Үндэсний аудитын газрын “Нийгмийн даатгалын сангийн 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит”-д: “Монголбанкнаас хянасан зохист харьцааны үзүүлэлт шаардлага хангахгүй, санхүүгийн байдлын тайлангаар алдагдалтай, өөрийн хөрөнгийн хэмжээ болон эрсдэлийн сан сөрөг дүнтэй нэр бүхий хоёр банкны харилцах дансанд байршиж байгаа 100.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэн байна” гэх зөрчлийг илрүүлсэн байдаг. Улмаар НДЕГ-ийн дарга Д.Зоригт болон Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү нарт албан шаардлага хүргүүлж байв.
Дараа нь Аудитын ерөнхий газрын орлогч дарга О.Тэнгис 2020 оны наймдугаар сард арилжааны банкууд дээр НДС-гийн 484.3 тэрбум, ЭМДС-гийн 233 тэрбум төгрөг байршиж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс НДС-гийн эх үүсвэрийг байршуулж байгаа хоёр банк эрсдэлтэй болсныг мөн мэдэгдсэн. Тиймээс эрсдэлтэй банкуудаас төр мөнгөө татаж, зөв байршуулахгүй бол Капитал банкны түүхийг давтаж, хуримтлалын сангийн хөрөнгийг алдах эрсдэлтэйг анхааруулж байв.
Харин “Нийгмийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит”-д: “Өмнөх аудитаар өгсөн нэг албан шаардлага, гурван зөвлөмжийг хэрэгжүүлж, нэр бүхий 2 банкинд байршиж байгаа мөнгөн хөрөнгийн эрсдэлийг бууруулж, татан төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллах талаар өгсөн албан шаардлага хэрэгжээгүй” гэжээ.
Тухайлбал, НДЕГ Сүхбаатар дүүргийн шүүхэд Чингис хаан банкинд холбогдуулан НДС-гийн нийт 101.7 тэрбум төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2020 оны аравдугаардугаар сарын 22-ны өдрийн “181/ШШ/2020/02624” дүгээр захирамжаар Чингис хаан банк нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингээд НДЕГ нь Чингис хаан банктай 2020 оны арваннэгдүгээрдүгээр сарын 5-ны өдрийн 11/05 дугаар “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Гэвч Чингис хаан банк гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг барагдуулаагүй байна.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд НДЕГ 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн СБГ-2 дугаар “Харилцах, хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ хийх гэрээ” байгуулсан. Гэвч гэрээний хэрэгжилт хангалтгүй, хуваарийн дагуу төлөх төлбөрүүдийг төлөөгүй байна.
Төлбөр барагдуулах, харилцах, хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ хийх гэрээнд заасан хуваарийн дагуу Чингис хаан банк хоёр тэрбум, Үндэсний хөрөнгө оруулалтын банк 4.75 тэрбум төгрөгийн төлөлтүүдийг хийгээгүй гэжээ. Мөн мөнгөн хадгаламжийн гэрээнд заасны дагуу сар бүр Монголбанкнаас хянаж, тогтоосон банкны зохистой харьцааны үзүүлэлтийн мэдээг ирүүлээгүй байгаа зөрчлүүд нь нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө алдагдах, төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна гэдгийг анхааруулсан байдаг.
Улмаар Үндэсний аудитын газраас банкуудтай байгуулсан гэрээний үүргийг хангуулж ажиллах, НДС-гийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулахад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар дахин албан шаардлага хүргүүлсэн.
Тэгвэл Үндэсний аудитын газрын “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит”-д: “Нэр бүхий хоёр банкны төлбөр гүйцэтгэх чадвар буурснаас оны сүүлд өгсөн 8 тэрбум сая төгрөгийн төлбөрийн даалгавар биелэгдээгүй байна. Тайлант онд банкууд алдагдалтай ажиллаж, санхүүгийн байдлын тайланд тусгасан өөрийн хөрөнгийн хэмжээ сөрөг дүнтэй, эрсдэлийн сан нь үлдэгдэлгүй байгаа нь эдгээр банкны харилцах дансанд байршиж байгаа 53.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэнийг харуулж байна” гэжээ.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт өнгөрөгч наймдугаар сард мэдээлснээр Монголбанкны эрсдэлтэй ангилалд багтсан дээрхи хоёр банканд НДС болон ЭМДС-гийн нийт 314.7 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байршиж байгаа юм. Тухайлбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 116.2 тэрбум, Чингис хаан банканд 198.5 тэрбум төгрөг тус тус байршиж байна.
Монголбанкны “Төсвийн байгууллага төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур банкинд данс нээх, хаах журам”-д арилжааны банкинд байрших нийт төрийн хөрөнгийн хэмжээ тухайн банкны активын 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан.
Гэтэл 2021 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Чингис хаан банкны нийт актив 308.09 тэрбум төгрөг. Тус банкинд байршиж буй НДС болон ЭМДС-гийн мөнгөн хөрөнгө 198.5 тэрбум төгрөг буюу нийт активын 64.4 хувь байна. Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нийт актив 134,06 тэрбум төгрөг. Тус банкинд байрших НДС болон ЭМДС-гийн мөнгөн хөрөнгө 116.2 тэрбум төгрөг буюу нийт активын 86.6 хувьд хүрээд байгаа юм.
Түүнчлэн хэрэв дээрх хоёр банк дампуурах нөхцөл байдал үүсэж, төр мөнгөө яаралтай татах шаардлага үүссэн тохиолдолд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийн хувьд аль аль нь мөн хангалтгүй буюу Монголбанкны шаардлага үзүүлэлтийг хангахгүй байгаа юм.
Тухбайлбал, 2021 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар Чингис хаан банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 25 хувь байхаас хасах 11.6 хувь байгаа бол Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд энэ тоо 0.6 хувь байна.
НДС, ЭМДС-гийн чөлөөт мөнгөн эх үүсвэрийг хүүгийн орлого олох зорилгоор арилжааны банкинд байршуулах гэрээ байгуулах тухай шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр гаргадаг. Өөрөөр хэлбэл, энэ нь холбогдох хууль, журмын дагуу хийгддэг ажил юм.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Засгийн газрыг төлөөлсөн гурав, даатгуулагчийг төлөөлсөн гурав, ажил олгогчийг төлөөлсөн гурав буюу тус тус есөн гишүүний бүрэлдэхүүнтэй.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Сангийн сайд, Хууль зүйн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд багтдаг бол Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар байдаг.
Нэр бүхий хоёр банкинд хуримтлалын сангийн хөрөнгүүдийг байршуулах үед Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг нар тус тус ажиллаж байв.
Харин шүүхийн шийдвэр болон НЕДГ, ЭМДЕГ-тай байгуулсан гэрээгээ зөрчиж, графикийн дагуу төрийн мөнгөн хөрөнгийг эргэн төлөхгүй байгаа Чингис хаан банк нь өнөөгийн Сангийн сайд С.Жавхлангийн оролцоотой байгуулагдсан бол Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд Хотын дарга Д.Сумъяабазар 15.99 хувийг эзэмшдэг.
Түүнчлэн Монголбанкны эрсдэлтэй ангилалд орж, Үндэсний аудитын газар 2019 оноос хойш төлбөрийн чадвар доголдсон болохыг анхааруулсаар байтал Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 53 тэрбум, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 45 тэрбум төгрөгийн чөлөөт мөнгөн эх үүсвэрийг байршуулсан байна. Эрсдэлтэй гэж мэдээллээд байхад төрийн, татвар төлөгчдийн мөнгийг байршуулаад байгаагийн цаана хэн нэгний эрх шиг байхыг үгүйсгэхгүй. Дээрх хоёр банкны асуудал болон хамаарал бүхий улстөрчдийн эрх ашиг Капитал банкны түүхийг давтагдах болгоомжлолыг бий болгоод байгаа юм.