Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.
-Ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Энэ үеэр халамж, тэтгэвэр, тэтгэмж зэрэг ахмадуудад тулгарч буй олон асуудлын талаар санал солилцсон байх. Мөн Ерөнхийлөгч орон нутагт ажиллах үеэрээ тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ гэжээ. Үнэхээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох боломж бий юу?
-Ахмад настнуудад олгож буй тэтгэврийг индексжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 380 мянган ахмад тэтгэвэр авч байна. Эдгээр ахмадуудын 60 орчим хувь нь хамгийн бага тэтгэвэр авч байгаа нь үнэн. Ийм учраас нийгмийн өндөр настнуудын хамгааллыг сайжруулах, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Ирэх жил нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг индексжүүлэн нэмэгдүүлэх арга хэмжээг авна. Мөн илтгэлцүүр тогтоох замаар тэтгэврийн зөрөөг арилгахаар төлөвлөж байна.
-Ерөнхийлөгчийн ярьж байгаа шиг шууд 500 мянга болгох бололцоотой юм уу?
-Нэг удаагийн арга хэмжээгээр тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болгоно гэвэл төсөв санхүүгийн хувьд дарамт ирнэ. Ер нь тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Гэхдээ үе шаттайгаар нэмэгдүүлэх ёстой. Энэ оны хоёрдугаар сарын 1-ээс тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг байгаа. Үүнд дээр 220 мянган төгрөгийг нэг удаагийн арга хэмжээгээр нэмэгдүүлэх боломжгүй юм.
-Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор ярьж байгаа. Ер нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломж ямар боломжтой юу?
-Өнгөрсөн 2017 оны төсөвт 140 тэрбум төгрөгийн тодотгол хийж, тухайн оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож дуусгасан. Харин энэ жил 2018 оны төсөв санхүүгийн боломждоо тулгуурлан хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт чиглүүлэх үүднээс 60 хувьд нь олгож байна. Хүүхдийн мөнгөөр сарынхаа амьжиргааг залгуулж байгаа олон өрхүүд байна. Тиймээс хүүхдийн мөнгөний хамрах хүрээг сайжруулах ёстой. ОУВС-гийн ажлын хэсэгтэй уулзаад хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд өгөх санал тавихад урьдчилсан байдлаар зөвшөөрсөн. Азийн хөгжлийн банкнаас ОУВС зөвшөөрвөл хүүхдийн мөнгийг 80 хувьд олгоход татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас ирэх сараас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгож эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эцсийн шийд гараагүй байна. Харин үлдэж байгаа 20 хувь нь орлогын эх үүсвэртэй айл өрхийн хүүхдүүд байгаа учраас хүүхдийн мөнгө авахгүй байх шалтгаан байдаг. Тийм учраас нийт хүүхдийн 80 хувьд олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Хаврын чуулганаар Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол өөрчлөлтүүд нь юу байгаа вэ?
-Хөдөлмөрийн тухай хууль анх батлагдсанаас хойш улс оронд маш их өөрчлөлтүүд боллоо. Энэ өөрчлөлтүүдийг одоогийн мөрдөж буй хөдөлмөрийн тухай хууль бүрэн зохицуулж чадахгүй байна. Ялангуяа хөдөлмөрийн харилцаатай холбоотой өөрчлөлтүүдийг хийх шаардлага байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар маш олон зохицуулж чадахгүй байгаа хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон шинэ зохицуулалтыг тусгасан.
Нэгд, Хөдөлмөрийн хуулиар ажилтан ажил олгогчтой зайлшгүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөлд хууль үйлчилдэг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд тухайн ажилтны нийгмийн хамгаалал, цалин хөлстэй холбоотой асуудлыг одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулдаггүй. Гэтэл ажил олгогчид ажилчдыг богино хугацаагаар ажиллуулах, туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулчихаад ажлын шаардлага хангахгүй байна гэх мэт олон асуудал гаргадаг. Энэ тохиолдолд одоогийн мөрдөгдөж буй хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг хуулиар зохицуулахгүй байгаа учраас түр хугацаагаар ажилласан ажилчид хохирох асуудал түгээмэл байна. Тийм учраас хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төслөөр заавал хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөлд хөдөлмөрийн хууль үйлчлэх хязгаарыг өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч туршилт, дадлагажигчаар ажиллаж байгаа ажилтан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд нийгмийн хамгаалал, цалин хөлстэй холбоотой асуудлуудыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг болж байгаа юм. Тодруулбал, заавал хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхыг шаардахгүйгээр хөдөлмөрийн харилцааны хэв шинж үйлчилж эхэлсэн л бол цалин хөлс, нийгмийн баталгааг шийдэж, зохицуулдаг байхаар зохицуулж байгаа юм.
Хоёрт, Зайлшгүй шаардлагаар шөнийн цагаар ажиллах шаардлага байдаг. Гэтэл одоогийн хуулиар шөнийн цагаар ажилладаг ажилтны цалин хөлстэй холбоотой заалт байхгүй. Харин шинэчилсэн найруулгаар шөнийн цагаар ажиллах ажилтны цалин хөлсийг 1.3 дахин нэмэгдүүлж олгохоор хуульчилж өгч байна.
Гуравт, Хөдөлмөрийн тухай хуульд оруулж буй шинэ зохицуулалт гэвэл мэргэжилтэй ажилчдад мэргэжлийнх нь ур чадвараас хамаараад үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн зэрэг олгодог байх тогтолцоог бүрдүүлж байгаа юм. Мэргэжлийн ур чадвар зэргээсээ хамаараад ялгамжтай цалин авдаг байх зохицуулалтыг оруулж байна.
Дөрөвт, хүний нөөцийн үйлчилгээг зарим аж ахуй нэгж байгууллагууд хүний нөөцийн үйлчилгээ явуулдаг компаниар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлдэг харилцаа нэлээд бий болсон байна. Энэ харилцааг хуулиар зохицуулж чадахгүй байна. Тиймээс шинэчилсэн хуулиар хүний нөөцийн үйлчилгээг хүний нөөцийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэрээгээр гүйцэтгүүлэхийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл, гурвалсан гэрээ байгуулж болно. Гэхдээ нийт ажиллагсдын 30 хүртэлх холбоотой асуудлыг хүний нөөцийн үйл ажиллагаа явуулдаг компаниар гэрээний дагуу гүйцэтгүүлж болно.
Тавд, сүүлийн үед олон төрлийн бизнес бий болж байна. Ялангуяа уул уурхайн олборлох үйлдвэрүүд хөгжсөнөөс шалтгаалан олон залуучууд гэрээсээ алслагдмал байдлаар ажилладаг хөдөлмөрийн харилцаа бий болсон байна. Энэ нь сүүлийн 10 орчим жил ямар ч хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Тухайлбал, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад нийслэлийн залуучууд ажиллаж байгаа юм. Гэтэл тэднийг зарим компаниуд 40 хоног ажиллуулаад 20 хоног амраадаг эсвэл 14 хоног ажиллуулаад 7 хоног амрааж байна. Ингэж гэрээсээ алслагдмал байдлаар ажиллаж байгаа ажилчдын ажил, амралтын горимыг одоогийн мөрдөж буй хууль зохицуулж чадахгүй байгаа юм. Тийм учраас гэрээсээ алслагдмал байдлаар ажиллаж байгаа ажилчдын ажил амралтын нэгдсэн горимоор зохицуулдаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрээсээ алслагдмал ажиллаж байгаа ажилчдыг дээд тал нь 21 хоног ажиллуулаад 10 хоног амраадаг байхаар хуульчилж байгаа.
Түүнчлэн, гэрээсээ буюу зайнаас хөдөлмөр эрхлэх үйлчилгээ үзүүлэх, боломжийг нээж өгч байгаа. Гэх мэт маш олон хөдөлмөрийн харилцаатай холбоотой зохицуулж чадахгүй байгаа харилцааг хөдөлмөрийн тухай шинэ хуулиар зохицуулахаар оруулж байгаа юм.
-Тэмдэглэлт өдрүүд амралтын өдөр таарсан тохиолдол дараагийн өдрүүдэд шилжүүлдэг зохицуулалт бусад орнуудад байна. Үүнийг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Одоогийн мөрдөж байгаа хуулиар нийтээр амрах баярын өдөр жилд 14 хоног байна. Эдгээр нийтээр амрах баярын өдөр долоо хоногийн бямба, ням гаригуудад давхацвал амралтыг нөхөж олгодоггүй. Бусад орнуудад нийтээр амрах баярын өдөр долоо хоногийн бямба, ням гаригт таарвал дараагийн ажлын өдөрт нь шилжүүлэн олгодог туршлага байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах амралтын өдөр долоо хоногийн бямба, ням гарагт давхцаж таарсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэн нөхөж амраадаг байх хуулийн зохицуулалтыг оруулж ирсэн.
-Оюутан залуус цагаар хөдөлмөрлөх эрхлэх сонирхолтой болсон. Үүнийг шинэчилсэн найруулгаар зохицуулж байгаа юу?
-Залуучууд цагаар хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг. Цагаар ажиллахыг нь хуульчилж, цагаар ажилласан хүмүүс ажлынхаа хөлсийг цагт нь авдаг байх харилцааг зохицуулж өгч байна. Ялангуяа манай оюутан залуучууд өдөрт 4-өөс дээш цагаар ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нээж өгч байгаа юм. Гэхдээ бүрэн бус цагаар ажиллаж байгаа ажлын хөлс нь бүрэн цагаар ажилладаг ажилтны хөлснөөс багагүй байхаар хуульчилж байгаа. Ингэснээр манай залуучууд сурахын зэрэгцээ өдөрт 4 цагаас дээш хугацаагаар ажиллаж, ажлын хөлсөө цаг тухайд нь авдаг байх зохицуулалтыг хийж байна.
-Япон улсад дадлагажигч бэлтгэж байгаа. Энэ жилийн хувьд япон улсад дадлагажигч явуулах шаардлагад өөрчлөлт орсон. Хэчнээн дадлагажигч явах боломжтой байна вэ?
-Япон улсад техникийн ур чадвартай дадлагажигч илгээх гэрээ байгуулан ажиллаж байна. Өмнө нь гурав хүртэлх жилээр дадлагажигч илгээдэг байсан бол энэ жилээс тав хүртэлх жилээр дадлагажигч илгээдэг болж байна. Японы талаас хүлээн авагч байгууллага нь хувийн байгууллага байсан бол энэ жилээс төрийн байгууллага дадлагажигч авах асуудлыг зохицуулахаар болж байгаа юм. Харин Монголын талаас 60 гаруй аж ахуй нэгжээс япон улсад дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөл олгосон байна. Шинээр дадлагажигч илгээх асуудлаас өмнө нь япон улсад дадлагажигч илгээхээр олгосон тусгай зөвшөөрлийн гэрээг дүгнэж, тухайн аж ахуй нэгж байгууллагуудыг баталгаажуулж, гэрчилгээ олгоно. Одоогийн байдлаар 12 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Удахгүй япон улсаас шинэ дадлагажигч хүлээн авах журмаа танилцуулах байх. Цаашид япон улсад дадлагажигч илгээх асуудлыг төрийн мэдлийн мэргэжлийн болон сургалтын байгууллагуудыг түшиглэн явуулах чигтэй байгаа.
Жилд дунджаар 20 хүн дадлагажигчаар явдаг. Тэгсэн хэрнээ Японд дадлагажигч илгээх зөвшөөрөлтэй байгууллагын тоо нь 60 гарсан байна. Энэ олон зөвшөөрөлтэй асуудлыг цэгцэлнэ.