.
-Хүмүүс энэ насны хүүхдүүдийг аливаа юманд донтоход амархан гэдэг. Тийм ч учраас компьютер, гар утас зэргээс аль болох хол байлгахыг хүсдэг. Тэрхүү донтох эрсдэл насны онцлогоос хамаарч байна уу. Эцэг, эхчүүдийн зүгээс хэрхэн туслах хэрэгтэй вэ?   
-Аав, ээжийн гаргадаг гол алдаа нь анзаарахгүй, тоохгүй явж байснаа хүүхэд асуудал үүсгээд ирэхээр уурлаж, дарамталсан байдлаар харилцдаг явдал юм. Хүүхдийн суурь хүмүүжил буруу тавигдсан нөхцөлд хүүхдэд нөлөөлөхөд хүндрэлтэй л дээ. Гэвч асуудал үүссэн үед нь загнаж, буруутгалгүй ярилцах, хамтаа шийдэх гэж оролдох нь хамгийн зөв гарц. Даанч аав, ээжүүд өөрийн буруу гэж хүлээн зөвшөөрөхгүй бие биерүүгээ чихэж, асуудлаас зугтдаг. Аав, ээжийн анхаарал бага байсан үед хүүхдэд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрөгдөх, ганцаардлаа даван гарах хэрэгцээгээ хангахын тулд нэг зүйлд автаж эхэлдэг юм. Гар утас, тоглоомд донтоод байгааг нь аав, ээж харахаас биш яг юу үзээд, хийгээд байгааг ажигладаггүй. Гэтэл хүүхэд утас, компьютерын тоглоом, нийгмийн сүлжээнд донтохоос гадна давхар хамааралтай болсон байх тал бий. Үүнийг хүүхэд насны онцлог, зан төлөвөө бүрэлдүүлэхийн тулд аливаа зүйлийг сонирхож үзэж буй зүйл гэж ойлгож болох ч, бэлгийн буруу хэвшилд автах тал бий. Тиймээс л хүүхдэдээ сайн анхаарал тавих юм бол хүүхэд ямар нэг асуудалд орсон ч түүнээсээ хурдан гарч чадна. Харин анхаарал бага тавьж байсан бол энэ нь тухайн хүүхдийн хувьд ихээхэн эрсдэл болоод явчихдаг. Тэгэхээр хүүхдээ эрсдэл багатай байлгая гэвэл багаас нь л хайрлаж, сонсож байх нь чухал. Гэхдээ хайр хэтэрдэг тал байгааг энэ далимд бас сануулая.
-Энэ насны хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох эрсдэлийг бууруулахын тулд эцэг, эхчүүдэд л анхаарал халамжаа сайн тавих ёстой хэдий ч улсын хэмжээнд хүүхдүүдийг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх, сэтгэл зүйн гутралаас хамгаалах ямар ажил хийх хэрэгтэй гэж бодож байна вэ. Жишээлбэл, архи, тамхины сурталчилгаа хориглох, насны ангиллаар кино үздэг байх, цахим орчны гадуурхалтад өртөхөөс сэргийлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй санагддаг?
-Нэг айлд асуудал үүсэхэд тэр айлын асуудал эсвэл манай асуудал гэж үзэж болохгүй. Тэр айлын хүүхэд таны хүүхдийн ирээдүйн хань ижил байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр улс орны шийдвэр гаргах түвшний хүмүүсийн сэтгэл зүйн мэдлэг дутмаг байна гэж би хардаг. Тиймээс өсвөр насны хүүхдэд анхаардаг зүйл бараг алга. Хэдэн ТББ, сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүс л энэ чиглэлд анхаарч байна. Улс ийм хүмүүсийг дэмжээд, хамтарч ажиллах юм бол бид олон эрсдлээс хүүхдийг хамгаалах боломжтой. Ажиллаад байгаа хэд нь хүч хүрэлцэхгүй тодорхой хэсэгт л анхаарч байна. Мөн насны хязгаар заагт тохирсон бүхий л зүйлийн талаар томчуудын мэдлэг хомс байна шүү дээ. Тэгэхээр улс, иргэд, мэргэжлийн байгууллага нь хамтрах  л хэрэгтэй байгаа юм. Үгүй бол бид дангаараа үнэндээ хүч хүрэхгүй байна. Бид юм яриад өвсөнд хаясан зүү шиг л байна. Гэхдээ бид хичээж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн