Банкны салбарт өрнөж байгаа зарим үйл явдлыг тоймлон хүргэе.
2022 оны зургадугаар сард банкууд IPO зарлана гэсэн боловч Активын чанарын үнэлгээ /AQR/-г хийж амжихгүй болсон гэх шалтгаанаар 2023 оны зургадугаар сарын 31 болгож хойшлуулсан. Энэ хугацаанд хүсэлтээ өгсөн банкууд активын чанарын үнэлгээгээ хийлгүүлсэн бол түрүүлж IPO зарлаж болно гэдгийг Монголбанкнаас мэдээлсэн. Үүний дагуу системийн нөлөө бүхий таван банк активын чанарын үнэлгээгээ хийлгүүлж дууссан байна. Үүнээс эхний ээлжид Хаан банк, Голомт банк, Төрийн банкууд IPO зарлах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэв.
Системийн нөлөө бүхий банкуудын актив болон эх үүсвэр
Банкуудын аудитлаагүй тайлангаар банкны системийн нийт актив өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнээс Голомт банкны актив 10 хувиар, Худалдаа хөгжлийн банкны актив есөн хувиар өссөн байна. Харин Хаан банкны актив 0.2 хувиар буурчээ. Мөн банкны салбарын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг их наядаар буурсан байгаа юм. Ингэхдээ, Хаан банкны эх үүсвэр 0.9 их наяд, Төрийн банк 0.2 их наяд төгрөгөөр буурав. ХХБ, Голомт банкны эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн гэж Банкны холбоо мэдээлэв.
Валютын нөөц ба хязгаарлалт
2022 оны долдугаар сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам.доллар болж буурав. Нөөц багасаж, долларын ханш өсч байгаатай холбоотойгоор арилжааны банкууд иргэдэд 1000 ам.доллароос дээш бэлэн гаргалт, гүйлгээг хязгаарлав. Нэн шаардлагатай тохиолдолд албан бичгээр хандан үүнээс дээш гүйлгээг зохицуулсан хэвээр байна.
Ипотекийн зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 49 хувиар буурч, 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг Төв банк 60, арилжааны банк 40 хувийн эх үүсвэрээр хангаж байна. Хэдийгээр зээл олголт өмнөх оноос буурсан ч хэвийн гарч байгаа бөгөөд энэ онд 4600 гаруй зээлдэгч 400 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээл олгов.
Төгрөгийн болон валютын хадгаламжийн төвлөрөл
Mөнгөний нийлүүлэлт 2022 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болов. Төгрөгийн хадгаламж 2022 оны долдугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8 тэрбум төгрөгөөр буурав. Харин төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 89.8 хувь (11.9 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж байгаа бол 10.2 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 11.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 354.1 тэрбум төгрөгөөр өсжээ.
Банкууд бизнесийн зээлээ танаж, шалгуураа өндөрсгөв. Үүнд системийн нөлөө бүхий дийлэнх банк нь ийм шийдвэрийг тавдугаар сараас хэрэгжүүлээд байна.
Банкуудын хөрөнгийн өгөөж хадгаламжийн өгөөжөөс давав
Системийн нөлөө бүхий банкуудын өөрийн хөрөнгийн дүн 4.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн байна. Өөрийн хөрөнгө гэдгийг тухайн байгууллага нь өөрийн хөрөнгөө хэр үр ашигтай зарцуулж буй тухай мэдээллийг өгдөг. Өөрөөр хэлбэл хөрөнгийг хэрхэн ашиг болгож буйг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Банкууд цалингийн болон ипотекийн гээд бүхий л төрлийн зээлээс 0.5-1 хувийн шимтгэл авдгийг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэв. Иймд банкуудад тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулав. Учир нь арилжааны 11 банкинд зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн юм. Харин арилжааны банкууд ШӨХТГ-ын шийдвэрээр шимтгэлийг цуцлах боломжүй, ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэдгээ иргэдэд илэрхийлж буй.
Хаан банкны хувьцаа эзэмшигчид хөдөлгөөнд оров
Монголын хамгийн том арилжааны банк болох Хаан банкны нөлөө бүх хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оров. Тодруулбал, Хаан банкны 45.55 хувийг эзэмшигч Японы Савада Холдингсийн Ерөнхийлөгч Хидео Савада өөрийн хувиа 200 сая ам.доллараар зарж, хувьцаа шилжүүлэх ажил 2022 оны зургадугаар сард хийгдэж дууссан байна. Энэхүү хувьцаа шилжих процесс жил гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн тавдугаар сард Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл өгснөөр эцэслэгдэв.
“М” банкны тусгай зөвшөөрлийг олгов
“MCS”-ийн М банкинд үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл олгосон тухай Монолбанкны ерөнхийлөгч мэдээлэв. Үйл ажиллагааны хэлбэр нь төрөөс баримталж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн агуулгатай таарч байна гэж үзжээ.