“Улсын аварга тариаланч” шагналыг энэ жил Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн Ц.Отгонбаяр анх удаа нийслэлээс хүртжээ. Тэрээр эхнэрийн хамт 23 жил газар тариалангийн салбарт ажиллаж байгаа бөгөөд импортоор орж ирдэг хүнсний ногоог эх орныхоо хөрсөнд, элдэв химийн бордоогүй тарьж, ургуулж нутагшуулах эрхэм зорилгыг өвөрлөн яваа нэгэн. Хөдөө аж ахуйн дээд сургуулиас сурсан мэдлэг боловсролоо ашиглан, тариалангийн салбарт өөрийн гэсэн орон зай, байр суурийг бий болгосон түүний тариалангийн талбайд зочиллоо.
“1994 онд Ардчилсан нам засгийн эрхийг авах үе Г.Аянга гэдэг хүн “Ногоон хувьсгал” хэмээх зүйлийг санаачилсан юм. Тэр үед Монголд ногоо тариалахаа больж, импортоор л хэрэглээгээ хангадаг байсан. Тиймээс ч бид юун түрүүнд төмс, хүнсний ногоог 1997-2005 он хүртэл тарьсан. Харин 2005 оноос хойш ресторан, сүлжээ дэлгүүрүүд их болж, ногооны төрөл олширч эхэлсэн учир навчит болон нарийн ногоо тариалахаар шийдсэн юм. Түүнээс хойш одоог хүртэл нийт 32 төрлийн навчит болон нарийн ногоо, 4500 чацарганы мод ургуулж байна” хэмээн Ц.Отгонбаяр уг салбарт ажиллах болсон шалтгаанаа товчхон тайлбарласан юм.
Бид түүний 5.2 га талбайдаа ургуулж буй 32 төрлийн хүнсний ногоог хэрхэн тариалж байгаатай танилцлаа. Тэрээр цөөнгүй ажилчдыг ажлын байраар хангаж байгаа бөгөөд биднийг очиход ажилчид талбайн тарилтаа эхлэхээр зэхэж байв. Хүлэмж болон талбайдаа бууцай, юуцай, хулуу, ногоон байцай, кимчиний байцай, хятад байцай, ногоон, цагаан, цэнхэр брокли, цагаан, шар улаан, ногоон лууван, ногоон сонгино, өнжмөл сонгино зэрэг зүйл зүйлийн хүнсний ногоо тариалжээ.
Тэрээр гурван жилийн өмнөөс “Айсберг” хэмээх ногоог тарьж эхэлсэн байна. Анх тус ногоог нутагшуулахаар оролдож байхад агаар, усыг нь тааруулах олон удаа бүтэлгүйтэж байсан ч, одоо цөөнгүй худалдааны төвүүдэд нийлүүлдэг болжээ. “Айсберг” нь үрсэлгээндээ 35 хоног, талбайд 55 хоног ургадаг юм байна. Нийт 80 хоног тариалах хэрэгтэй болж байгаа учир дулааны 90 хоног их ургац авахын тулд үрсэлгээнээс гаргаад л ар араас нь нэмж тариалах шаардлагатай болдог аж. Хэдий импортоор их орж ирдэг ч одоог хүртэл хүмүүс энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж сураагүй байгааг Ц.Отгонбаяр онцолсон юм. Айсбергийг ногоон салад, бургер зэрэгт хэрэглэх ёстой боловч монголчууд одоог хүртэл саладны навч ашигладаг. Тэдний нутагшуулаад удаагүй байгаа бүтээгдэхүүнийг “KFC” худалдан авдаг юм байна.
Ц.Отгонбаяр бидэнд бас нэгэн сонирхолтой, ач тустай ногоог харуулав. Үүнийг дун ногоо гэдэг. Уг ногоог тарих хэсгийг цементэлсэн байх бөгөөд ийнхүү тарих хэсгийг хязгаарлахгүй бол дун ногоо тарьсан газраасаа өөр газарт ургачихдаг гэнэ. Дун ногоог халаасандаа хийгээд явж байж болох бөгөөд хаяа нэг хүлхэж байхад хүний сахрыг тогтворжуулдаг ач тустай юм байна.
“Хүлэмжиндээ аргал уугиулж, ариутгадаг”
Олон жилийг хүнсний ногоо тариалах зөв арга барилтай болоход зарцуулсан Ц.Отгонбаяр тариалан эрхэлж буй хүмүүст анхааруулж хэлдэг ганц зүйлтэй гэнэ. Огурци тарьдаг газраа байнга сэлгэж амрааж, өөрчилж байхгүй бол хүний биед хоргүй ч, огурцийг өвчлүүлэх нян, бактери үүсдэг учраас газраа ариутгахын тулд хүлэмжээ 4-5 хоног хаагаад аргал уугиулдаг юм байна. Үүний дараа аргалынхаа шатсан үнсийг хөрсөндөө тараагаад усалчихвал хөрсний бактери, нян нь устдаг аж. Хөрсөө бордохдоо малыг бууцыг шууд цацаж болохгүй. Малын өвчин, элдэв нян бактери наалдсан байгаа гэж үзэж хэд хоног салхинд өнжөөж, шатааж, усалж, хатаасны дараа бүтэн жил хадгалж хэрэглэдэг аж. Энэ мэт тэрээр ногоогоо бордох, ургуулах үе шат болгондоо анхаардаг болох нь элт. Гэвч тэрээр “Ногоог насаараа тариад сурдаг юм уу даа. Яг хийж байснаараа хийхэд л буруу болчих тохиолдол байдаг. Байгалийн бүтээгдэхүүнийг ургуулахад тийм ч амар биш. Хүлэмжид байдаг ногооны агаар, усыг сайн тааруулчихвал ургачихна. Харин гадаа тарьж байгаа нөхцөлд нэг л мөндөр ороход бүх ногоо ямар ч хэрэггүй болчихдог учир сайн ургац авахын тулд өглөө эрт босч, орой унтахаас өөр аргагүй” хэмээсэн юм.
“Ногоо тарих эрдмийн зэрэг хамгаалахтай адилгүй ч ухаан зарахгүй бол “шатна” шүү дээ” гэж хэлсэн түүний үг ортой юм. Ногоогоо услах, талбайд суулгах зэргийг хийхдээ ногооныхоо шинж чанарт тохируулахгүй бол муудаж, ялзарч, хэнд ч хэрэггүй болчиж байсан гашуун туршлагатай тэрээр хийж буй үйлдэл бүртээ анхаарч ханддаг нь энэ юм.
Ингээд бид түүний хамгийн анх буюу 1995 онд барьсан өвлийн хүлэмжид оров. Өвөл арванхоёрдугаар сард хамгийн сүүлийн ургацаа авч, хавар хоёрдугаар сараас хөрс боловсруулалтынхаа ажлыг хийж эхэлдэг юм байна. Өвлийн улиралд ногоогоо хөлдөөхгүйн тулд халаалтаа төслийн зуух ашиглан шийджээ. Түүнчлэн тэрээр багшийнхаа зөвлөснөөр нарны гэрэл хурц тусах хэсэгт дулаан хадгалах шил өрсөн байх бөгөөд зориулалтын шил нь ховорхон байдаг учраас Цагаан давааны хогийн цэгээс нэг ширхэг пивоны шилийг хоёр төгрөгөөр худалдан авч, нийт 4000 ширхэг шилийг өрсөн байв. Шил нь орой болохоор халуунаа буцааж өгдөг учраас хялбар бөгөөд амар аргын бас нэг хэлбэр нь энэ юм. Харин бусад зуны хүлэмжээ Нийслэлийн хөдөө аж ахуйн газар, Баянзүрх дүүргийн хөдөлмөр үйлчилгээний хэлтэс зэргээс хөнгөлөлттэй үнээр авсан юм байна.
Уг нь дахиад нэг өвлийн хүлэмжтэй болчихвол импортоор орж ирдэг бас нэгэн бүтээгдэхүүн болох амтат чинжүү тариалахыг хүсч байгаа гэсэн юм. Амтат чинжүү 100 хоногт ургадаг учраас зуны хүлэмжид тарих боломжгүй. Тэрээр “Манай тариаланчид импортыг л орлодог болчих хэрэгтэй байна. Уг нь бидэнд хийх гэсэн хүсэл тэмүүлэл байгаа ч хөрөнгө мөнгөний асуудал их тулгардаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн хөтөлбөрт хамрагдахаар төсөл бичээд ороход хуулийн этгээд биш гэсэн шалтгаанаар хасагдчихдаг юм. Уг нь биднийг жоохон онгироож байгаад араас өшиглөөд өгвөл их юм хийнэ дээ” гэсэн юм.
Түүний хэлснээр өөрийн санаачилгаар импортын бүтээгдэхүүнийг Монголдоо нутагшуулж, тариалах хүсэлтэй байгаа эрмэлзэлд санхүүгийн туслалцаа үзүүлбэл бид эрүүл,чанартай хүнсний ногоогоор хэрэглээгээ хангах боломжтой болох аж. Тэрээр амтат чинжүүгээ тариад сурчих юм бол цаашид гаднаас орж ирж буй мөөгнүүдийг тариалах ч сонирхол байгаа гэсэн юм.
Түүний тариалдаг хүнсний ногоог Барс хүнсний зах, Имарт, Номин, Макс, Сансар зэрэг томоохон худалдааны төвийн бэлтгэн нийлүүлэгчид худалдан авдаг. Шинээр тариалж буй Айсбергийг KFC-д өдөрт 100 гаруй килограммыг нийлүүлэх гээд үүрэгтэй аж.
“Цэцэг тарьж явсаар тариалангийн салбарт орж, 23 жилийн нүүр үзжээ”
Ажилчдын хоол цайг бэлтгэж, тэдэнд тусалж, гэрийнхээ ажлыг хийх гэж яарч буй Ц.Отгонбаярын эхнэр Ц.Батнямтай цөөн хором уулзахад “Бид хоёр 31 жил ханилж байна. Хоёр хүүхэдтэй. Бага хүү маань Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн ч сонирхолдоо хөтлөгдөн МИАТ компанид ажиллаж байгаад онгоцны нисгэгч болохоор нисэхийн сургуульд сурахаар явчихсан. Би цэцэг тарих сонирхол байсан юм. Цэцгээ тарьж байгаад л тариалангийн салбар луу ороод 23 жилийн нүүр үзжээ. Анх хүнсний ногоогоо яаж тарихаа мэдэхгүй, ус, агаарыг нь тааруулж чадахгүй олон бэрхшээл тулгардаг байсан шүү” гэв. Түүнийг 2007 онд ХХААХҮЯ-наас тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан бөгөөд тариалангийн салбарт эмэгтэй хүний нарийн мэдрэмж, хөдөлмөрч занг харуулан явж буй нэгэн юм.

Ц.Отгонбаярын тариалангийн талбай нийслэлтэй ойрхон гол ус ихтэй болохоор ч тэр үү, баяр ёслолын өдрүүдэд талбайн ойролцоо хүмүүс ирж, найрлах нь цөөнгүй байдаг гэнэ шүү. Тэрээр баярын өдрүүдийн дараа нэг портер хог түүж ачуулдаг аж. “Түүж байгаа би яах вэ. Хог тарьж байгаа хүмүүсийн сэтгэлгээг яаж өөрчлөх вэ” хэмээн өгүүлсэн юм.
Мөн тэрээр биднээр дамжуулж тариалангийн салбарын хөгжил, монголчуудын эрүүл аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлд саад болох нэгэн зүйлийг уламжлуулахыг хүссэн юм. Энэ тухай тэрээр “Хятадууд монголд ирээд хятад биш, монгол ногоо авч иддэг. Учир нь тэд ногоогоо элдэв химийн бодисоор бордож, бидний тарьж буй ногоог 45 хоног биш, 35 хоногт хурааж авдаг хүмүүс. Эдгээр хүмүүсийг хөдөө орон нутагт оруулж ирж ногоо тариулахыг болих хэрэгтэй байна. Нэгд, Монголд тарьсан гэж байгаа боловч, яг л хятад технологийнхоо дагуу тарьж байгаа учир бидэнд хор л болно. Хоёрт, манай хөрс муудах юм” гэв.

Тариаланчид байцаа тарихын тулд нэг, нэг ширхгээр нь газрын хөрсөнд суулгаж, усалгаа хийж, зэрлэгийг түүх гэх зэргээр гурван, дөрвөн сар ажиллахад нэг ширхэг байцаа биш, нэг шуудай байцааны үнэ 6000 төгрөг хүртлээ буурдаг. Харгис ч гэж хэлж болохуйц уг салбарт ажиллаж буй нэгэн тариаланчтай ярилцахад сэтгэлтэй, хичээл зүтгэлтэй хүний хийж чадах ажил мэт санагдав. Эцэст нь, Ц.Отгонбаяр “Үе үеийн тариаланчдын ажилд амжилт хүсч, эрүүл, органик бүтээгдэхүүн тариалахын төлөө хамтдаа зүтгэцгээе” хэмээн уриалсан юм.