Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр орон даяар Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор боловсролын үнэлгээний төв нь ЭЕШ-ыг ил тод, шударга, шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд “Шууд засалтын шилэн технологи”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. 2019 оны ЭЕШ-ыг орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 шалгалтын төвд тус технологийг ашиглан “Шууд засалт”-ыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү технологийг Монголд анх удаа орон даяар нэвтрүүлснээр жил бүрийн хавар ЭЕШ-тай холбоотой гардаг маргаан, эргэлзээг багасгахын зэрэгцээ ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын өмнө мэдээлэх боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь шалгалтын дүн, оноог 14 хоногийн дотор мэдээлдэг, шалгалтын материалын засалтын үйл ажиллагаа ил тод бус байсан. Харин одоо шилэн технологи нэвтэрснээр багш нарын ачаалал эрс багасахаас гадна орон нутгаас шалгалт өгч байгаа сурагчид санхүүгийн зардал гарахгүй зэрэг олон асуудлыг шийдэж чаджээ.
Энэхүү технологийг өмнөх жил Дархан-Уул, Ховд аймагт туршиж амжилттай болсон тул энэ жилээс орон даяар ийнхүү хэрэгжүүлж байгаа юм байна. Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Шалгуулагчид өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой. ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг 2019 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хаягийн “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулах юм байна. Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг 2019 оны зургадугаар сарын 24-ны өдрөөс тараана. ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй. Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр энэ жил ЭЕШ-д нийт 18130 шалгуулагч бүртгүүлснээс нийт шалгуулагчдын 80,2 хувь нь энэ оны төгсөгч, 19,8 хувь нь өмнөх оны төгсөгч байна.
Мөн шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө.