Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

ХЭҮК-т гомдол гаргасан ажлын байрандаа бэлгийн дарамтад өртсөн бодит кейсүүд

ХЭҮК-т гомдол гаргасан ажлын байрандаа бэлгийн дарамтад өртсөн бодит кейсүүд
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 11
“Төрийн албаны шинэтгэл-ёс зүйн хандлага” сэдэвт зөвлөгөөний  Хүний эрхийн үндэсний комиссын референт Х.Цэцгээ “Ёс зүйн зөрчил-Ажлын байрны дарамт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, итгэл тавилаа.
Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан хүмүүсийн 97.5 хувь нь эмэгтэй, 2.5 хувь нь эрэгтэйчүүд байдаг.  Ажлын байрны дарамт нь хүний эрхийн зөрчил бол ажлын байрны бэлгийн дарамт нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог байна. Ажлын байрны дарамтыг 11 ангилдаг бөгөөд комисст ирсэн гомдлуудын дийлэнх нь үг хэлээр, биеэр буюу үйл хөдлөлөөр, бие махбодоор үйлдэгдсэн гомдол түгээмэл ирдэг аж. Мөн зөвхөн ажил олгогч, албан тушаалтан бус ажилтнууд бие биенээ дарамталсан тохиолдлууд гардаг байна. Жишээ нь, олон улсын хэмжээнд шалиг нүдээр харах буюу хүнийг 30 секундээс илүү хугацаанд ширтэх нь таагүй байдал үүсгэдэг учир ажлын байрны бэлгийн дарамт үүсгэж болзошгүй үйлдэлд тооцогддог учир ажилчид, ажил олгогч ч ажлын байрны дарамтыг ялгадаг, мэддэг байх хэрэгтэй юм.  ХЭҮК-т ирж байсан ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамтын жишээнээс дурдвал,
Кейс-1. Дээд шатны хэлтсийн дарга ажилтандаа бэлгийн харилцаанд орвол албан тушаал ахиулна гэж амласан байна. Тухайн ажилтан гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй учраас зөвшөөрөөгүй. Хэлтсийн дарга түүнийг зөвшөөрөөгүйнх нь төлөө ажлын ачааллыг нэмж, оройн цагаар ажиглуулах болжээ. Амралтын өдрөөр баар, цэнгээний газар дуудаж, хажууд нь суухыг шаарддаг байж. Тэгээд эмэгтэй байгууллагынхаа удирдах албан тушаалтанд гомдол гаргахад шийдвэрлэж өгөөгүй байна. Нэг удаа эмэгтэйн нөхөр даргынх нь бичсэн мессежийг хараад гэр бүлд нь маргаан үүссэний улмаас ажлаасаа гарчээ.  Эмэгтэй ажлаасаа гарсны дараа ХЭҮК-т гомдол гаргасан бөгөөд комиссоос ажиллагаа явуулж, хяналт хийхэд хэлтсийн дарга бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдсон учир дээд шатны албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн байна. Ингэхэд тухайн компаниас хэлтсийн даргын цалинг тодорхой хугацаанд бууруулах шийдвэр гаргасан.
Кейс-2. Хууль сахиулах байгууллагын албан тушаалтны нэртэй гомдлыг шалгахад ажлынхаа 10 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан байжээ. Ажлынхаа өрөөнд оруулж мөрөө бариулдаг, цай хийлгэдэг, хажууд нь хамт суухыг шаарддаг, бэлгийн сэдэлттэй яриа өрнүүлдэг байж. Мөн дарга нар өрөөн дотроо тусгай өрөөтэй болсон нь ажлын байранд бэлгийн дарамт үйлдэгдэх шалтгаан болсон байна.
Кейс-3. Нэг байгууллагад хамт ажилладаг эхнэр, нөхөр хоёр байж. Байгууллагын дарга эхнэр рүү нь шөнийн хоёр  цагт “Би одоо хот руу орж байна. Чи хаана байна” гэсэн мессеж бичсэн байхыг нөхөр хараад залгах гээд дугаарыг нь гар утсандаа бичихэд дарга гэж хаягласан байжээ. Үүнээс болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цагдаагийн байгууллагад шалгагдсан явдал гарсан байна. 
Кейс-4. Үндсэн малчин туслах малчин эмэгтэйг малын бэлчээр дээр малаа хариулаад явж байхад бэлгийн дарамт үзүүлсэн байсан. Мөн гэрийн үйлчлэгчдээ бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдол гарчээ.
Кейс-5. Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан сувилагч эмэгтэйд эмч нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлжээ. Энэ тохиолдол эмэгтэй дургүйцэж ажлын байрыг орхиод явахад түүний оронд ажилласан сувилагч, олон цаг нойргүй ажилласнаас болж, өвчтөндөө буруу тариа хийснээс болж эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол гарсан байна.
Кейс-6. Хөдөө орон нутагт нэгэн албан тушаалтан “би чамайг ажилд авсан учраас надтай ганц удаа унтчих. Ингэвэл хоёулаа бие биеэндээ өргүй үлдэнэ. Насанд хүрсэн хүмүүс байж ганц удаа унтахад яагаад дургүйцээд байгаа юм. Коммунист зулбасга” гэсэн мессеж бичиж дарамталсан байна. Тухайн эмэгтэй ингэж дарамталсаар байгаад бэлгийн харилцаанд орж, бэлгийн замын халдварт өвчин авсан тохиолдол гарсан.  

Х.Цэцэгээ: Манайд хохирогчийг хамгаалах хууль, эрх зүйн заалт дутмаг

undefined
Хүний эрхийн үндэсний комиссын референт Х.Цэцэгээгээс ажлын байрны дарамт, түүнээс гарах арга замын тухай зарим зүйлсийг тодрууллаа.
-Зөрчил гаргасан тохиолдлуудыг харахад тухайн ажилтан ажлаа хийж чадахгүй, чадваргүй байдлаас болж дарамтад орсон байна уу. Эсвэл удирдлага, албан тушаалтны хувь хүний хандлагаас шалтгаалж дарамт үүссэн байна уу?
-Ер нь бол ажлын байрны дарамт гэдэг нь  ажлын байранд байгаа хоёр хүний нэгэнд нь илүү их нөлөөлсөн, дарамталсан зүйлийг хэлдэг. Дарамтын хэлбэр янз бүр байдаг. Мэдлэг ур чадвартаа тохирсон ажил хийж байхад зориуд мэдэхгүй зүйлийг нь хийлгэх, чиг үүрэгт нь байхгүй ажлаар дарвал дарамтад тооцогдоно. Мөн энэ үед албан тушаалтны тавьж буй шаардлага доромжилсон, ялгаварлан гадуурхсан байдалтай байвал дарамтын хэлбэр, хүний эрхийн зөрчил болно. 
-Удирдах албан тушаалтнуудын гаргадаг түгээмэл алдаа нь юу байна вэ? 
-Хөдөлмөрийн харилцаанд дийлэнх нь шаардлага тавихдаа зүй бус үг хэрэглэх, бие махбод, гаднах харагдах байдал, яс үндэс, хэл яриа, хүйс, гэрлэлтийн байдлаар нь ялгаварласан зөрчил их байна. Тухайлбал, тэтгэврийн насанд  хүрсэн хүнийг хөгширсөн байна, гэртээ харь, хүүхдүүдийнхээ хоол цайг хий, залуучуудад замаа тавьж өг гэх зэргээр дарамталдаг. Гэтэл тэтгэвэрт гарна гэдэг нь тэтгэмж авах эрх үүсэж байгаа болохоос биш, хүсэх л юм бол ажил хөдөлмөр эрхэлж болно шүү дээ. Дээрх байдлаар дарамталсаар байгаад өргөдлийг нь өгөөд ажлаас нь гарчихсан байгаа нь зөрчлийн асуудал юм.
-Та итгэлдээ удирдах албан тушаалтанд ажлын байранд дарамт үүссэн байгааг мэдэгдэхэд биелүүлээгүй байсан гэлээ. Ер нь хаана хандах нь хамгийн зохимжтой вэ?
-Яг үнэн. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байрны дарамтын тухай хуулийг тусгах ёстой. Ажилтнууддаа дарамт үүсгэхгүй байхыг заасан байх хэрэгтэй. Хэрэв энэ талаар зөрчил гаргавал Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг тусгасан байдаг. Дарамтад өртөж буй хүн гомдол гаргаж чадахгүй байсан ч, хамт ажиллаж буй хүн мэдэж байгаа бол гомдол гаргах эрх нь чөлөөтэй. Тэгэхээр ажлын байрны дарамтыг хариуцан шийдвэрлэх мандат бүхий байгууллага бол Хүний эрхийн үндэсний комисс юм. 
-Ер нь гомдал хэр их ирж байна вэ. Өсөж эсвэл буурч байгаа дүн харагдаж байна уу?
-Хүмүүс ажлын байрны дарамтад өртөж байгаагаа мэддэггүй. Энэ бол ажилчдын дунд байдаг хошигнол, наргиантай байгаа зүйл гэж ойлгоод байдаг. Өөрт нь таагүй байгаа хэрнээ зөрчил гэж үзэлгүй, удахгүй болчихно, дахиж ийм зүйл болохгүй гэж явсаар байгаад цалингаа хасуулж, ажлаасаа халагдсаныхаа дараа гомдол гаргасан тохиолдол олон. Өнгөрсөн жилийн хувьд ажлын байрны дарамтын есөн гомдол ирснээс хоёр нь ажлаас гарсныхаа дараа, хоёр нь албан тушаал буурсныхаа дараа, гурав нь сахилгын шийтгэл хүртсэнийхээ дараа гомдол гаргасан байсан бөгөөд тэдгээр гомдлын тавд нь шаардлага, хоёрт нь зөвлөж хүргүүлсэн байна.
-Асуудал шийдэгдэж, удирдах албан тушаалтан хариуцлага хүлээчихлээ. Гэхдээ гомдол гаргасан хүнийг хамгаалах ямар арга хэмжээ авдаг вэ?
-Яг зөв. Энэ тохиолдолд манай улсын хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг. Дарамтад орсон хүн ажлаасаа гарч, эдийн засаг, хувь хүний олон эрх зөрчигдөнө. Тиймээс өөр ажилд ороход, өмнө ажиллаж байсан удирдлага тухайн эмэгтэйг явдалтай, завхай хүүхэн зэрэг тодорхойлолт өгдөг тохиолдол бий. Тэгэхээр энэ нь  хүний эрхийн ноцтой зөрчил юм. Тиймээс хохирогчийг хамгаалах, сэтгэл зүйн хувьд дэмжих, ажлыг нь нөхөх, эдийн засгийг нь сайжруулах зэрэг сэргээн засах үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн