Open iToim app
Зочин | 3 мин уншина

Л.Мөнхтүшиг: Хятадын Элчин сайдын яамны виз мэдүүлэх дугаарыг дамлан зарсан зөрчил илэрсэн

Л.Мөнхтүшиг: Хятадын Элчин сайдын яамны виз мэдүүлэх дугаарыг дамлан зарсан зөрчил илэрсэн
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 24
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор БНХАУ-д сурдаг аюутнууд Хятадын Элчин сайдын яамд виз мэдүүлж, маш их оочер үүсээд байгаа билээ. Иргэдээс Хятадын Элчин сайдын яамыг бага цагаар материал хүлээн авч байна гэсэн шүүмжлэл ихээр ирэх болжээ. Энэ тал дээр манай Гадаад харилцааны яамнаас хэрхэн ажиллаж байгаа болон Тайваньд усанд живж нас барсан Монгол Улсын иргэний талаар Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.
-Хичээл, сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа иргэд олон хоног оочерлож байгаа. Танай яамнаас энэ оргил ачааллын үед ажлын цаг, ажилчдын тоогоо нэмэгдүүлэх талаар  Хятадын Элчин сайдын яамныхантай яриа хэлэлцээр хийсэн үү?
-Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 10 мянган гаруй монгол оюутан суралцаж байна. Жил ирэх тусам Хятадад суралцах хүсэлтэй оюутны тоо нэмэгдэж байгаа. Бид иргэдийг аль болох эрт, сургуулиасаа урилгаа авсны дараа л Элчин сайдын яаманд хандаарай гэж урьдчилж зөвлөж байсан. Гэхдээ үүнээс гадна наймдугаар сар гарангуут манай яамны зүгээс БНХАУ-ын Консулын газрынхантай уулзаад иргэдэд чирэгдэл болохгүй, шуурхай үйлчлэх тал дээр дэмжлэг хүссэн. Одоо ч гэсэн байнга холбоотой ажиллаж байна. Хятадын Элчин сайдын яамнаас өөрийн албан ёсны вэб сайт болон сошиалаар энэ талаарх мэдээллийг түгээсэн байна лээ. Энэ мэдээлэлтэй иргэд сайн танилцаарай гэж хэлмээр байна. Нөгөө талаар үүсээд байгаа оочертой холбоотойгоор хэд хэдэн зөрчил гарсан. Тодруулбал, зөвхөн БНХАУ-д сурдаг оюутнууд оочерлоод байгаа асуудал байхгүй. Оюутнууд оочерлоод визээ мэдүүлэх гэж байхад дунд нь суралцах зорилгогүй хүмүүс хиймэл оочер үүсгэж байсан. Хятадын Элчин сайдын яамнаас тарааж байгаа дугаарыг аваад иргэдэд цааш нь дамлан зарж байгаа зөрчил илэрсэн. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтраад цагдаагийн эргүүлгийг байнга ажиллуулж байгаа. Энгийн болон цагдаагийн хувцастай эргүүл байнга ажиллаж байгаа.
-Хятадын Элчин сайдын яам цөөхөн цаг материал авч байна. Ачаалал ихтэй байгаа үед ажлын цагаа нэмэгдүүлэх боломж байхгүй юм уу гэсэн гомдол иргэдээс их гарч байгаа шүү дээ?
-Хятадын Элчин сайдын яам 9.00-12.00 цагийн хооронд л материал авч байна гэсэн асуудал байгаа. Хятадын Элчин сайдын яам даваа, лхагва, баасан гаригуудад 9.00-12.00 цагийн хооронд материал авдаг байсан бол өнөөдөр 15.00 өнгөртөл материал авч байгаа. Зөвхөн Хятадын Элчин сайдын яам гэлтгүй аливаа визний материал аваад боловсруулаад, виз олгох хугацаа шаардлагатай. Тиймээс материал авсны дараа Элчин сайдын яамны ажилчид орой хүртэл ажиллаж байгаа.
-Тайваньд Монгол Улсын иргэн усанд живж нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөөч. Ямар шалтгаанаар ийм харамсалтай хэрэг болсон бэ?
-Наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн Тайваньд усанд живж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Улаанбаатар дахь Тайванийн төлөөлөгчийн газраас манай Консулын асуудал хариуцсан ажилтан газар дээр нь очиж ажилласан. Ар гэрийнхэн нь ч мөн очсон байгаа. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг Гадаад харилцааны яам иргэнээ тоохгүй байна гэсэн мэдээлэл үндэслэлгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Ар гэрийнхнийг нь манай Консулын газрын ажилчид тосч авсан. Ар гэрийнхэн нь төлбөрийн чадваргүй гэсэн учраас бид чандарлах 2000-3000 мянган ам.долларын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Мөн чандрыг нь Монгол Улсад тээвэрлэн авчрахад туслалцаа үзүүлээд ажиллаж байна.
-Тухайн хүн Тайваньд юу хийдэг байсан юм бол?
-Нас барсан иргэний эхнэр нь Тайваньд сурдаг байсан. Эхнэртэйгээ хамт амарч байх хугацаандаа ус ихтэй газар орж усанд живж нас барсан байсан.
-Ер нь БНХАУ-д сурч, амьдарч байгаа манай улсын иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байгаа гэдэг. Сүүлийн үеийн мэдээллээр энэ тоо баримт хэдэд хүрсэн бол. Ялтан солилцох замаар хичээн хүнийг авирахаар байгаа вэ?
-Он гарснаар 2018 оны наймдугаар сарын 8-ны байдлаар гадаадад 255 орчим иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдчихоод байна. Эдний дийлэнх нь БНХАУ-д хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна. Мэдээж тухайн улсын хууль тогтоомжийг зөрчсөн учраас хэргийг шалгахад тодорхой хугацаа ордог. Ялтан шилжүүлэх бол тусдаа асуудал. Хэрвээ тухайн иргэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод шүүхээс ял эдлэх шийдвэр гарсан тохиолдолд хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ гэж байдаг. Гэхдээ энэ гэрээний тодорхой нөхцөлийг хангасан хүмүүсийг Монголд шилжүүлэж авах асуудал байдаг. Энэ онд 4-5 иргэн авахаар тохиролцоод байгаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн