Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар 64 орноос 62-т эрэмбэлэгдэж байна

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар 64 орноос 62-т эрэмбэлэгдэж байна
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 4
Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгээс сүүлийн таван жил “Дижитал өрсөлдөх чадвар”-ын судалгааг танилцуулсан. Уг судалгаанд дэлхийн 64 улсын тоон технологийн шилжилт, дижитал эдийн засгийн чадавх, дэд бүтцийг харьцуулах байдлаар эрэмбэлдэг.
Дижитал өрсөлдөх чадварын судалгаа нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад дижитал шилжилт хийхэд хүний нөөцийг хэрхэн зөв хуваарилах, цахим хувьсгал хийсэн бусад орны шилдэг туршлагуудыг судалж, өөрийн онцлогт тохирсон үр дүнтэй менежмент боловсруулахад туслах зорилготой юм.
Улс орнуудын дижитал өрсөлдөх чадварыг тогтоохдоо цахим шилжилтэд шаардлагатай “мэдлэг” буюу боловсон хүчний ур чадвар, технологийн хүний нөөцийг бэлдэх байдал, шинжлэх ухааны институтийн хөгжил, “технологи” буюу зохицуулалтын орчин, хөрөнгө оруулалт, болон “ирээдүйн бэлэн байдал” буюу технологид дасан зохицох, шилжих байдал, бизнесийн орчин, мэдээллийн технологийн интегралчлал гэх гэх гурван үндсэн хүчин зүйлээр тодорхойлдог байна.
Улмаар бүс нутгийн хувьд 2021 оны судалгаанд Зүүн Азийн орнууд шинжлэх ухаан, боловсрол, хиймэл оюун, робот хөгжүүлэлтэд оруулсан хөрөнгө оруулалт болон өндөр төвшний технологийн экспортоор Хойд Америк болон Европыг анх удаа гүйцсэн аж.
Дижитал өрсөлдөх чадварын судалгааг АНУ сүүлийн дөрвөн жил тасралтгүй тэргүүлж байна. АНУ-ын араас Хонконг, Швед, Дани, Сингапур, Швейцар, Голланд, Тайвань, Норвеги, Арабын Нэгдсэн Эмират, Финланд, Өмнөд Солонгос, Канад болон Их Британи бичигджээ. Харин БНХАУ-ын хувьд 15-р байрт эрэмбэлэгдсэн байна. Манай урд хөрш 2017 оны анхны судалгаанд 30-р байрт бичигдэж байв. Улмаар үүнээс хойш таван жилийн хугацаанд БНХАУ нийт 15 байр урагшилсан буюу дижитал өрсөлдөх чадвар нь хамгийн хурдтай сайжирсан оронд тооцогдож байгаа юм. Манай хойд хөрш ОХУ-ын хувьд сүүлийн гурван жилд 4 байр урагшилж, 64 орноос 42-д эрэмбэлэгдсэн байна.
undefined
undefined
Тэгвэл Монгол Улс дижилтал өрсөлдөх чадварын 2021 оны судалгаанд дэлхийн 64 орноос 62-т буюу сүүлээсээ гуравт эрэмбэлэгджээ. Манай улсын өмнө Колумб, ӨАБНУ болон Аргентин эрэмбэлэгдсэн бол Монгол Улс Ботсван болон Венесуэлийн өмнө бичигдсэн байна. Мөн Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар Ази-Номхон далайн бүс нутгийн 14 орноос сүүл мушгиж байгаа бөгөөд 20 саяас доош хүн амтай 35 орноос 34-д эрэмбэлэгдэж байгаа юм.
Монгол Улс дижитал өрсөлдөх чадварын гурван гол үзүүлэлт болох технологийн мэдлэгийн үзүүлэлтээр 58-д, зохицуулалтын орчинд 62-т, бизнесийн үзүүлэлтээр мөн 62-т тус тус эрэмбэлэгджээ. Манай улсын технологийн мэдлэгийн үзүүлэлт сүүлийн таван жилд ердөө нэг байр урагшилсан бол, зохицуулалтын орчин өөрчлөгдөөгүй, бизнесийн үзүүлэлт хоёр байр ухарсан байна.
undefined
Харин Монгол Улс дижитал өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд дундаас “мэдлэг”-ийн шалгуурууд дундаас компанийн ажилчдыг хөгжүүлэх, мэдээллийн технологийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн эмэгтэй боловсон хүчний тоо, эмэгтэй судлаачдын тоогоор дээгүүр эрэмбэлэгдсэн байна. Мөн манай улс харилцаа холбооны салбарт хийж буй хөрөнгө оруулалт болон ухаалаг гар утастай иргэдийн тоогоор тус тус 14-д эрэмбэлэгдсэн нь хамгийн сайн үзүүлэлт болжээ.
undefined
Эсрэгээрээ Монгол Улс дижитал өрсөлдөх чадварын хувьд өндөр түвшний технологийн патент эзэмших байдал, судалгаа хөгжүүлэлт, оюуны өмчийг хамгаалах байдлаар хамгийн муу үнэлгээ авсан бөгөөд кибер аюулгүй байдлаар 63-т, мэдлэгийг цааш дамжуулах байдлаар 64-т буюу сүүл мушгисан байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн