Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Энгийн иргэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс авч болох онцлох 5 үйлчилгээ

Энгийн иргэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс авч болох онцлох 5 үйлчилгээ
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 18
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг цагдаа, онцгой байдал, хууль хяналтын байгууллага болон тэдний гэр бүлийнхэнд үйлчлэхээс гадна харьяалал биш буюу энгийн иргэд ч үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлсээр байгаа аж. Тиймээс энгийн иргэдэд зориулсан үйлчилгээнүүдийг танилцуулж байна.
undefined
1. Эрүүл мэндийг дэмжих төв: Урьдчилан сэргийлэх үзлэгийн уг төвөөр Мягмар, Пүрэв гаригт эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлүүлж болох юм. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хүсэлтэй хүн үзлэгт орох цаг, багцаа сонгож бэлтгэл байдлаа ханган өглөө юм идэхгүй ирж сорьц өгдөг байна. Сорьцоо цус, шээсний шинжилгээ хэлбэрээр өгнө. Дараа нь ясны сийрэгжилт, спирометрийн шинжилгээ өгнө. Спирометрийн төхөөрөмжөөр уушгины архаг  бөглөрөл, астма зэрэг уушгитай холбоотой өвчин эмгэгийг илрүүлдэг юм. Харин ясны сийрэгжилтийг тогтоох аппарат сийрэгжилтийн ямар төвшинд байгааг илрүүлдэг. Ингээд хараа, сонсголоо шалгуулж, рентген оношилгоонд ороод биеийн бүтэц тодорхойлох хэсэгт очно. Уг хэсэг нь өөх, тос, булчингийн масс, бие дэх усны эзлэх хувь хэмжээ, таргалалт, биологийн нас зэргийг тодорхойлно. Үүний дараа зүрхний бичлэгт орж, эход харуулснаар бүтэн биеийн урьдчилан сэргийлэх цогц үйлчилгээг авч байгаа юм. Нэг зүйлийг анхааруулахад насны ангиллаас хамааран оношлуулах чиглэл өөр өөр байдаг аж. Бүх оношилгоо, шинжилгээ өгч дууссан бол хариу гарсны дараа нарийн мэргэжлийн эмч зөвлөгөө мэдээлэл өгдөг төдийгүй хүнд өвчтөн телемедициний  төвөөр Солонгос улсын Кошин их сургуулийн дэргэдэх  эмнэлэгтэй онлайнаар холбогдон зөвлөгөө авах боломжтой юм байна.
2. Нойрны төв: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй албан хаагчдын сүүлийн хоёр жилийн хугацааны түүхэнд мэдрэлийн өвчлөл их байгаа учраас Нойрны төв байгуулжээ. Нойрны төв гэхээр унтуулдаг газар мэт сонсогдож байгаа боловч үнэн хэрэгтэй “polysomnography” аппарат буюу нойрны олон үйлдэлт бичлэгийн багажаар тухайн хүнийг нойрны ямар эмгэгтэйг оношилдог аж. Ингээд үр дүнд тулгуурлан нойргүйдэл, өдрийн цагаар хэт их нойрмоглох зэрэг эмгэгийг эмчилдэг байна. Уг төв нь эхлээд төрийн тусгай албан хаагчдыг эмчлээд цаг үлдэх юм бол энгийн иргэдэд үйлчилж байгаа юм байна.
3. Өндөр өртөгтэй хагалгааг хөнгөлөлттэй хийлгэх: Өндөр өртөгтэй хагалгаа гэдэг нь өвдөг түнхний үе солих, өвдөгний үений дурангийн хагалгаа, нуруу нугасны гэмтлийн үеийн бэхэлгээ, дээд болон доод мөчдийн хугарлыг ялтсаар бэхлэх мэс засалд ордог бөгөөд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтэй хамрагдах боломжтой болжээ.  Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар үнийн дүнгийн 25 хувийг төлөөд хагалгаанд орох боломж үүсч байгаа аж. Энэхүү ховор боломжийг хил, шүүх, цагдаа, прокурор, тагнуул, онцгой байдал, гааль зэрэг байгууллагын албан хаагчид, тэдний гэр бүл, чөлөөнд гарсан ахмадууд, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд болон бусад энгийн иргэд ч авч болох юм.  
undefined
4.  Хүүхдийн тасаг: Амбулаторийн үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх тасагт тусгай албан хаагчдын хүүхдүүд болон Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны хүүхэд үйлчлүүлэх боломжтой юм. Тус дүүргийн хүүхдүүдийг 11-4 дүгээр сар хүртэл буюу ханиад томууны дэгдэлт багасах хүртэл хүлээн авч үйлчилдэг байна. Түүнчлэн уг тасгийг өндөр өртөгтэй тоног, төхөөрөмжөөр тохижуулж,  хүүхэд бүр өрөөнөөсөө хүчилтөрөгч авах, тав тухтай орчныг бүрдүүлсэн аж.  
5. Өдрийн эмчилгээний төв: Дусал тариа, үзлэг өдрөөр хийлгэх үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлнэ. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа учраас тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс ор бүрийг хөшгөөр тасалгаажуулж өгсөн байдаг. Үйлчлүүлэгч бусдаас эмээхгүй, айдасгүйгээр, тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байгаа юм.
Лавлах утас: 51265375 Уг утсаар үзлэг хийлгэх цаг сул байгаа эсэхийг асууж, боломжит цагаа урьдчилан захиалах боломжтой юм. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээр энгийн иргэд үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэх боломж нэмэгдсээр байгаа бөгөөд тус эмнэлэгт хэвтэхэд нөхцөлд л харьяалалаар хязгаарлагддаг аж. Хэвтэн эмчлүүлэгчдэд эмнэлгийн хувцас, Соёл урлагийн их сургууль, хийлч Эмүжин, Good Soil Music Store залуустай хамтран хэвтэн эмчлүүлэгчдэдээ дуу, хөгжим тоглож сонирхуулдаг юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн