Нээлт | 2 мин уншина

Дижитал минимализм: Лайкны тоо шалгах нь шинэ төрлийн ‘тамхидалт’

Дижитал минимализм: Лайкны тоо шалгах нь шинэ төрлийн ‘тамхидалт’
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 7 сарын 28
Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Минимал хэв маягийг өөртөө дадал болгоно гэдгийг хүмүүс ихэнхдээ хувцас хэрэглэл, хоол хүнс, мөнгө санхүүтэй холбож ойлгох нь түгээмэл. Харин сүүлийн үед технологийн хэмжээ хязгаараа мэдэх  “Дижитал минимализм" гэх ойлголт гарах болсон. Гар утасгүйгээр гадагш гарч чаддаг хүн тун ховор болсон энэ цаг үед мэдээллээс хоцролгүйгээр, техник технологийн хөгжлийг өөртөө хамгийн ашигтайгаар хэрэглэхийн тулд дижитал минимализмийн аргыг ашиглах нь зохистой ажээ.
Өөрөөр хэлбэл, дижитал минимализм нь онлайнд өнгөрөөх цагаа үнэ цэнэтэй цөөхөн зүйлд төвлөрөн зарцуулах тухай технологийн философи юм. Харин дижитал минимализмд ач холбогдол багатай зүйлд маш их цаг зарцуулах, тэр дундаа лайкны тоо шалгах нь шинэ төрлийн “тамхидалт” гэж тодорхойлжээ.
Дижитал орчиндоо минималист амьдралын хэв маягийг авчирснаар анхаарал төвлөрөлт сайжрах, үр бүтээлтэй байх зэргээр амьдралын хэв маягт мэдэгдэхүйц эерэг үр дүн гарч чадна хэмээн “Дижитал минимализм” номын зохиолч Кал Ньюпорт дурдсан байдаг.
Дижитал минимализмын үндсэн зарчмуудтай танилцвал:
  1. Технологийн хэрэглээ нь дадал бус зорилгын хүрээнд хязгаарлагддаг байх учиртай.
  2. Технологи нь юмсыг хялбараар хийж бүтээхэд зориулагдсан болохоос таны сэтгэл мэдрэмжийг дээрдүүлэхэд зориулагдаагүй гэдгийг санах.
  3. Ямар ч технологийг хүнээс илүү үнэлж болохгүй.
Дижитал минимализмыг өөртөө хэвшүүлэх энгийн аргууд:
1. Дэлгэцэд зарцуулах хугацаагаа тооцож, багасгах
Сүүлийн үеийн андройд болон iOS утаснууд бүгд дэлгэцэн дээр өнгөрөөх цагийг хянах тохиргоотой болсон. Тухайн платформд хэдэн цаг зарцуулсныг таны утас тооцоолох бөгөөд таны сонгосон хязгаарт хүрсний дараагаар “лимит дууссан” дохиог ирүүлэх юм.
2. Файлуудаа цэгцлэх
Энэ нь шүүгээгээ цэгцлэхтэй л ижил. Хэрэггүй хувцсаа хаяна эсвэл хандивлана. Хэрэгцээгүй аппликейшн болон программуудаа устгаж байх хэрэгтэй. Мөн “Cloud storage” ашиглаж хэвшсэнээр төхөөрөмжид тань илүү их зай багтаамжтай байх болно.
3. Дадал хэвшил суулгах
Та маш ухаалаг дижитал хэрэглэгч болохын тулд дээрх хоёр шийдлийг амьдралынхаа хэвшил болгоход л хангалттай.
4. Унтахын өмнө утсаа хол тавих
Судлаачид аль болох утсаа  21.00 цаг гэхэд унтрааж байх эсвэл “airplane mode”-д тохируулахыг зөвлөдөг бөгөөд унтахын өмнө хол тавих нь эрүүл мэндийн хувьд ч ашигтай юм.
Статистик: Дижиталд шилжээд байгаа энэ үед дундаж насанд хүрсэн хүн өдөрт 80 гаруй удаа утсаа оролдож, 10 минут тутамд утасны дэлгэцээ шалгадаг байна.
Энэ бүхний эцсийн зорилго бол хэрэглээгээ хязгаарлах, аль болох байгаль орчинд ээлтэй амьдрах дадал зуршлыг өөртөө бий болгоход чиглэж байгаа юм.
Бэлтгэсэн: Б.Жаргалмаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн