Туркийн Эрүүл мэндийн яамны харъяа Дарижа Фараби Эрдэм шинжилгээ судалгааны эмнэлгийн дотрын эмч, хепатологич, хоол боловсруулах эрхтний дурангийн эмчилгээний нарийн мэргэжлийн эмч Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Тэрээр Турк улсад 20 гаруй жил амьдарч, 2014 оноос нарийн мэргэжлийн эмчээр ажиллаж байгаа юм.
-Тантай эрүүл, зөв хооллолтын талаар түлхүү ярилцъя гэж бодож байна. Юуны өмнө Монгол Улсын хүн амын дунд дахь өвчлөлийн нөхцөл байдал гадна талаасаа ямархуу харагдаж байгаа талаарх таны бодлыг сонсмоор байна?
-2020 онд Үндэсний статистикийн газраас гаргасан Монголчуудын дундаж наслалт, үхэлд хүргэж байгаа өвчлөлийн талаархи судалгааг харсан. Монгол эрэгтэй хүн эмэгтэйгээсээ 9.5 жилээр бага насалж байна. Улсын хэмжээнд эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт 66.7 байхад, эмэгтэй хүний дундаж наслалт 76.2 байна гэжээ. Үхэлд хүргэж буй гол өвчлөл нь хорт хавдар, зүрх судасны өвчлөл эзэлсэн байсан. Ерөнхийдөө монголчуудын дунд амьсгалын замын болон хоол боловсруулах замын өвчлөл зонхилж байна. Хоол боловсруулах тогтолцооны өвчлөл нь ходоодны шарх, цөсний чулуу, элэгний өөхлөлтөөс эхлээд хавдар үүсэх аюулыг дагуулдаг. Өнөөдөр монголчуудын дунд элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгд, дараа нь ходоод, улаан хоолойн хавдар өндөр түвшинд байна. Эдгээр нь бүгд хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл. Өөрөөр хэлбэл, монголчуудын хооллолт асуудалтай, амьдралын хэв маяг буруу байна, хавдрын өвчлөл хүн амыг үхэлд хүргэж байна шүү гэдгийг дэлхийн анхааруулж байна. Дотор эд эрхтний эмч хүний хувьд өөрийнхөө чадах хэмжээнд энэ бүхнийг өөрчлөх юмсан, энэ чиглэлд зөвлөгөө мэдээлэл өгье гэж их боддог болсон. Энэ ярилцлага маань ч үүний нэг хэсэг гэж бодож байна. Хорт хавдар бол хоол боловсруулах замын өвчин. Хүний суурь өвчин амьдралын хэв маягтай шууд холбоотой байдаг. Амьдралын хэв маяг гэдэгт юу идэж уудаг вэ, ямар хорт бодис хэрэглэдэг вэ, хөдөлгөөн хэр хийдэг вэ, стресст ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ зэрэг багтана. Хамгийн чухал нь хоол боловсруулах систем буюу хооллолтод анхаарал хандуулах ёстой.
-Ер нь эрүүл зөв хооллолт гэж яг юуг хэлэх вэ. Өдөрт шим тэжээлтэй хүнсээр гурван удаа хооллохыг эрүүл хооллолт гэх юм уу...?
-Суурь өвчин бол буруу хооллолттой шууд холбоотой. Суурь өвчнөөс шалтгаалсан хавдрын өвчин мөн л хоолтой холбоотой. Тэгэхээр эрүүл хоол гэдгийг мэдэхгүйгээр суурь өвчин болон хавдраас хамгаалах боломжгүй. Өдөр тутмын амьдралдаа эрүүл хоол гэж юу вэ гэдгээ мэдээд эхэлбэл өвчнөөс, хавдраас хамгаалах боломжтой. Эрүүл хооллохын тулд хүнсний эрүүл ахуй хамгийн чухал юм.
Эрүүл хооллолтын бүтээгдэхүүн нь макро, микро шим тэжээл агуулсан байх ёстой. Макро гэдэгт уураг, өөх тос, нүүрс ус багтана. Микро гэдэг нь дотор нь агуулагдаж байгаа амин дэм, эрдэс бодисыг хэлнэ. Эдгээрийг тэнцвэртэй агуулсан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэвэл эрүүл хооллолт болно. Нүүрс ус, өөх тос нь нэмэгдээд байвал энэ эрүүл хооллолт биш. Жишээ нь, цагаан гурил харахад нүүрс ус ихтэй хэрнээ микро шим тэжээл буюу амин дэм, эрдэс бодис, ислэг огт байхгүй. Нэг үгээр бол цагаан гурилд биед хэрэгтэй шим тэжээлийн бодис байдаггүй. Хэт боловсруулсан, хүний биед маш муу бүтээгдэхүүн. Хүнсний бодисыг хэрэглэхдээ хамгийн эхлээд тухайн бүтээгдэхүүн хэт боловсруулан байна уу, үгүй юү гэдгийг харна. Хэт боловсруулна гэдэг нь байгаль дээр өөрөөрөө ургадаггүй, хүний гар, машин техникийн оролцоотойгоор гарган авсан бүтээгдэхүүнийг хэлнэ. Үүнд, цагаан гурил орно. Дэлхий дээр цагаан гурил гэж органик хүнс байхгүй. Хэдий арвайг байгаль дээр ургуулан гарган авдаг ч цагаан гурил болгохдоо арвайн хальсыг задалж, зөөлөн эдээс салган дотор нь байгаа үрийг няцалж наалданхай цагаан будагч бодис хийж гаргаж авдаг. Энэ нь огт байгалийн цэвэр бүтээгдэхүүн биш, хэт үйлдвэржсэн хүнс. Тэгэхээр цагаан гурилаас аль болох татгалз.
Хоёрт, бид гол хүнсээ мах гэдэг. Хамгийн гол нь таны хүнсэнд хэрэглэх мах юуны мах бэ, яаж гаргаж авсан бэ гэдэг нь эрүүл ахуйн хувьд чухал. Малаа намар тарган байхад нядлаад, хавар зарж байгаа юм уу, эсвэл хөлдөөгчинд олон жил дарсан мах уу, хэзээ нядлаад, ямар газар хадгалаад таны гар дээр ирж байна вэ, нядалгаанаас өмнө тухайн мал эрүүл байсан уу, хавар төрсөн тугалыг хурдан томруулах гээд бяруу болтол нь химийн бодисоор тэжээж байгаад нядалгаанд өгсөн үү зэргийг үнэндээ бид мэдэхгүй шүү дээ. Харахад л мах. Гэхдээ юуны мах вэ, ямар аргаар нядлав, өвчилж байсан уу гэдэг нь хамгийн чухал.
Гуравт, жимс ногоо мөн адил. Өнөөдөр нарийн ногооны дийлэнх нь урд хөршөөс орж ирдэг. Хятадууд хэзээ, ямар аргаар, яаж ургуулсан бэ, шавьж, хорхойноос хамгаалсан хорт бодисын хэмжээ нь стандартад нийцэж чадаж байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Ер нь амандаа хийх гэж байгаа юм бүрээ байгальд байдаг зүйл мөн үү, биш үү, хэт боловсруулсан бүтээгдэхүүн байх вий, химийн бодис агуулж байх вий гэдгийг хамгийн тэргүүнд мэдэж байх ёстой. Үүнийг мэдэхгүйгээр эрүүл урт удаан наслах, сайхан амьдралын талаар ярих боломжгүй.
-Тэгэхээр байгаль дээр ургадаг, дахин боловсруулалт хийгдээгүй л бол эрүүл хүнс гэж ойлгож болох уу?
-Эрүүл хоол хүнсний бүтээгдэхүүн нь байгалиараа, ямар нэгэн дамжлага дамжаагүй, боловсруулалтад ороогүй зүйлийг хэлнэ. Байгаль дээр хайрцаглаж, савласан боловсруулсан бүтээгдэхүүн байдаггүй, тэгж урагадагүй нь тодорхой шүү дээ. Тэгэхээр боловсруулсан, хайрцаг савлагаатай л бол хортой бөгөөд хоол шим тэжээлийн бүтээгдэхүүн биш. Ер нь дэлхий нийтээр эрүүл хоол хүнсэнд хэт боловсруулсан хүнс багтдаггүй. Хэт боловсруулсан гэдэгт цагаан гурил, чихэр, сахар, давс орно. Монголчууд хэт боловсруулсан буюу цагаан давсны өндөр хэрэглээтэй. Давсны хэт их хэрэглээ нь зүрх судас, цусны даралт ихсэх өвчнийг дагуулна. Элсэн чихрийн өндөр хэрэглээ нь дотор эрхтний гэмтэл, үрэвсэл, таргалалт үүсэхэд нөлөөлнө. Химийн бодис агуулсан бүтээгдэхүүн хорт хавдар дагуулна. Тэгэхээр аливаа хүнсийг байгаль дээрх хэлбэр дүрсээрээ биш л бол идэж болохгүй хүнс л гэж ойлго. Жишээ нь, алим байгаль дээр ургадаг. Хэчнээн өөрчиллөө гэхэд бүрхүүл дээр нь шавьжнаас хамгаалсан бодис л шүршинэ. Тиймээс бүрхүүлийг нь сайтар цэвэрлэж хэрэглэ, түүнээс биш, алиманд хорт бодис шахна гэсэн зүйл байхгүй. Харин алимны хатаамал, алимны жүүс гээд ирэхээр хэт боловсруулж, байгалийн шинж чанар нь алдагддаг. Амт оруулаад, хэт их чихэртэй, сахар шахсан ус болчихдог. Энэ чинь л жинхэнэ хор шүү дээ.
-Таны яриаг сонсохоор яг монголчуудын хооллолтын эсрэг байгаад байна л даа. Нийт ард түмний дийлэнх олонхи нь цагаан гурил, мах, цагаан будаа, сахар, давсаа өдөр тутамдаа хэрэглэж байна шүү дээ?
-Хамгийн гол нь сая ярьсан холбоог зөв ойлгох хэрэгтэй. “За, ганц удаа цуйван идчихвэл үхчихвэл л гэж дээ” гэж боддог, ярьдаг. Гэтэл суурь өвчин, хавдар чинь өнөөдөр гэнэт үүсчихдэг зүйл биш. Таваас арван жил ужиг шинж тэмдэг илэрч, 10-20 жилийн дараа эргээд амь насанд заналхийлж эхэлнэ. Өнөөдөр эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмч нар нь хооллолтын зөвлөгөө өгч чадахгүй, хэдийнэ өвдчихсөн, өвчилсөн хүмүүсээ үзээд, өндийх завгүй болж байна. Хангалттай мэдээлэлгүй учраас хүн бүр л дуртай зүйлээ идэж, ууж байна. Гэртээ ирээд телевизээ үзэхэд дандаа хортой, боловсруулсан бүтээгдэхүүний сурталчилгаа явна. Кола, пицца, шарсан тахиа, савласан хүнс сурталчилж байна. Алимны сурталчилгаа нэг ч байхгүй хэрнээ чихрээр бөмбөгдсөн жүүсний реклам маш их. Гэтэл эдгээр нь эрүүл хүнс огт биш. Эрүүл хүнсээ шаардах эрх ард түмэнд бий. Шаардахын тулд тодорхой хэмжээний эрүүл мэндийн мэдлэгтэй байх ёстой. Химийн найрлагатай, хүүхдэд хамаарал үүсгэх, боловсруулсан бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хязгаарлалт тавьж, улс нь өндөр татвар тавих хэрэгтэй. Энэ бол нийтийн сайн сайхан, нийгмийн эрүүл мэндийн асуудал шүү дээ. Эрүүл, зөв хоолны талаар зөв мэдээлэл өгөөгүйгээс өнөөдөр 30 насандаа хавдартай болоод эмнэлэгт ирж байна. Үүний суурь нь нийгмийн эрүүл мэндийн асуудал. Харамсалтай нь энэ асуудал хэний гарт байгаа, хэн анхаарал тавьж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээж байгаа нь тодорхойгүй.
-Дэлхийн олон оронд хоол хүнсэндээ зөвхөн органик бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдгийг эрүүл мэндийн хуульдаа тусгасан байдаг гэж сонссон. Энэ нь хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бодлого байх л даа?
-Тийм ээ. Герман зэрэг өндөр хөгжсөн улсад гаднаас жимс, нарийн ногоо, бүтээгдэхүүн импортлохдоо хамгийн түрүүнд химийн бодисыг нь шинжилдэг. Хэрвээ байх ёстой хэмжээнээс өндөр байвал улс руугаа оруулдаггүй, хүн амдаа хэрэглэхийг зөвлөдөггүй. Энэ нь бол ард иргэдээ өвчлөлөөс, хавдраас сэргийлж байгаа хэрэг. Хууль эрх зүйн орчин нь тодорхой, иргэд олон нийт нь мэдлэгтэй учраас төр засагтаа шаардлага тавьж, шаардаж ажилладаг.
Монголд өнөөдөр “Хашаандаа сайхан амьдаръя” гээд 300 гаруй мянган хүн нэгдээд сайхан санаачилгыг гаргаж байна. Ковидын нөхцөл байдлаас хамаараад нүд нь нээгдэж байна шүү дээ. Хашаандаа амьдрах чинь ийм сайхан юм уу, ямар их эрх чөлөө вэ, хашаандаа жимс, ногоогоо тариад сайхан амьдаръя гээд яриад эхэллээ. Энэ маш зөв шүү дээ. Өнөөдөр хятадууд хилээ хаачихаар монголчууд идэх нарийн ногоогүй, өндөггүй болчихоод байна. Одоо алийн болгон хүнээс хараат байх уу, өөрсдөө таръя гээд хөдөлж байна. Энэ 300 мянган хүн зөв, эрүүл хоол хүнс хэрэглээд сурчихвал бид 10 жилийн дараа хорт хавдраар үхэх эрсдэлийг бодитой багасгаж чадна.
-Та энэхүү яриагаар монголчуудыг цуйван идэхийг хориглоогүй, гол нь цуйванд орж байгаа орц, шим тэжээлээ мэддэг болчихоо л гэдгийг зөвлөж байна гэж ойлголоо, зөв үү?
-Яг зөв. Хорт хавдар, улаан хоолой болон ходоодны шархтай, үрэвсэлтэй, элэг нь өөхөлсөн байлаа ч гэсэн амьдралынхаа хэв маягийг зөв гольдролд оруулбал дахин өвчлөл үүсгэхгүй, эдгээх боломжтой. Биеэ эрүүл байлгах нь тухайн хүний ухамсар, амьдралын хэв маягтай холбоотой. Элэг, ходоод, улаан хоолойг өвчнөөр өвдөж, хавдраар нас барах нь хүний хувь заяа биш. Хүн зөв мэдээлэлтэй, зөв амьдралын хэв маягаа олбол ямар нэгэн дэглэм барихгүйгээр, хэн нэгэнд мөнгө төлөхгүйгээр эрүүл амьдрах бүрэн боломжтой.
Элэг нь өөхөлж, үрэвссэн байна гэдэг шинжилгээний хариу гарсны дараа зарим хүн хамаг мөнгөө элэг цэвэрлэдэг, угаадаг, дэглэм бариулдаг газарт /хүнд/ бариад туучихдаг. Нэг ёсондоо богино хугацааны нүд хуурсан зүйлд хамаг мөнгөө өгөөд сэтгэлээ тайвшруулдаг. Энэ бол маш буруу. Тухайн үедээ л танд сэтгэл ханамж өгөөд л байхгүй болно. Үүнийхээ оронд би яагаад элэгний өвчлөлтэй болчихов оо, надаас хамаарах зүйл юу байна, цаашдаа яавал өөрийгөө эрүүл байлгах уу, юу хийж чадах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Хувь хүний эрүүл мэндийн боловсрол, өөрөө өөрийгөө хамгаалах хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлахгүй байж бусдад хамаг мөнгөө өгөөд эрүүл болно гэж хаана ч байхгүй.
Гаднын олон улсад хувь хүн өөрийнхөө эрүүл мэнд, эрүүл байх эрхээ хариуцдаг учраас бүгд гүйдэг, алхдаг, дугуй унаж, эрүүл жингээ барьж, зөв хооллодог. Өвдөөгүй байхдаа эрүүл мэндээ хамгаалж, жил бүр бие нь эрүүл байна уу гэдгээ шалгуулдаг. Эмнэлгээсээ “намайг шалга” гэж шаарддаг. Гэтэл манайд эсрэгээрээ өвдөхөөсөө өмнө биш, өвдсөн хойноо ирж, цаг алддаг.
Өнөөдөр наад захын эрүүл мэндийн мэдлэгтэй болох нь чухал байна. Жишээ нь, бэлхүүсний хэмжээгээ мэдэж байгаа хүн хэд байна вэ. Хүний бэлхүүсний хэмжээ дотор эрхтэн ямар байгааг илэрхийлдэг. Дотоод эд эрхтэн өөхлөөд эхэлбэл хэвийн бэлхүүсний хэмжээ өөрчлөгддөг. Европын орнуудад эрэгтэй хүн 95, эмэгтэйчүүд 85 см-ээс дээш байвал шууд дотор өөхлөлт, суурь өвчлөл ядагдаж байна гэж үздэг. Таны өндөр 160 см байлаа гэж бодоход таны жин 60 кг-аас дээшээ, доошоо гурван кг-ын хэлбэлзэлтэй байвал эрүүл. Түүнээс биш, ихдээд ирвэл өөртөө, хооллолтдоо анхаарах хэрэгтэй.
-Монголчуудын дунд үхэлд хүргэж байгаа гол өвчлөлд зүрх судасны өвчин багтдаг. Зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй тулд хооллолт дээрээ хэрхэн анхаарч, зөв хэв маягийг бүрдүүлэх вэ?
-Зүрх судасны өвчин холестерол буюу амьтны гаралтай өөх тос хэт их хэрэглэсэнтэй шууд холбоотой. Хэт их гэж юуг хэлээд байна вэ гэхээр өдөрт 30 граммаас илүү өөх, тос хэрэглэхийг хэлж байгаа юм. 100 грамм мах хэрэглэхэд өөх тос, холестеролын хэмжээ 30 граммаас давсан байдаг. Дээр нь үнээ, хонины сүүгээр хийсэн бяслаг, зөөхий, өрөм, таргаа ууна. Энэ бүгдийг зэрэг хэрэглээд байвал зохистой хэмжээ чинь даваад явчихдаг. Үүнийгээ мэдэхгүй нуугдмал холестрен маш их байна. Цөцгий, шар тос, наранцэцгийн тос, транс тос гээд хайрсан хуурсан бүх зүйлд өөх тос бага багаар орж байна. Ингэж мэдэгдэхгүйгээр таны амьсгалд, биед шингэдэг муу зүйлсээс сэргийлдэг байх хэрэгтэй.
Сүүлийн үед огт тос хэрэглэдэггүй, ган тогоо, сав суулга гарсан байна. Зөв амьдрахын тулд хүнснээс гадна хэрэглэж байгаа сав суулгадаа ч анхаарах хэрэгтэй. Сав суулганы гаднахь бүрхүүл хоол хийх болгонд хууларч, түүнийг нь мэдэлгүй хоолтой хамт идээд байвал хэтдээ хавдар үүснэ. Сүүлийн үед химийн найрлагатай сав суулганаас хавдар үүсч байгаа судалгаанууд бий. Ийм зүйлээс аль болох зайлсхийж, хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Монгол Улсад ковидын нөхцөл байдал амаргүй, өдөрт илрэх тохиолдлын тоо өндөр байна. Таны байгаа газар нөхцөл байдал ямархуу байна вэ. Цар тахалтай амаргүй нөхцөл байдалд иргэн бүр өөрсдийгөө хамгаалах чиглэлд манай уншигчдад зөвлөгөө өгнө үү?
-Туркт ч халдварын нөхцөл байдал хүнд, гурав дахь давлагааны хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Өдөрт 65 мянган хүний ПГУ-ын шинжилгээний хариуэерэг гарч байна. Өнөөгийн нөхцөлд коронавирусээс сэргийлэх хоёрхон л арга байна. Халдвар хамгааллын дэглэмээ ягштал сайн барь. Хоёрт, вакцинаа хийлгэ. Өнөөдөр Монгол Улс вакцинаа хангалттай хэмжээгээр захиалж, эхнээсээ ирж байгаа гэж ойлгож байна. Харин иргэд маань вакцинаас зугтааж болохгүй, батлагдсан шинжлэх ухаанд итгэх хэрэгтэй. Одоогоор дэлхий дахинд коронавирусийн эсрэг батлагдсан эм гараагүй байна.
Нийт хүн амынхаа 65-аас дээш хувийг коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаар бүрэн дархлаажуулсны дараа бүгд максаа тайлах асуудал яригдана. Өнөөдөр “би вакцин тариулж, бүрэн дархлаатай боллоо” гээд маскаа тайлж болохгүй. Таны эргэн тойронд эрсдэл аль хэдийнэ үүссэн гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс вакцинжуулалт 65 хувиас дээш гараагүй л бол бүх хүн маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гарын ариун цэврээ сайтар сахиж, өөрийгөө байнга хамгаал. Өнөөдөр дэлхий дээр Изриаль улс л нийт хүн амынхаа 85 хувийг вакцинжуулж, маскаа тайлж байна. Энэ хэмжээнд хүрээгүй байж, эрт тайвширсны горыг Турк улс өнөөдөр амсч байна. Учир нь, Туркууд вакцинжуулалт 50 хувьтай байхад хөл хориогоо сулруулж, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудаа нээчихсэн. Гэтэл өнөөдөр халдварын тоогоо алдаж, маш хүнд байна. Эрт максаа тайлсны сөрөг үр дүнг биеэрээ туулж, харж байгаа учраас ард иргэд, шийдвэр гаргагчид үүнд илүү анхаараарай. Мэдээж иргэд маань дархлаагаа дэмжиж, шингэнээ сайн авч, жимс ногооны хэрэглээгээ нэмж, эрүүл хоол хүнс хэрэглээрэй гэж зөвлөе.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.