УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хувь хүнтэй холбоотой, төрийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээний хувь хүний нууцтай холбоотой мэдээллүүд явж байгаа харагддаг. Өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаах янз бүрийн зорилгоор гардаг. Тэр мэдээллүүд төрийн байгууллагуудаас гардаг. Энэ хуулиар арилжааны зориулалтаар янз бүрийн апп-ууд гарч ирж байна. Тэр апп-ыг татахад хурууны хээ болон хувийн мэдээлэл авдаг. Энэ болж байна уу? Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Энэ хуулийн гол зохицуулалт нь хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах вэ? гэсэн асуудлуудыг зохицуулна. Энэ хууль батлагдвал томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн картад агуулагдах үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг авч устгах ажлыг зохион байгуулна. Энэ мэт хувийн мэдээллүүд төрд хадгалагдана. Хувь хүний мэдээлэл дэлгүүрүүдэд байх нь урхагтай. Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд анх батлагдсан. Энэ хуульд хувийн мэдээллээ иргэн өөрөө хариуцдаг байсан бол одоо хувийн мэдээллийг хамгаалахад төрийн оролцоо шаардлагатай болсон. Хувь хүний биометрик мэдээлэл зөвхөн төрд хадгалагдана. Тухайн хүн хурууны хээгээ уншуулах болон цахим гарын үсгээ ашиглан мэдээллээ авах юм гэв. ХЗДХЯ-ны ТНБД Б.Баасандорж: Энэ хуулийн гол үзэл баримтлал нь мэдээллийн эзний эрх гэдэг ойлголтыг тодруулж байгаа юм. Хувийн байгууллагуудад иргэдийн хувийн мэдээлэл маш ихээр хадгалагдаж байна. Жишээлбэл, Нэг хувийн эмнэлэгт өвчтөний мэдээллийг дамжуулахдаа тухайн иргэнээс зөвшөөрөл авч, мэдээллийг дамжуулдаг байхаар зохицуулна. Мэдээлэл авсан байгууллага мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг хуулиар хүлээнэ. Дэлгүүр үйлчилгээний байгууллагууд хүний хурууны хээг замбараагүй ашиглаж байгааг энэ хуулиар цэгцэлнэ. Хувийн мэдээллийг зөвхөн төрд хадгалж буйн учир нь тухайн иргэний хувийн мэдээллийг өөр хүн авсан тохиолдолд тухайн иргэнд мэдээлэл очно. Зөвшөөрөлгүйгээр мэдээлэл авбал тухайн иргэн гомдол гаргах эрх зүйн орчин бүрдэх юм. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сүүлийн жилүүдэд хувь иргэд ч хэвлэл мэдээллийн хэрэгслээс дутуугүй үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, баталгаагүй, хүний нэр хүндэд халдсан мэдээлэл түгээж байна. Нийгмийн сүлжээнд тавигдаж буй мэдээллийг зохицуулах, хариуцлагын асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Хууль зүй, дотоод хэргийн яаманд Олон нийтийн сүлжээний зохцуулалтын тухай хуулийн төсөл бичигдэж байгаа. Төсөл бичигдсэний дараа Засгийн газраар хэлэлцүүлэх ажил эхэлнэ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.