Хүүхдийн сэтгэл судлаач, хэл засалч, сургуулийн өмнөх насны хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын багш, боловсрол судлалын доктор, “Авиан буруу дуудлагыг засах арга” номын зохиолч, “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхнасантай ярилцлаа.
-Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх зөвлөгөө мэдээлэл өгөхөөс өмнө хэл ярианы хоцрогдол гэдэгт ярианы ямар дутагдалтай чанарыг хэлдэг болохыг тодорхойлох нь зөв байх?
-Хүүхдийн хэл ярианы хөгжил тодорхой зүй тогтлоор явдаг. Төрөхдөө маш чангаар хашхирах уйлах, 5-6 сартайдаа шулганах, нэг настайдаа “ээжээ”, “ааваа”, “май” гэх зэргээр нэг үетэй, “а”, “б”, “м” авиа орсон үгийг хэлэх чадвартай болдог. Хүүхдийн хэл ярианы хөгжилд гурван зүйл нөлөөлдөг. Нэгд, бие бялдрын хөгжил нөлөөлөх бөгөөд ямарваа нэгэн гэмтэл авч байсан, хүнд хэлбэрийн өвчлөлд өртөж байсан эсэхээс хамаардаг. Хоёрт, хэл яриаг хөгжүүлэх орчин бүрдээгүй нөхцөлд ярих чадвар муу байдаг. Гуравт, манай монгол хэлний онцлог нөлөөтэй. Монгол хэл нь хатуу хэллэг гэдэг утгаараа хүүхэд эзэмшиж өөрийн болгож авахад бие бялдрын буюу булчингийн хөгжил, мэдрэлийн тогтолцооны хөгжлийг сайжруулах шаардлагатай болдог. Тэгэхээр хоёр настай хүүхэд өгүүлбэрээр ярихгүй байвал нэг настай хүүхдийн төвшинд байгааг харуулна. Тухайн насандаа бүрэн эзэмшчихсэн байх ёстой чадварыг аваагүй бол хоцрогдолтой гэж үзэж насанд хүрэгчдийн тусламж хэрэгтэй болдог юм. Тэгэхээр хөгжлийн хоцрогдолд орох магадлалтай хүүхдүүдэд дээрх гурван шалтгаан нөлөөлөхөөс гадна сэтгэхүйн буюу танин мэдэхүйн хөгжил муу байх нь нөлөөлдөг. Хүүхэд ганц нэг үг давтаж хэлснээрээ хэлд орчихож байгаа юм биш. Сурсан үгээ өөрөө сэтгэж ойлгоод үгийн утгыг таньж мэдсэнээрээ дахин хэрэглэх боломжтой болдог юм.
-Тэгвэл хүүхдүүдийн хамгийн их сурч чаддаггүй “Р”, “Ш” авиаг хэдэн настайдаа бүрэн сурдаг вэ?
-Монгол хэлний авиаг хүүхэд бүрэн эзэмших ихээхэн цаг хугацаа шаарддаг. Хүүхэд хоёр төрлийн нөхцөл бүрдсэн цагт тэр авиаг дуудах боломжтой болдог. Нэгд, хүүхдийн булчингийн систем, мэдрэлийн тогтолцоо хангалттай хөгжөөд ирэх үед хүүхэд хүч шаардагддаг авиаг хэлж сурна. Тодруулбал, “С”, “Ш” авиаг дуудахад агаар авч хүчтэй дуудах ёстой байдаг юм. Хоёрт, хүүхдийн авиаг ялган сонсох чадвар хөгжсөн үед сурна. Жишээ нь, хоёр настай хүүхэд “С”, “Ш” авиаг ялган дуудах чадваргүй. Учир нь энэ насны хүүхдийн сонсголын аппарат буюу сонсгол дахь сормуусан эд гаднаас ирж байгаа авиаг биологийн болгон хувиргаж, тархи руу мэдээлэл өгч, хүүхэд түүнийг таньж, мэдээд эргээд дагаж, дуурайх чадвар хөгжөөгүй байдаг. Дөрвөн настайдаа “С”, “Ш” авиаг дууддаг бол таван настайдаа “Р”, “Л” авиаг дуудаж сурдаг. Гэхдээ заавал энэ насанд хүрч байж дуудаж сурдаг гэсэн үг биш. Түүнээс ч өмнө ялган дуудаад сурчихсан хүүхэд байдаг бол таван настайдаа “М”, “Н” авиаг ялгаж чадахгүй хүүхэд ч байдаг. Энэ нь ямарваа нэгэн шалтгаантай бөгөөд зүй тогтлын замаар сурах ёстой насанд нь авиаг зааж өгч байх хэрэгтэй.
-Ярих хэрэгцээ шаардлагыг эцэг, эхчүүд бүрдүүлж байж, хүүхэд тухайн авиаг тогтоож хурдан ярьж сурдаг байх тийм уу?
-Тийм. Хүүхдийн хэлд орох нь хөлд орохтой адилхан үйл ажиллагаа биш. Тархины үйл ажиллагаа давамгайлж, ухамсартайгаа харилцдаг учраас хүүхэд өөрийгөө илэрхийлэхийн тулд бусдын дэмжлэг хэрэгтэй болдог. Тиймээс хүүхдийг хэлд оруулахад зориудын орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хүүхэд нэг үгийг 2000-6000 удаа сонсож байж тогтоодог. Тогтоож ойлгосны дараа хэрэглэж эхэлдэг юм. Тиймээс эцэг, эх, багш нар голлох үүрэг хүлээж хүүхдэд зааж өгөх, давтан хэлүүлэх зорилтот ажлыг хийж байх хэрэгтэй.
-Хүүхэд хэлд ороход сэтгэл зүйн хямрал нөлөөлдөг болов уу. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд байгаа хүүхэд бусад хүүхдүүдтэй харьцуулахад ямар ялгаа ажиглагддаг бол?
-Нөөлөлгүй яах вэ. Хэл ярианы орчин гэдэгт тайван байдал чухал нөлөөтэй. Хүүхэд өөрийг нь хайрлаж байгаа хүнээс л суралцах дуртай байдаг. Тиймээс хүүхдийг илүү их хайрлаж, тайван, аз жаргалтай, тав тухтай орчинд байлгавал сайн сурч, хөгждөг.
-Зайлшгүй эмчилгээ хийж байж хэл ярианы чадвар хөгждөг хүүхдүүд гэж байдаг болов уу?
-Мэдээж хэл ярианы бэрхшээл дотроо маш олон төрөлтэй. Жишээ нь, ээрдэг хүүхдүүдэд хэл засалчид хандахаас гадна сэтгэл заслын үйл ажиллагаа хийх шаардлагатай байдаг. Хэрэв ээрэлт нь нэлээд хүндэрсэн байвал булчин суллах бариа, массаж хийх, нойр, хоолонд нь сайн байлгах эмчилгээ хийдэг юм. Мөн гуншдаг, тагнай цоорхой, уруул сэтэрхий хүүхдийг багад нь мэс засал хийж, хэл заслын үйлчилгээ үзүүлснээр хурдан засарч дуудлага нь хэвийн болдог. Эдгээр тохиолдолд заавал эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай байдаг. Мөн сэтгэцээс шалтгаалсан тохиолдлууд ч бий. Мөн 0-2 буюу бага насанд нь хүүхэдтэйгээ харилцахгүй, айдастай байлгаж, дэлгэцийн өмнө орхичихдгоос болж хүүхдүүд хэл ярианы хөгжлөөс гадна, сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэл үүсдэг.
-Өгүүлэх эрхтний дасгалуудад ямар, ямар дасгал ордог юм бол?
-Өгүүлэх эрхтэнд хэл, залгуур хоолой, хүүхэн хэл, авиа ялган сонсох чадвар зэрэг орно. Жишээ нь, “Р” авиаг дуудахын тулд хүүхдийн хэлний үзүүр чичирхийлэх шаардлагатай. Тэгэхээр хүүхдийн хэлний хөдөлгөөнийг сайжруулах, хэлний захын мэдрэлийн эсийг сэргээх дасгалуудыг зориудаар хийдэг. Тэгвэл оройтож хэлд орж байгаа хүүхдүүдийн дууны өнгө сул, хэл яриа нь ойлгомжгүй, тод биш байдаг бөгөөд энэ нөхцөлд амьсгалаа авах, уушгины багтаамжийг сайжруулах, залгуур хоолой, хүүхэн хэл, авиаг ялган сонсох чадвар зэргээр цогц арга хэмжээ авдаг. Мөн гараа удирдан юм хийх чадварыг сайн хөгжүүлэх ёстой. Яагаад гэвэл, хэл яриа муу, хоцрогдож хөгжсөн хүүхэд халбага, харандаагаа буруу барих, зураг зурж чадахгүй, орон зайн баримжаа муу байх зэргээр илэрдэг. Энэ нь гарын жижиг булчингууд сайн хөгжөөгүй байгааг илтгэх бөгөөд захын мэдрэлийн ажиллагаа булчингийн чадврыг сайн хөгжүүлэх ёстой гэсэн үг.
-Ер нь монголчуудын уламжлалт аргууд хэр үр дүнтэй байдаг юм бол?
-Манай ард түмэн хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлэхийн тулд маш эртнээс бэлдэж, анхаарч ирсэн байдаг. Тэдгээр нь үгийг зөв тод ярихад зориулагдсан байдаг. Мөн тараг уугаад аягаа долоох, махаа зулгааж ид гэдэг шүү дээ. Мах зулгааж идсэнээр булчингийн хөгжил сайжирдаг юм. Түүнчлэн түргэн хэллэг, зүйр үг, оньсого, тааврыг хэлэхэд хүүхдийн оюун ухаан маш их тэлдэг. Нэг үгийн цаана маш олон утга агуулга байдаг гэдгийг ойлгуулж, үгийн нөөцийг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварыг дээшлүүлж, зөв тод ярих чадварыг сургадаг юм. Ер нь бол дэлхий дахинаа хэл заслын шинжлэх ухаанд хүүхдийн хэлийг засахад зориудын хэрэглэгдэхүүн ашиглахаас зайлсхийхийг уриалах болсон. Зарим хэл засалчид урт нарийн савхыг хүүхдийн хэл засахад ашигладаг. Хүүхэд өөрөө өөрийгөө мэдрэх нь үр дүнтэй гэж үздэг учир хүүхдийн ам руу гаднын биет хийлгүйгээр мэдрэхэд нь туслах хэрэгтэй гэж үздэг болсон. Гэхдээ шаардлагатай хүүхдүүдэд хэл, хацар, эрүү зэрэг өгүүлэх эрхтний булчныг сайжруулахад массаж хийж, хэрэглэгдэхүүн ашигладаг.
-Тэгэхээр уламжлалт бодоод бусад дасгал сургуйлалтаар үг, авиагаа зөв дуудаад сурчихсаны дараа өгүүлбэрээ зөв найруулж, хэлэхэд ямар арга ашиглах ёстой юм бэ?
-Хүүхдээ ганц, хоёр үг хэлэхээр яриад сурчихлаа гэж тооцож болохгүй. Хүүхэд эхлээд энгийн өгүүлбэрээр ярьж сурдаг. “Би шээе”, “Гадаа гаръя”, “Ээжээ май” гэх мэтчилэн өгүүлэгдэгдэхүүн, өгүүлэхүүнээс бүрдсэн өгүүлбэрээр ярьдаг. Тэгвэл үүнээс илүү дэлгэрүүлж, зэрэгцсэн, угсарсан нийлмэл өгүүлбэрээр зөв ярьдаг болоход эцэг, эхийн оролцоо чухал. Жишээ нь, арслан хэвтдэг, унтдаг, архирдаг зэргээр бүх үйлдлүүдийг нь зургаар харуулаад чи арслантай адилхан унтдаг уу, уурладаг уу гэх мэтээр харилцан яриа үүсгэж яриулах хэрэгтэй. Ингээд ямар асуулт тавибал хүүхэд хоёр, гурван үгнээс бүтсэн өгүүлбэр хэлж чадах вэ гэдгийг бодож заах ёстой. Жишээ нь, ээж хүүхэддээ “эмэгтэй хүүхэд уйлж байна” гэж хэлэхэд хүүхэд дагаж хэлнэ. Тэгэхээр нь “тэр эмэгтэй хүүхэд хаана уйлж байна” гэж асуугаад зургаа харуулбал “эмэгтэй хүүхэд гэртээ уйлж байна” гэж хариулна. Энэ мэтчилэн зураг үзүүлээд харилцан яриа үүсгэхээр логик сэтгэлгээ сайжирч, үгийн нөөц нэмэгддэг юм. Зарим багш данх зураарай гээд л орхичихдог юм билээ. Гэтэл бид одоо данх хэрэглэхээ больж, ус буцалгагч ашигладаг болсон шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд багш нар миний хэлж байгаа үгийг хүүхэд ойлгож байгаа эсэхийг бодож, оновчтой үг ашиглах хэрэгтэй. Бид тодорхой заахгүй л бол ойлгомжгүй байгаа зүйлээс амархан уйдаж анхаарал нь саринаж, дуугарах дургүй байгаагаа илэрхийлж эхэлдэг. Тэгэхээр хүүхэд ойлгоод эргүүлж хариулах энгийн зүйлсийг асуувал “би мэдэж байна” гэсэн урам зориг орж, идэвхтэй болж, ярих сонирхолтой болдог юм.
-Та таван хүүхэд тутмын нэг нь хэл ярианы доголдолтой байна гэсэн судалгааг танилцуулж байсан юм билээ. Үүнийг хэзээ хэрхэн хийсэн бэ?
-Оросын эрдэмтдийн сурдалгаанд дэлгэрэнгүй байдаг бөгөөд цэцэрлэгийн насныхан дунд хэл ярианы зөв дуудлагатай нэг ч хүүхэд байдаггүй болохыг нарийвчилсан судалгаагаар тогтоосон байдаг юм. Манай цэцэрлэгийн багш нар өгүүлэх эрхтний дасгалыг тогтмол хийлгэдэггүй, яваандаа засарчихна гэж байх ёстой асуудал мэтээр ханддаг, эцэг, эхчүүд ч би багадаа ийм л байсан намайг дуурайсан юм гэсэн байдлаар ханддаг. Гэтэл хүүхэд буруу дуудлагатай хэвээр сургуульд орохоор буруу дуудаж буй авиагаа буруу уншиж, бичиж, түүнээсээ болж хүүхдүүдэд шоолуулж эхэлдэг. Ингэснээр сэтгэл зүйн хямрал үүсч, сурах дургүй болно. Үүнийг харахаар бидний анзаарахгүй орхигдуулаад байдаг зүйлс хүүхэд маш том бэрхшээл болж байгаа биз. Судалгаа хийх болсон гол зорилго нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд 1, 2, 5, 10 дахь жилийн сургалтыг цэцэрлэгийн багш нарт заахдаа танай ангид авиан буруу дуудлагатай хэдэн хүүхэд байдаг вэ гэсэн асуултад бараг байхгүй, ганц хоёрхон л байдаг гэж хэлж байсан. Тиймээс бид 24 цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн 954 хүүхдэд судалгаа хийсэн. Багш нарын бөглөсөн судалгааг нягтлахад цэцэрлэгүүдээр явахад таван хүүхэд тутмын нэг нь хэлний ямар нэгэн асуудалтай байгааг тогтоосон. Зөвхөн авиан буруу дуудлагаас шалтгаалсан биш, ээрдэг, гацдаг, ярьдаггүй гэх мэт бэрхшээл байгаа юм. Харин дараа нь жирэмсэн үедээ тоонус өгч, хордлого их, антибиотикийн хэрэглээ их, суурь өвчин гэх мэт хүнд, эрсдэлтэй нөхцөлд хүүхэдтэй болсон 221 хүүхдийн эцэг, эхээс судалгаа авсан. Ингээд анализ хийхэд жирэмсний хүндрэл, эсвэл хүүхдийн шарлалт их байсан зэрэг тохиолдол нь хүүхдийн хөгжилд нөлөөлдөг болохыг мэдсэн. Тэдгээр хүүхдүүдээс хөнгөн хэлбэрийн буюу сонсох, сэтгэн бодох чадвар хэвийн боловч авиаг орхиж, буруу дууддаг хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй ярилцаад сургалт явуулж засан сайжруулах үйл ажиллагааг хамтарч хийхээр болсон юм. 45 хүүхдийг нэг хичээлийн жилийн хаврын улирлын долоо хоног бүрийн 2-3 өдөрт хэл заслын засан сайжруулах үйл ажиллагааг явуулахад 82 хувь нь бүрэн засарсан үр дүн гарсан. Гүйцэт асраагүй хүүхдүүдийн хувьд эцэг, эхийн хайхрамжгүй байдал, гэрт нь давтан сургадаггүй, эсвэл олон авианы буруу дуудлагатай, тултираатай гэх мэт бэрхшээлээс шалтгаалсан. Үүгээр сургуулийн өмнөх насанд буюу хүүхдийн өгүүлэх эрхтэн уян хатан, сурах чадвар нь хурдан байх үед хэл засах ёстой байдгийг нотолж, докторын зэрэг хамгаалсан. Ингэснээр Боловсролын цөм хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд оролцож, тусгай хэрэгцээт боловсрол олгох хөтөлбөр болон бүх аймаг, дүүргийн цэцэрлэгийн багш нарт хэл заслын зөвлөмж тараасан байгаа.
-Багаас нь гадаад хэл сургах нь зөв буруу гэж янз бүрээр л ярих юм. Ер нь гадаад улсад цэцэрлэгийн насны хүүхдүүдэд өөр хэл заахыг хориглодог юм болов уу?
-Ер нь орон орны хэлийг баруун, зүүн тархи хөгжүүлэх хэл гэж хуваадаг. Баруун гэдэгт зөөлөн дуудлагатай хэл буюу англи хэл ордог бол, зүүн гэдэгт монгол, герман, орос зэрэг биеийн хүч шаардсан хэл ордог юм. Норвегид тавдугаар анги хүртэл нь төрөлх хэлийг нь заагаад зургадугаар ангиас англи хэл үзэж, долоо, наймдугаар ангиас хоёрдогч, гуравдагч хэлийг сургаж эхэлдэг. Ер нь хэчнээн сайн англи хэлтэй байгаад Монголоороо хэлж, тайлбарлаж чадахгүй бол ямар ч үр дүнгүй. Үүнээс болоод манай улсад буруу бичсэн реклам, самбаруудаар дүүрчихлээ шүү дээ. ОХУ-д 200 хүүхэд тутамд нэг хэл засалч байх ёстой гэж үздэг бөгөөд багшийн мэргэжлийг давхар эзэмшсэн байдаг учир ажлын таван цагтай хэрнээ өндөр цалин авдаг байх жишээний. Тэгээд долоон настайд нь сургуульд оруулдаг. Манайд хэрэгжээд буй зургаан настайгаас нь сургуульд оруулдаг зарчим бол Америкийн зөөлөн дуудлагатай хэлтэй улс оронд хэрэгждэг тогтолцоо шүү дээ. Авиагаа зөв дуудаж сураагүй байхад нь сургуульд оруулахаар минутын уншлага авах үед буруу хэлж байгаагаасаа санаа нь зовж, сандарснаас болоод ээрдэг болчихдог. Тэгэхээр цэцэрлэгт нь зөв сургаж заахгүй л бол бага ангийн багш нарт давхар ачаалал үүсгээд байгаа юм.