Бусдыг манлайлан, удирдан чиглүүлж дэлхийг өөрчлөхийн тулд өмнөх хүмүүсийн туршлага, зөвлөгөөг сонсож, хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай билээ. Та ямар ч салбарт бизнес эрхэлдэг байх нь хамаагүй. Дараах шилдэг манлайлагч нарын манлайллын тухай зөвлөгөө нь таныг өөрийн бизнестээ алдаа гаргахаас сэргийлээд зогсохгүй ашиг орлогоо нэмэгдүүлж, компаниа хөгжүүлэхэд тань бага ч болов туслана гэдэгт итгэлтэй байна.

1. Ирээдүйд юу болохыг тооцоол. Өөрийгөө цаг хугацааны машинд суусан байна гэж төсөөлөөд, гурван жилийн дараах ирээдүйд оч. Тэгээд гурван жилийн дараа өөрийн компаниа ямар байхыг хүсэж, харж байна тэрийгээ цаасан дээр буулган бич. Дараа нь тод томруун зураг гаргаж өөрийн багтаа танилцуул. Ингэснээр тэд зөвхөн та л харж чадах таны алсын харааг олж харах бөгөөд үүнд хүрэхийн тулд юуг хэрхэн хийх талаар өөрсдийн төсөөлөлтэй болно. Үүний дараагаар бүгд алсын хараагаа нэгтгэж нэгэн зүгт амжилтын төлөө зорилго тавин ажиллах боломжтой болно. Камерон Херолд /Backpocked COO үүсгэн байгуулагч, Double Double номын зохиолч/
2. Та өглөө бүр сэрмэгцээ, үдэш бур унтахаасаа өмнө өөрийн ажил, амьдрал, карьераасаа аз жаргал мэдэрч байна уу гэдгээ бодож байх хэрэгтэй. Хэрвээ танд тийм санагдахгүй бол өөрчлөлт хийх цаг нь болжээ гэсэн үг. Энтони Лолли /Rapid Reality үүсгэн байгуулагч/
3. Бүхнийг хянахад суралцаж чадна гэдгээс бууж өгөх хэрэгтэй. Манлайлагч байна гэдэг нь, өөрийн дагагч нараа сонсож тэдэнд нөлөөлөх тухай ойлголт юм. Үүнийг ямар нэгэн тусгай сургалт, эсвэл ерөнхий боловсролоос олж авах нь юу л бол. Бараг бүх бизнест амжилттай явах эсэх нь удирдагчийнх нь хүмүүжил, төлөвшилт, хувь хүн, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах зэргээс ихээхэн хамаардаг. Хосе Ли /71lbs үүсгэн байгуулагч/
4. Өөрийгөө өөрөөсөө илүү хүчирхэг хүмүүсээр хүрээлүүл. Тэгээд тэдгээр мэргэжилтнүүдийн шүүмжлэлээс айхгүй болтлоо өөрийгөө хөгжүүл. Бэт Харлей /360 Cookware үүсгэн байгуулагч /
5. Өөрийн болон ажилчдынхаа үндсэн чадамжийг сайжруулахад анхаарлаа нухацтай хандуулан ажиллах хэрэгтэй. Үр нөлөө нь сул талаа засахаас хамаагүй илүү байх болно. Рубен Сото /Hourglass Angel ерөнхийлөгч/
6. Том бэрхшээлүүдийг шийдвэрлэх нь бусад хүмүүст илүү их боломжийг нээж өгдөг. Ингэснээр таны бизнест ч ашигтай. Жишээ нь бид зам тээвэр, дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулж, олон хүнд хүртээмжтэй болгосноор зарим асуудлуудыг шийдэж чадсан. Ингэж бидний болон бусад онлайн таксины бизнес амжилттай хэрэгжих орон зай бий болсон юм. Энэ нь галт тэргэнд зам хэрэгтэй гэдэгтэй яг ижил ойлголт билээ. Бусдад боломж гаргаж өгөх нь л амьдралын зарчим. Харин бизнес амьдрал дээр тогтоно. Майкл Ибрахим /Whisk гүйцэтгэх захирал/
7. Үйлчлүүлэгч нартаа л анхаарал хандуул. Бусад нь угаасаа бизнесийн зарчмаар явах болно. Үйлчлүүлэгч дээр тулгуурласан компанийн алсын хараа нь тухайн бизнес амжилттай явахын жинхэнэ нууц нь юм. Нэг ёсондоо танай үйлчлүүлэгчдийн хүсэл компанийг чинь чиглүүлэх луужин болох ёстой. Пил Рүүк /Spreadshirt гүйцэтгэх захирал/
8. Бизнест үргэлж хэлсэндээ хүрдэг, товчхон, бас тууштай байх гэсэн гурван зарчмыг баримтлах хэрэгтэй. Чи өөрийнхөө ажлыг цаг тухайд нь хийж байх хэрэгтэй. Түүнээс өөрийн хүмүүстээ цагийн тулгаж хүнд ачаа үүрүүлэх ёсгүй. Сайтар төлөвлөгдсөн ажлаа нямбай гүйцэтгээд дараагийн ажилдаа орохдоо үргэлж бэлэн бай. Чарлес Полачи /Polachi Access Executive Search хамтран эзэмшигч/
9. Манлайллын тухай хамгийн гайхалтай зөвлөгөөг надад “Boston Market”-ийн үүсгэн байгуулагч Жорж Наддаф өгч байсан юм. Тэрээр 1990-ээд онд “зоригтой эр хүн асуудлыг илдээр шийддэг. Харин хулчгар эр үнсэлтээр шийддэг” гэсэн нь аливаа асуудалд чихэр нэмж нялцагнахгүйгээр, асуудалд сэтгэл хөдлөлөө дарж, бодитоор ханд гэсэн утга илэрхийлжээ. Стивен Крейн /800Razors гүйцэтгэх захирал/
10. Миний амьдралдаа сонссон хамгийн агуу зөвлөгөөг аав минь өгсөн. Тэрээр танихгүй ч байсан хамаагүй уулзсан хүн бүртэйгээ сайхан харьцаж, тэдэнд халуун дулаан сэтгэгдэл үлдээж бай гэж захисан нь миний зарчим болсон юм. Аав минь ямар ч сэдэв байсан хамаагүй тухайн хүний ярьж буй бүхнийг маш анхааралтай сонсож хувь хүн талаасаа ханддаг байсан. Тэр маш амжилттай эр байсан бөгөөд түүний халуун дулаан сэтгэлийг хүртсэн маш олон хүн хожим надад тусалсан юм. Жина Ривера “Phenix Salon Suite үүсгэн байгуулагч”
11. Өөрөөсөө илүү чадвартай, ухаалаг хүмүүсийг ажилд ав. Зарим нэг дүрэм журмыг баталсны дараагаар тэдэнд хүссэн зүйлийг нь хийх боломж олго. Тэд удахгүй өөрөөсөө ч илүү ухаалаг, олонд хүндлэгдсэн хүмүүсийг тантай холбож бас ажилд авах болно. Тэд чамаас огт өөр байдлаар хүмүүстэй харьцах болно. Харин та бүгд бүрэн ойлголцож эхэлбэл жинхэнэ хүч чадал бий болох болно. Жак Бош /Forever Cash номын зохиолч/
12. Хэрвээ чи анхнаасаа өөрийгөө үнэлж, өөртөө хүндэтгэлтэй хандахгүй бол хэн ч чамайг үнэлж, хүндлэхгүй. Үүнтэй адил өөрийг тань хүндэлдэггүй хүмүүсийг зан төлөвөөр захирч чадахгүй. Том Андерсон /Value of Debt номын зохиолч/
13. Заримдаа та “тийм” гэж хэлэхийн тулд “үгүй” гэж хэлэх хэрэгтэй. Би ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэхээсээ өмнө өөрөөсөө үргэлж хоёр утгатай асуулт асуудаг. Хэрвээ би өөртөө “тийм” гэж хариулбал би "үгүй" гэж хариулах сонголтуудыг боддог. Харин “үгүй” гэвэл “тийм” байхын тулд яах хэрэгтэйг эрэлхийлж эхэлдэг. Энэ дадал минь намайг бизнес болон хувийн амьдралдаа амжилт гаргахад маш их нөлөөлсөн. Үүний ачаар би өөрийн хийхийг хүсэж байгаа зүйлээ илүүтэй хийж, алдаа бага гаргадаг. Рене Израйл “Doc Popcorn үүсгэн байгуулагч”
14. Бизнес ч бай, хувийн амьдрал ч бай ямар ч харилцаанд орохдоо тухайн хүнээ өөрийнхөө нүдээр олж харахыг хичээ. Хэзээ ч битгий өөр хүний үгээр бусдыг дүгнэ. Энэ нь олон төрлийн хүмүүстэй хамтран ажиллахад тань туслах болно. Кети Фариначчи /Маркетер/
15. Муу менежерүүд үргэлж ажилчдаа ингэх ёстой, тэгэх байсан юм гэж зэмлэж өөрийн хүссэн зүйлийг хийлгэхийг оролддог. Харин шилдэг менежерүүд ажилчдаа манлайлж тэдний хүсэл эрмэлзлийг өдөөж байх хэрэгтэй. Хэн ч гэсэн туршлагаараа албадлагаар хийсэн зүйл болон хүслээрээ хийсэн зүйл хоёрын ялгааг мэднэ. Даун Мотсифф /Хүний нөөцийн мэргэжилтэн/
16. Хүмүүс байгалиасаа зөрчилдөөнөөс зайлсхийдэг. Таныг асуухаас нааш хэн ч үнэхээр өөрийн бодож байгаа зүйлээ хэлэхгүй. Хэрвээ чи асуувал тэд хэлэх л болно. Учир нь чи дөнгөж сая ирээдүйд үүсэх байсан үл ойлголцлыг шийдчихлээ. Стефен Кинг /Growth Face ерөнхийлөгч/
17. Та бусдыг хуулсаар байвал яаж ч хичээгээд өөрийнхөө хүссэн хүн болж чадахгүй. Учир нь хүн бүрд өөр өөрийн гэсэн өгөгдөл, амжилтын замнал гэж байдаг. Бусдын амжилтын жор, таны жор байж чадахгүй. Боб Маклинтер /SOP гүйцэтгэх захирал/
Эх сурвалж: Bussinesnewsdaily, Insperity