Сурагчид Ерөнхий боловсролын сургуульд 12 жил суралцсаны үр дүнгээ харуулах элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) улсын зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд болно. 2018 оны ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна.
Нийт шалгуулагчдын хичээл сонголтоор нь ангилбал, математик-32235, нийгмийн тухай мэдлэг-28642, англи хэл-27866, монгол хэл-18319, физик-14781, хими-7969, биологи-7781, газарзүй-1838, монгол улсын түүх-1807, орос хэл-1154 байгаа бол нийт шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтыг бүгд өгөх шаардлагатай юм. Монгол хэл бичгийн шалгалт нь хариултын хэсэггүй ба шалгалтын дэвтэртэй ажиллахдаа Хөх өнгийн үзгэн бал ашиглах юм байна.
Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад орохдоо анхаарах дараахь зөвлөгөөг хүргэж байна.
1. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг маш сайн анхаарах хэрэгтэй.
2. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ухаалаг цаг, ном, дэвтэр, чихэвч зэрэг бусдад саад болохуйц, хууран мэхлэх зорилготой ямар нэгэн зүйл авч орохыг хориглоно. Шалгалтын байр руу орохоос өмнө металл илрүүлэгч ашиглан шалгуулагчдыг нэвтрүүлдэг тул та бусдад болон өөртөө хүндэтгэлтэй хандаарай.
3. Шалгуулагч шалгалтын үеэр бусдаас тусламж авах, бусдад туслах, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан тохиолдолд тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
4. Шалгалтад өөрийнхөө оронд бусдыг оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх дүн оноог хүчингүй болгоно.
5. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Мөн шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх ба түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэрэг материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Нэмж хэлэхэд хариултын хуудсыг бөглөхдөө зөвхөн нэг хариултыг сонгож цэвэрхэн гаргацтай тод будаарай. Хариултын хуудсыг дахиж олгох боломжгүй тул сайтар бодож хийсний дүнд хариултын хуудсаа бөглөхийг зөвлөе.