НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар тус байгууллагын боловсруулсан “Олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах” олон улсын аргачлалыг ашиглан “Хараат бус судалгааны хүрээлэн” (IRIM)-гээс Монголын уул уурхайн салбарын авлигын эсрэг үнэлгээг хийжээ.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар тул салбарын засаглал, ил тод байдал, хариуцлага тайлагналыг сайжруулах, авлига, хүнд суртлаас ангид байх нь чухал ач холбогдолтой юм. Уул уурхайн салбар дахь төрийн зохицуулалт, бүртгэл, зөвшөөрөл, хяналтын механизмыг үе шат бүрээр нарийвчлан судалж авлигын эрсдэлийг тодорхойлсон судалгаа урьд өмнө хийгдэж байгаагүй. Тус салбар авлигад өртөмтгий гэсэн дүгнэлт нь олон нийтийн санаа бодлыг тандах судалгаанаас голдуу гарч байв. Хараат бус судалгааны хүрээлэнгээс хийж гүйцэтгэсэн Уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ нь хайгуулын, ашиглалтын өмнөх, ашиглалтын болон ашиглалтын дараах үе шатуудад үүсч болох эрсдэлийг тус салбарын эрх зүйн зохицуулалтын хувьд хамт авч үзсэн анхны судалгаа хэмээн үзэж болно. Судалгааны үр дүнд геологи, уул уурхайн салбарт геологи хайгуул, ашиглалтын өмнөх, ашиглалтын, хаалтын үе шатанд хамгийн түгээмэл 15 төрлийн авлигын эрсдэл байгааг тодорхойлж, эрсдэлийн түвшинг нь тооцсон байна.
ЭРСДЭЛ 1. Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл авах үе шатанд шийдвэр гаргах үйл явцтай холбоотой авлигын эрсдэл бодитой байна. Нэгдсэн мэдээллийн сан байхгүй, орон нутгаас санал авах харилцааг нарийвчлан зохицуулаагүй, тусгай зөвшөөрөл хүсэхэд хавсаргаж буй материалууд шаардлага хангаж байгаа эсэх талаар мэдээлэл ил тод биш байгаа зэрэгтэй холбоотой байна.
ЭРСДЭЛ 2. Сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой авлигын эрсдэл байна. Үүний шалтгаан нь тус комиссыг томилох, гүйцэтгэх үүргийг нарийвчлан зохицуулаагүй, комиссын гишүүнээр зөвхөн Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд ажилладаг зэрэг юм.. Түүнчлэн зохих журмын дагуу зөвшөөрөл авах өргөдөл гаргасан уул уурхайн компаниудад шийдвэр гаргах эрх бүхий этгээд татгалзсан санал өгөх, үгүйсгэсэн шийдвэр гаргах үйл явц нарийн зохицуулалтгүй байна. Тиймээс хайгуулын үе шатанд сонгон шалгаруулалт хийж буй комиссыг томилох, эцсийн шийдвэр гаргах үйл явцыг зохицуулах, сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүнг ил тод мэдээлэх ажлыг зохицуулсан журам, хуулийн зүйл заалтыг нарийвчлан тусгах, холбогдох баримт бичгийг төрийн болон орон нутгийн бусад байгууллагад ил тод болгох хэрэгтэй байна.
ЭРСДЭЛ 3. Хайгуулын шатанд орон нутгийн Засаг дарга, ИТХ-аас санал авахтай холбоотой авлигын эрсдэл бодитой байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайн талаар санал авахад орон нутгийн Засаг дарга, Газрын алба Газрын тухай хуулийг баримтална гэдэг бол компаниуд Ашигт малтмалын тухай хуулийг баримталдаг. Гэтэл эдгээр хууль хоорондоо зөрчилддөг. Үүнтэй холбоотой хайгуул хийхээр ирүүлсэн компаниудын саналд орон нутаг дийлэнхидээ татгалзсан хариуг өгдөг боловч хэсэг хугацааны дараа зөвшөөрсөн хариу болж өөрчлөгддөг. Мөн орон нутгаас санал авах хугацааг хэрхэн тооцох нь тодорхойгүй, аймгийн ба сумын ИТХ хоорондын харилцааг нарийвчлан зохицуулах, сумын ИТХ-ыг хуралдуулах зардал, боломжтой шууд холбоотой. Тиймээс эдгээр харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. АМГ-ын хувьд, газрын бүртгэлийн талаарх мэдээллийн санг тогтмол шинэчлэх, БОАЖНХЯ, АМГ-ын Кадастрын хэлтэс хоорондоо дундын нэгдсэн мэдээллийн сантай болох, мөн орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай холбоотой мэдээллийг хуваалцдаг нэгдсэн тогтолцоотой болох хэрэгтэй.
ЭРСДЭЛ 4. Ашигт малтмалын нөөцийн тооцоо, үнэлгээний дүгнэлтэд нөлөөлөхтэй холбоотой авлигын эрсдэл байна. Уул уурхайн компани нь ашгаа нэмэгдүүлэх, олборлох ёстой нөөцийн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлээс сэргийлж ашигт малтмалын нөөцийг багаар тогтоолгох эрмэлзэлтэй байдаг. Энэ тохиолдолд нөөцийн тооцоо, үнэлгээний дүгнэлтэд нөлөөлөхийн тулд авлигын эрсдэл үүсдэг. Мөн ашигт малтмалын тооцоо, үнэлгээ буруу, зөрүүтэй гэсэн шалтгаанаар өргөдлийн талаас илүү хувь нь буцаагдаж байгаа нь ашигт малтмалын нөөцийн тооцоо, үнэлгээ хийх арга аргачлал, техник технологи дутмаг, түүнийг ашиглах мэргэжилтний чадавхи, туршлага сул байгаатай холбоотой. Хэрвээ буруу дүгнэлт гаргасан тохиолдолд тооцох хариуцлагын тогтолцоо сул бөгөөд дүгнэлтийн эцсийн шийдвэрийг гаргахад оролцож буй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр гаргах үйл явц, ажиллах механизмыг ил тод, хариуцлагатай болгож сайжруулах хэрэгтэй.
ЭРСДЭЛ 5. ТЭЗҮ-гийн дүгнэлтийг хурдан шуурхай батлуулахтай холбоотой авлигын эрсдэл үүсч байна. ЭБМЗ нь компаниудаас ирүүлж байгаа ТЭЗҮ-ийг ямар комисс, ямар дарааллаар хэрхэн яаж батлах үйл явцыг нарийвчлан зохицуулаагүй байгаа нь авлигын эрсдэл үүсэх шалтгаан болж байна. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан байдлын үнэлгээ боловсруулах болон батлах шатанд үнэлгээ хийж буй, түүнийг хянан хэлэлцэж буй шинжээчид, зөвлөлийн гишүүд нь аль аль талд ажиллах боломжтой байгаа нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байна.
ЭРСДЭЛ 6. Бүтээн байгуулалтын зөвшөөрлүүдийг богино хугацаанд авахтай холбоотой авлигын эрсдэл байна. Ашиглалтын өмнөх шатанд уул уурхайн компаниуд багадаа 10 гаруй гаруй байгууллагаас зөвшөөрөл авах, ойролцоогоор 90-ээс доошгүй тооны (уул уурхайн компаний хэмжээ, олборлож буй ашигт малтмалын төрлөөс хамаарч өөр өөр байдаг) баримт бичиг бүрдүүлдэг. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл авах явцад зайлшгүй бүрдүүлэх баримт бичгүүдийг хурдан шуурхай хянуулах, өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх, бүтээн байгуулалтын зөвшөөрлүүдийг богино хугацаанд авахтай холбоотой авлигын эрсдэл үүсдэг. Үүний шалтгаан нь зөвшөөрөл олгож буй байгууллагад олон тооны өргөдөл ирдэг учраас ажлын ачаалал их, өргөдлийг хэлэлцэх, шийдвэрлэж буй талаарх мэдээлэл ил тод бус байдаг. Мөн чанар хангахгүй өргөдөл, түүнд хавсаргах материалыг батлуулахын тулд хахууль өгөх эрсдэл үүсдэг. Ашиглалтын өмнөх шатанд бүтээн байгуулалтын зөвшөөрлийг авахтай холбоотой хүнд суртал мөн гардаг бөгөөд судалгааны зорилгоос шалтгаалан эдгээр зөвшөөрөл бүрийг нэг бүрчлэн судлаагүй болно.
ЭРСДЭЛ 7. Уул уурхайн компанийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалттай холбоотой авлигын эрсдэл. Давхардсан, ач холбогдол багатай олон тооны хяналт шалгалт нь компанийн үйл ажиллагааны тогтвортой байдалд нөлөөлж, хяналт, шалгалт хийж буй ажилтнуудын далд хэлбэрийн ашиг сонирхлыг нэмэгдүүлэх эрсдэл бий болгож байна. Ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллага, Засаг дарга нараас хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалттай холбоотой авлигын эрсдэл байна. Хуулиар зарим хязгаарлалт хийдэг ч ийм төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ компаниудад урьдчилан мэдээлэл өгдөггүй, хяналтын удирдамж, арга зүй тодорхойгүй байдаг учраас авлигын эрсдэл үүсэх шалтгаан болдог. Компаниудын зүгээс зөвшөөрөл, хяналт шалгалттай холбоотой хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаа нь хууль бус үйл ажиллагаа явуулах эсвэл хууль бус шалгалт, шахалтанд өртөх, улмаар авлигын эрсдэл бий болгодог. Тиймээс компаниудын засаглалын тогтолцоо, хариуцлага, дотоод чадавхийг сайжруулахад анхаарах хэрэгтэй.
ЭРСДЭЛ 8. Компаниудаас орон нутагт үзүүлж байгаа хандив, тусламжтай холбоотой авлигын эрсдэл нийтлэг байна. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан орон нутагтай байгуулах загвар гэрээ 2016 оны 3 дугаар сарын 28-нд батлагдсан. Орон нутгийн гэрээтэй холбоотойгоор ИТХ ба Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийг чадавхийг сайжруулах, сургалт зөвлөгөөгөөр хангах, орон нутгийн гэрээний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь чухал. Хандив, тусламжтай холбоотой авлигын эрсдэлийг бууруулах нэгэн чухал хүчин зүйл нь ОҮИТБС юм. Тиймээс Санаачилгыг цаашид улам бүр боловсронгуй болгож, илүү үр дүнтэй, бодитой хэрэгжих гарцыг нээж, энэхүү харилцааг тусгайлан зохицуулдаг тусгай эрх зүйн актыг батлан гаргах, орон нутагт байгаа салбар зөвлөлүүдийн институтыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, чадавхижуулах шаардлагатай.
ЭРСДЭЛ 9. Орон нутгийн иргэд уул уурхайн компанийн хоорондын зөрчилтэй холбоотой авлигын эрсдэл. Орон нутагт уул уурхайн компаниудад хандах хандлага сөрөг, уул уурхайн компанийн орон нутагт тайлагнадаг, мэдээлэл өгдөг тогтолцоо дутмаг байгаа нь иргэд ба тухайн орон нутагт үйл ажилагаа явуулж буй компанийн хооронд зөрчил үүсэхэд нөлөөлдөг. Энэ байдлыг ашиглан зарим иргэд компаниудаас хахууль авах эрсдэл бодитой байна. Тиймээс компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, орон нутагтай ажиллах стратеги, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, орон нутгийн иргэдэд үнэн зөв мэдээлэл өгдөг тогтолцоог бий болгох, усны асуудлаар иргэдийн оролцоотой мониторинг хийх зэрэг үйл ажиллагаа чухал юм. Уул уурхайн салбарын мэргэжлийн ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих, чадавхийг бэхжүүлж, хяналт шалгалт, зөвшөөрөл өгөх үе шатанд хөндлөнгийн хараат бус шинжээчдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
ЭРСДЭЛ 10. Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай холбоотой авлигын эрсдэл. Ашиглалтын үе шатанд компани үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд анхны боловсруулсан төлөвлөгөөгөө цаг хугацаа хэмнэх үүднээс хурдан батлуулах, эсвэл чанарын шаардлага хангаагүй төлөвлөгөө, тайланг дахин сайжруулалт оруулалгүй батлуулах, зөрчилтэй тайланд тавигдаж буй торгуулийн хэмжээг бууруулахын тулд хахууль өгөх эрсдэл үүсдэг. АМГ-т байгууллагад ирж буй төлөвлөгөө, тайлан хууль, журамд заасан хугацаа дуусахын өмнө олноороо ирдгээс түүнийг хянах ажилтнуудын ачааллыг огцом нэмэгдүүлдэг. Компанийн талаас эдгээр төлөвлөгөө ба тайланг боловсруулахад шаардлагатай нөөцийг төлөвлөж ач холбогдол өгдөг байх нь туйлын чухал байна.
ЭРСДЭЛ 11. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг батлуулахтай холбоотой үүсдэг авлигын эрсдэл. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө ба тайланг боловсруулахад компаниуд хангалттай ач холбогдол өгдөггүй, хуурамч төлөвлөгөө гаргах, учруулсан хохирлыг багасгаж тайлан гаргах нь түгээмэл байна. Уул уурхайн компаниуд Байгаль орчны үнэлгээний тайлан гэх мэт шаардлагатай тайлан, бичиг баримтыг хуульд заасан зохих стандартын дагуу бэлтгэх чадавхи сул, компанийн удирдлагын зүгээс ач холбогдол өгдөггүй, ор нэр төдий хийдэг нь нийгэмд уул уурхайн салбарын нэр хүнд унахад ихээхэн нөлөөлж байна. БОНХАЖЯ-ны хувьд байгаль орчны үнэлгээг хийх үйл ажиллагааг сайжруулах, хуульд заасан байгаль орчны үнэлгээг хийхэд олон нийтийн оролцоог хангах заалтуудыг хэрэгжүүлэх нь чухал байна.
ЭРСДЭЛ 12. Ашигт малтмалын борлуулалттай холбоотой авлигын эрсдэл. Борлуулалттай холбоотой татвар, тайлан, гаальтай холбоотой авлигын багц эрсдэл нуугдмал мөртлөө түгээмэл гарч байгааг зөвхөн татвараар жишээлэн тус тайланд оруулав. Цаашид эдгээрийг нарийвчлан судлахыг үнэлгээний баг санал болгож байна.
ЭРСДЭЛ 13. Уурхайг хаах шийдвэр гаргуулахтай холбоотой авлигын эрсдэл нь “Уурхайг түр болон бүрмөсөн хаах журам”-д хаалтын комиссын гишүүдийг хэрхэн томилох, томилогдсон комисс нь ямар удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж акт үйлдэх талаар нарийвчлан заагаагүй, үүнийг зохицуулах журам байхгүйгээс үүсч байна. Энэ нь хаалтын шатанд акт үйлдэж буй орон нутгийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, авлигын эрсдэл үүсэх нөхцөл бий болгож байна.
ЭРСДЭЛ 14. Уул уурхайн хаалттай холбоотой эрх зүйн зохицуулалт дутуугаас үүдэлтэй авлигын эрсдэл. Уул уурхайн хаалтын үйл ажиллагааг зохицуулах хуулийн заалт, журмууд нь тодорхойгүй, хэт ерөнхий байгаа нь компаниудыг нөхөн сэргээлт хийх, орон нутагт уурхайг хүлээлгэн өгөх шатанд хариуцлагаас зайлсхийхэд хүргэж байгаа тул уурхайн хаалттай холбоотой хууль тогтоомжийг цоо шинээр боловсруулах шаардлагатай байна.
ЭРСДЭЛ 15. Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөтэй холбоотой авлигын эрсдэл үүсэх шалтгаан нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалт байхгүй, мөн барьцаа хөрөнгийг төвлөрүүлж байгаа сан нь ил тод, хариуцлагатай байх зарчмуудыг хангадаггүй, УУЯ ба БОНХАЖЯ-ны хамтын ажиллагаа дутагддаг зэрэгтэй холбоотой. БОНХАЖЯ нөхөн сэргээхтэй (дүйцүүлэн нөхөн сэргээх) нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөтэй холбоотой менежментийг сайжруулах ил тод, хариуцлагатай болгох шаардлагатай. ОҮИТБС-ын олон улсын хэмжээнд баримтлах бодлогуудад авлигаас сэргийлэх, засаглалыг сайжруулах талаар шаардлагууд орсон байна. Эдгээрийг энэ салбарын бодлого, холбогдох яамдын авилгатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах хэрэгтэй.