Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Дөрөв дэх удаагаа Монголд айлчлах В.Путин юу шийдэх вэ

Дөрөв дэх удаагаа Монголд айлчлах В.Путин юу шийдэх вэ
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 2
Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөө орой манай улсад газардаж, маргааш хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсны яриа хэлэлцээ хийнэ.
В.Путиний хувьд Монгол Улсад дөрөв дэх удаагаа албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн хувиар хоёр, Ерөнхий сайд байхдаа нэг удаа айлчилж байв. 
В.Путин Монгол Улсад хийсэн айлчлалаар шийдэж байсан гол асуудлыг эргэн сануулъя.
Анхны айлчлал
В.Путин 2000 онд Монгол Улсад анх удаа айлчилж байжээ. Түүний айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас зээлсэн их өрийн шийдэх, цаашлаад өрийг тэглэх тухай асуудлыг яриа хэлцлийн төвшинд анх удаа тохиролцож байжээ. Түүний дараа 2003 онд Монголын Ерөнхий сайд Н.Энхбаярын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын өрийг тэглэх асуудлыг бүрэн шийдэж байв.
2009 оны айлчлал
В.Путин 2009 онд ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа Монгол Улсад айлчлахдаа Засгийн газар хороондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Тэрээр 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр өрсөлдөж байхад хагас өдөр Улаанбаатарт ирсэн. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин үг хэлэхдээ Н.Энхбаяраа дэмжээрэй гэчихээд явсан гэдэг.
Энэхүү айлчлалын дараа 2009 оны есдүгээр сарын 03-ны өдөр Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монгол Улсад айлчилж,  хоёр улсын харилцааг нэг төвшин ахиулжээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар стратегийн түншлэлийг харилцааг хөгжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна. Ингэж Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон аж. 
2014 оны айлчлал
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны есдүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  Монголд айлчилсан. Ингэхдээ баярын арга хэмжээнд оролцож, Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн. Мөн хоёр улсын харилцааг хөгжүүлэх зарим баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, Орос, Монголын иргэд харилцан визгүй 30 хоног зорчих, хоёр орны иргэд түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үзэг зурсан байдаг. Мөн Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын  протоколыг сэргээх баримт бичигт гарын үсэг зурсан байна.
2019 оны айлчлал ба хүлээлт
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Монголд болоход оролцоогүйгээс гадна 2016 оноос хойш манай улсад хийх айлчлалын тов хэд хэдэн удаа хойшилсны эцэст Халх голын байлдааны 80 жилийн ойгоор Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдсоныхоо дараа Монгол Улсад айлчилж байгаа нь энэ.
Энэ удаагийн айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм. 
В.Путиний айлчлалын үеэр Монгол Улс ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа" болгож, нэг шат ахиулах юм. Түүнчлэн, худалдаа эдийн засгийн чиглэлд тодорхой баримт бичгүүдэд холбогдох албаныхан гарын үзэг зурах аж. Эрчим хүч, зам тээвэр, худалдаа эдийн засгийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичигт гарын үсэг зурах хүлээлттэй байна. 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын багт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак болон Оросын төмөр замын дарга Олег Белозеров, РДИФ-ийн дарга Кирилл Дмитриев, "Роснефть" -ийн дарга Игорь Сечин нар багтжээ.
Хоёр орны худалдаа
Монгол, Оросын худалдааны балансыг харвал, оны эхнээс хоёр улсын хооронд хийж буй нийт худалдааны тэнцэл 915 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Тодруулбал, манай улс ОХУ руу 42.3 сая ам.долларын экспорт хийж,  импорт 957 сая ам.долларт хүрчээ. Импортын зардлын нийт өртгийг задалбал 63.8 хувь зөвхөн нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан байна. Харин ОХУ руу хийж буй экспортын 80 хувь жонш эзэлж байна.
Монгол Улсын нийт экспортын 0.9 хувийг, импортын 27.3 хувийг ОХУ-тай хийж байгаа аж. Тиймээс цаашдаа хоёр улсын худалдааны балансыг тэнцвэржүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэлд талууд анхаарч ажиллах шаардлага байсаар байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн