Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Д.Батзаяа: Улс нь иргэнээ хууль бус үйлдэл хийхэд бүү хүргээч гэж гуйя

Д.Батзаяа: Улс нь иргэнээ хууль бус үйлдэл хийхэд бүү хүргээч гэж гуйя
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 24
Аутизм оноштой бага насны хүүхдүүдийн эмгэгийн эсрэг эм Монгол Улсад байдаггүйн улмаас өвдөлтдөө шаналж, өдөр хоногийг элээсээр хорвоог орхисон харамсалтай түүх олон бий. Энэ бол аутизм бус 11 төрлийн / ADHD анхаарал дутмаг хэт хөдөлгөөний эмгэг, Аутизм, Дауны хам шинж, Оюун ухааны бэрхшээл, Сонсголын бэрхшээл, Сурах бэрхшээл, Харааны бэрхшээл, Хэл ярианы бэрхшээл, Тархины саажилт, Тулах, хөдлөх эрхтний бэрхшээл, Эпилелси/  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамжаас илүүтэй тулгамддаг асуудал бол эм хомстол аж.  Яг  ийм эм хомсдлын асуудал иргэн Д.Батзаяад тулгамджээ. Тэрээр тулгамдаж буй асуудлыг ярьж, гарц шийдлийг хайхаар Шадар сайдын уулзалтад ирсэн байв.
Иргэн Д.Батзаяа 2005 онд санамсаргүй ослын улмаас бэртэл авч уналт, таталт өгдөг болжээ. Энэ цагаас хойш эмчийн хяналтад орж, Монгол Улсад байхгүй өөрийн эмгэгт таарсан эмийг уух шаардлагатай болсон байна. Түүнтэй яг ижил оноштой иргэдэд өвчний шинж тэмдгээс нь хамаарч 30 төрлийн эмийн хэрэгцээ байдаг аж. Гэтэл үүний 10 хүрэхгүй нь Монгол Улсад борлуулагддаг байна. Харин үлдсэн 20 гаруй төрлийн эмийг уналт, таталт оноштой иргэд хууль бусаар Монголын хилээр оруулж, хэрэглэдэг тухайгаа нуулгүй ярьсан юм. Учир нь тэдний өвчнийг намдаах хүчтэй, эмгэгийг нь бууруулах нөлөөтэй эмийг Монгол Улсад зардаггүй бөгөөд зарахыг хориглодог. Ингэхдээ тус эмүүдийг /Монгол Улсад борлуулахыг зөвшөөрснөөс бусад/ импортлохыг хориглосон заалттай гэх.
Түүнтэй адил бэрхшээлтэй иргэд өвдөлтөө намдаахын тулд хууль бусаар эм оруулж ирж, хэрэглэхээс өөр сонголт байдаггүй. Харин энэ үйлдэл нь Эмийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчдөг бөгөөд Монгол Улсад оруулж ирэх зөвшөөрөлгүй эмийг импортолсон тохиолдолд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна.
Иргэн Д.Батзаяаг хувийн байгууллагад ажиллах гэхээр уналт, таталт өгдөг байдлаас нь төвөгшөөж ихэнхдээ ажиллуулахаас татгалзалдаг гэнэ. Энэ байдлаасаа болж хувийн болон улсын байгууллагад ажиллах боломжгүй тул өөртэйгөө адил бэрхшээл тулгардаг иргэдтэй нэгдэн “Элэгсэг оршихуй” ТББ-аа байгуулжээ. Эл төрийн бус байгууллага 760 гаруй гишүүнтэй. Тэд хамтдаа нэгдээд асуудалдаа гарц шийдэл олох байдлаар ажилладаг.
Энэ удаад Шадар сайд С.Амарсайханг өчигдөр /2022.05.23/ “11-11” төвд ажиллах үеэр  очиж уулзав.
Тэрээр “Эмийн дутагдал их байна. Бид хилээр хууль бус байдлаар хэрэгцээтэй эмээ оруулж ирж ууж байна. Бид хууль бус үйлдэл хиймээргүй байгаа ч өөр арга байхгүй байна. Хууль бус үйлдэл хийхгүй байх нөхцөлөөр хангаж өгөөч” гэж хүссэн юм.
Хариуд Шадар сайд С.Амарсайхан “МХЕГ болон Эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн газартай холбоотой байж асуудалдаа гарц эрэлхийлээрэй” гээд уг асуудлаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч, хариу өгөхийг даалгав.
Иргэн Д.Батзаяа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бид хууль бусаар эм оруулж ирмээргүй байна. Гэвч Монгол Улсад амьдрах, амьд байх нөхцөл нь биднийг ийм үйлдэл хийхэд хүргэж байна. Үүнд маш их эмзэглэдэг. Хөлөө хүрэх газруудад маш их явлаа. Бид нэн шаардлагатай эмээ авахын тулд дор хаяж 2-3 дахин өндөр үнэ төлж авдаг бөгөөд энэ байдалд төр оролцож, гарц шийдлийг олж өгөх хэрэгтэй. Бидний хэрэглэдэг эмийг Монгол Улсад зарах зөвшөөрлийг нь олгох шаардлагатай” гэдгийг дахин сануулсан юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн