Манай улсад 103000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 27 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн заалт, хэрэгжүүлж байгаа бодлого бий. Мөн тогтвортой хөгжлийн зорилтын үзэл санаанд “Хөгжлийн гадна хэн ч үлдэх ёсгүй” гэсэн байдаг. Гэвч нийгмийн хөгжлийн гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөлмөр эрхлэхийн тулд ямар нэгэн байгууллагын хаалгыг тогшсон хэвээр байна. Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе уриан доор хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюуны бэрхшээлтэй иргэдийн хийсэн гар урлал, эсгий урлал, сүлжмэл зэргээр үзэсгэлэнг дэлгэжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны шилжилтийн хөтөлбөрийн зохицуулагч П.Мөнхчимэгтэй ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд ямар асуудал голчлон тулгамддаг вэ?
-“Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь нийгмийн хандлагыг өөрчлөх, оюуны бэрхшээлтэй залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь нээлттэй зах зээлд бус хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тухайлбал, гар урлал, эсгий урлал, шүрэн урлалын бүтээлүүд хийж байна. Оюуны бэрхшээлтэй иргэдийн нээлттэй хөдөлмөрийн зах зээлд ч адил хөдөлмөр эрхэлж чадна. Гэвч тэдэнд ажлын байрны тохируулга байдаггүй, ажлын байранд нь дадлагажуулдаггүй учраас нэг, хоёр сарын дараа ажлаасаа халдаг. Мөн бусад ажилтнууд нь сайн ойлгохгүй, цалинг нь багаар бодож олгох, маш бага цагаар хөдөлмөр эрхлэх, зарим байгууллага цалин мөнгө өгөхгүйгээр туршилтын хугацаагаар ажиллуулах зэрэг асуудлуудтай тулгардаг. Япон улсын хувьд гэвэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуулчлаад, дараа нь тухайн ажилд нь дадлагажуулдаг баг байна. Харин Монголд ажлын байранд нь дадлагажуулах хүн алга.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн зохицуулалт ямар байдаг вэ?
-“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” зэрэг хуульд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай сайтар тусгаж өгсөн байдаг. Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувиараа хөдөлмөр эрхлэн, тухайн бүтээгдэхүүнээ зарж борлуулна гэвэл худалдаалах талбайн түрээсийг өгч байна. Мөн эргэн буцаан төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгүүдийг олгодог. Гэхдээ хүртээмжийн хувьд тийм ч хангалттай биш.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэлтэд юуг анхаарах ёстой вэ?
-Тэргэнцэртэй хүн ажилд орох гээд очиход тухайн байгууллагын үүдэнд налуу зам байхгүй бол тэр хүн орж чадахгүй. Гэтэл оюуны бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэхэд налуу зам хэрэгтэй юу. Тиймээс ажлын байрны орчны бүрдүүлэлтийг сайн хийж өгөх хэрэгтэй. Нөгөө талаасаа нийгэм маань хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхлэх ёсгүй юм шиг, өвчтэй гээд гэртээ л байх ёстой юм шиг хүлээж авдаг. “Энэ өвчтэй байж гэртээ л байж байхгүй, яагаад хөдөлмөр эрхэлж байгаа юм бол” зэргээр тухайн хүний чадварыг мэдэхгүй байж гадна талаас нь үнэлдэг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний сэтгэл зүйд ихээхэн дарамт болж үүсдэг. Жишээлбэл, оюуны бэрхшээлтэй хүүхэд маань хувийн байгууллагад үйлчлэгчээр ажилд орсон юм. Ширээгээ арчиж байхдаа нэг үйлчлүүлэгчийнхээ хувцсан дээр санаандгүй кофе асгачихсан. Тэгээд уучлалт гуйсан боловч тухайн үйлчлүүлэгч нь оюуны бэрхшээлтэй хүний тухай сайн мэдэхгүй учраас нэлээд эвгүй харьцсан гэсэн. Түүнээс болоод ажлаасаа гарсан.
-Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд ямар давуу талтай байдаг вэ?
-Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ямар ч ажлыг үнэнч шударгаар хийдэг. Худлаа, ярьж, хулгай хийхгүй, хэн нэгнийг санаатайгаар гүтгэж доромжилсон зэрэг үйлдэл ерөөсөө гаргахгүй. Мөн хийж байгаа ажилдаа маш тууштай. Аутизмтай хүүхдийн чадвар бол уншиж, бичих эсвэл хэлний чадвар нь сайн байдаг гэх мэт өөр өөрсдийн давуу талтай.

-Япон улсын Палетте ашгийн бус байгууллагын дарга Сома Хироаки: Хөгжлийн бэрхшээл иргэд нь дотроо их олон янз. “Шууд хараад хөгжлийн бэрхшээлтэй юм байна” гээд ойлгогдохоор хүн байдаг бол оюуны бэрхшээлтэй хүнийг шууд хараад хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэдэх хэцүү. Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхах, тэдний тухай өрөөсгөл ойлголт байхгүй учраас шууд очоод тусалдаг. Харин Монголд болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс айдаг ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн өнцгөөр хараад шууд очоод тусалж чаддаггүй. Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хөдөлмөр эрхлэхэд, цалин нь бага байдаг, бусад ялгаварлан гадуурхалт, хамт олон, нийгэм нь ойлгохгүй байна гэсэн зүйл төдийлөн байхгүй. Монголын хувьд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ийм зүйл хийж болохгүй гэж томьёолохоосоо өмнө янз бүрийн орчинд хөдөлмөр эрхлүүлж, туршиж үзэх хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх нь тухайн хүүхдийг хөдөлмөр эрхэлж чадахгүй гэж боддог. Тэр бодлоо өөрчлөх ёстой. Монгол улс хуулиндаа тухайн байгууллагын нийт ажилчдын 4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэж тусгасан байдаг. Харин Японд бол тухайн байгууллагын 2 хувь нь гэдэг. Хуулиа хэрэгжүүлээгүй албан байгууллагаас татвар авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагааг дэмжих бодлого явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн нэг газар ороод урт хугацаагаар ажиллана гэдэг нь их хэцүү. Тиймээс тухайн хүний сэтгэл санааг нь дэмжиж, ажиллах сэтгэл зүйч ажиллуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд, тусалж ажиллах, сэтгэл зүйч байдаг гэсэн үг.



