Open iToim app
Анализ | 6 мин уншина

Томилолт: Монголын экспортыг дэлхийн зах зээлд хүргэх Хангийн маршрут

Томилолт: Монголын экспортыг дэлхийн зах зээлд хүргэх  Хангийн маршрут
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 14
Дорноговь аймгийн Мандах сумын нутаг, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын 111 км  дахь өртөөнөөс салаалж, хилийн Ханги боомт хүртэл барих 226 км төмөр замын ажлыг албан ёсоор өнгөрсөн баасан гаригт эхлүүллээ. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, концесс эзэшигч “Монголиан транс лайн” компани, Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөллүүд оролцов.
Стратегийн ач холбогдлыг тодотгох нь
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын төсөл нь Монгол Улсын Засгийн газрын хувьд стратегийн ач холбогдолтой маршрут болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон. Учир нь, Ханги боомт нь Гашуунсухайт, Замын-Үүд боомтын тэг дунд байрладаг. Зүүнбаянгаас Ханги боомтын чиглэлд төмөр зам тавьснаар Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болох ажээ. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн төмөр замтай шууд холбогдох нь Зүүнбаян-Хангийн төмөр зам юм. Ханги боомт нь Хятадын Мандал боомттой шууд хиллэдэг. Мандал боомт нь манай улсын экспортолж буй уул уурхайн баялгийн гол зах зээл Бугат хоттой хамгийн ойр нь. Өөрөөр хэлбэл, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьснаар манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү дөт, бага зардлаар дэлхийн зах зээлд нь хүргэх боломж бүрдэх юм.
undefined
Одоо Тавантолгойгоос Гашуунсухайт руу авто замаар нүүрсээ тээвэрлэж, хилээс цаашаа автозам болон төмөр замаар Хятадын Бугат хотын төмөрлөгийн үйлдвэрт хүргэдэг. Харин Ханги чиглэлд шинэ төмөр зам барьснаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлээр Бугат хот руу гаргах шинэ гарц бий болно. Замын-Үүдийн боомт 1956 онд ашиглалтад орсноос хойш  66 жилийн дараа урд хөрш рүүгээ төмөр замын албан ёсны хоёр дахь гарцтай болно гэсэн үг юм.
Мөн Дархан, Сэлэнгийн бүсээс экспортолдог төмрийн хүдрийг Замын-Үүд-Эрээн-Жинин-Хөх хот-Бугат гэсэн маршрутаар тээвэрлэдэг. Тэгвэл Хангийн төмөр замыг барьснаар энэ маршрутыг 242 км-ээр хэмнэж, тээврийн зардал нь тонн тутумдаа  4-8 ам.доллараар буурах боломжтой. Иймд, эл бүтээн байгуулалтыг төмөр зам бүхий экспортын хоёр дахь гарц гэж стратегийн ач холбогдлыг нь тодотгож буй ажээ. Мөн Зүүнбаян-Ханги-Мандалын трассын дагуу Цагаан суваргын зэс молибедин, төмрийн хүдрийн Элстэй, Агар-Уул, нүүрсний Элдэв, Мандахнуур  зэрэг 10 гаруй орд байгаа нь Хангийн төмөр замын ач холбогдлыг илтгэнэ.  
 

Л.Оюун-Эрдэнэ:Дөчийн бидоноо 200-гийн поошиг болгоё

undefined
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавьснаар манай улс Хятадын Бугат хотод /262 км-т байгаа/ байдаг гангийн том үйлдвэртэй шууд холбогдож байна гэсэн үг. Энэ бол Засгийн газрын хувьд төлөвлөж ирсэн стратегийн шинэ гарц юм. Цаашдаа Бичигтээс эхлээд бүх боомтоо төмөр зам болон авто замаар холбож, Замын-Үүдийг Алтанбулаг боомттой хурдны замаар холбож чадвал Монгол Улсын эдийн засаг тэлнэ. Өнөөдөр Монгол Улсын жилийн эдийн засаг 40-50 их наяд төгрөгт эргэлдэж байгаа. Үүнийг 150-200 их наядад хүргэж байж эдийн засгийн суурь тэлж, нийгмийн бусад томоохон зорилтоо хийж чадна. Үүнийг би дөчийн бидоныг 200-гийн  поошиг болгоё гэж зүйрлэж хэлээд байгаа юм. Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилго ердөө л энэ. Үүний төлөө иргэн, аж ахуйн нэгж бүхэн хөдөлмөрлөж, нэг зүгт харж байж үр дүнд хүрнэ. Ингэж байж боомтын боймыг тайлна. Манайх шиг газарзүйн байршлын хувьд далайд гарцгүй улс хоёр хөрштэйгөө хийж буй худалдааны эргэлтийг хурдасгах хэрэгтэй. Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор ачаа тээвэрлэлт 20 сая тонноор нэмэгдэнэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам энэ сард багтаж ашиглалтад орно. Зүүнбаянгийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг Ханги боомттой холбосноор Гашуунсухайт, Зам-Үүд боомтын ачааллыг багасгана. Удахгүй Оюу толгой гүний уурхай ашиглалтад орж, хүдрийн агууламж нэмэгдэнэ. Хангиар Оюутолгойн зэс болон Тавантолгой нүүрсийг тээвэрлэх боломжтой, мөн бүс нутагт байгаа 10 гаруй ордууд эдийн засгийн эргэлтэд орж, үнэ цэнэтэй болгоход Ханги боомтыг Мандалтай шууд холбогдож байгаа нь чухал нөлөөтэй” гэлээ.
undefined
Төмөр замын ачаа тээвэрлэлтийг 65 хувиар нэмэгдүүлнэ
Зүүнбаян-Ханги чиглэлийн  226 км төмөр зам нь хоёр өртөө, зургаан зөрлөгтэй, жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм. Тус төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ 65 хувиар нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд тооцжээ. Ирээдүйд зөрлөг нэмж байгуулах замаар галт тэрэгний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтойг салбарын сайд онцолсон.
ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлэхдээ “Цаашдаа төмөр замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэхийн тулд зургаан зөрлөгийг 8-12 болгож, ачаа тээвэрлэх хүчин чадлыг 30-35 сая болгох боломжтой. Цаашид энэ замаар ОХУ-аас транзит тээвэр явахыг үгүйсгэхгүй. Газрын хэвгий багатай учраас хэтдээ транзит тээвэр явах, бүс нутагт байгаа уул уурхайн ордууд эдийн засгийн эргэлтэд орвол Монгол Улсад хамгийн ач холбогдол өндөртэй зам нь Зүүнбаян-Ханги чиглэлийнх байх боломжтой. Ирээдүйд хос замтай болох том ирээдүй бий” гэсэн юм.
undefined
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Цаашлаад Зүүнбаян тосгоны хүн ам 2-3 дахин өсч, шинэ суурьшлын төв бий болно гэдгийг онцолж байв.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын концесс эзэмшигч хэн бэ
Тус чиглэлийн төмөр замыг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр барина. Төсвөөс мөнгө гарахгүй. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын концесс нь барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй буюу 20 жилийн дараа төрд шилжүүлэх юм. Концесс эзэмшигчээр “Монголиан транс лайн”, “Монголиан транс” ложистик компанийн нэгдэл шалгарсан.
Нэг км төмөр замыг 1.5-1.7 сая ам.доллар буюу нийт 226 км төмөр замыг 400 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар барихаар шалгарчээ. Концесс эзэмшигч эхний санхүүжилтээ өөрийн хөрөнгөөс гаргаж, хоёр дахь шатны санхүүжилтээ төслөөрөө дотоод болон гадаад босгохоор төлөвлөсөн байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийн стандартаар барих юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын тариф тонн тутамд км нь 2.5 цент байхаар тохирчээ.
undefined
Зургаан сарын дотор 226 км төмөр замыг барьж чадах уу
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагч болон замчдаас “ам авсан”-ы дараа 226 км төмөр замыг зургаан сарын дотор барьж, ашиглалтад оруулна гэдгээ ард түмэнд зарласан. “...200 гаруй км Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг гурван жилд барьж чадаагүй байж, 200 гаруй км төмөр замыг зургаан сард барьж чадах уу...” гэдэг шүүмжлэл нийгэмд өрнөж байна. Энэ асуултад салбарын сайд Л.Халтар болон концесс эзэмшигч компани гурван үндэслэл бүхий хариулт өгөв.
1. Трассын хувьд хамгийн боломжит хувилбар. Зүүнбаян-Ханги чиглэлд замын бартаа саад  харьцангуй бага, газрын хэвгий уруу учраас давуу тал болно.
2. Нийт 226 км төмөр замыг 32 туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж хувааж барина. Нэг компани хамгийн багадаа 4 км, хамгийн их нь 10 км зам тавина. Тодруулбал, далан ихтэй газарт 4 км-ийг барина, бартаа багатай нь 10 км-ийг барих зэргээр төлөвлөгөөтэй ажиллана. Компаниуд далангийн ажлаа зургадугаар сарын 1-ний дотор дуусгана.
3. Хамгийн туршлагатай компани, замчид ажиллах учраас хугацаандаа ашиглалтад оруулна гэж тооцжээ. Уг төсөл дээр Зэвсэгт хүчний жанжин штабын дөрвөн анги, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ажилласан автозамын компаниуд, гүүр хоолой угсрах компаниуд зэрэг 100 гаруй туслан гүйцэтгэгч оролцоно. Суурь дэд бүтэц угсрах ажлын нэг хэсгийг концесс эзэмшигч өөрөө, тодорхой хэсгийг МТЗ болон УБТЗ-тай хамтран хийнэ. Суурь бүтцээ барьсны дараа балластын ажлыг УБТЗ-ын ангиар гүйцэтгүүлнэ.
undefined
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэрвээ энэ бүтээн байгуулалтыг зургаан сарын дотор хийж чадвал монголчууд бүх төмөр замаа өөрсдөө барьж байгуулах боломжтой гэдгийг дэлхийд тод харуулна. Монголд бизнес хийх, хөрөнгө оруулах талдаа том мессэжийг өгнө” гэж онцолсон.
Ямартай ч Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын дээд, доод суурь бүтцийг 2022 оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулж, утсан харилцаагаар галт тэрэг аялуулах том зорилт замчдын өмнө дурайж байна.
Дашрамд дурдахад, Зүүнбаян-Хангиас 19 км-ийн зайд Цагаанцавын усны нөөцтэй газар байдаг бөгөөд энэ хэсэгт нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулах боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг байна. Тавантолгойн нүүрсийг Зүүнбаянгаар тээвэрлэж угааж баяжуулаад Ханги-Мандал боомтоор Бугатын төмөрлөгийн үйлдвэрт хүргэвэл эдийн засгийн өгөөж улам нэмэгдэх тооцоо ч бий аж.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн