УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвшөөрлийн тухай хууль”-ийг эцэслэн баталлаа. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Ганхуяг, Г.Ганболд, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Г.Амартүвшин нар санаачилж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллажээ. Энэ хууль батлагдсанаар төрөөс олгодог 1600 орчим зөвшөөрлийг тав дахин буюу 360 болгож багасгажээ.
Дээрх хууль батлагдсанаар төрөөс олгох зөвшөөрөлд дараах өөрчлөлтүүд орохоор боллоо
-Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас ард иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахаас бусад бүх үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй болно. Гагцхүү эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, байгаль экологитой холбоотой үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох хүсэлт илгээнэ.
-Хууль батлагдсанаар зөвшөөрлийн тоог дахин нэмэгдүүлэх боломжгүй болох бөгөөд зөвхөн хуульд өөрчлөлт оруулснаар нэмэх болно.
-Ерөнхий сайдын дэргэд зөвлөл бий болно. Энэ зөвлөл нь гурван жил тутам бүх зөвшөөрлүүд дээр аудитын шинжилгээг хийж зайлшгүй шаардлагатайг нь авч үлдэж, хэрэггүйг нь тухайн жил бүр хасаад явах болно.
-Зөвшөөрөл олгох процессын харилцааг салбарын хуулиар нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд Зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэхээр зохицуулсан.
-Зөвшөөрлийн жагсаалтад туссан зөвшөөрөл тус бүрийн эрсдэлийг үнэлсний үндсэн дээр энгийн болон тусгай зөвшөөрөл гэж ангилсан. Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд өргөдлийн хариуг шийдвэрлээгүй тохиолдолд Энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно.
-Зөвшөөрлийн үйл явцыг зөвшөөрөл хүссэн иргэн цахимаар хянадаг болно
-Зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр буюу хуанлийн 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцнk
-Төрийн байгууллагын зүгээс иргэн, ААНБ-н зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө энэ тухай мэдээллийг зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг болно
-Зөвшөөрөл эзэмшигч татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийг анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгаж болно
-Энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй, тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй хугацаатай олгоно.
-Хөрөнгийн үнэлгээний нэгдсэн журам, стандарттай болж байна.
-Төрийн өмчит компанийн хөрөнгийн үнэлгээг аж ахуйн нэгжүүд хийнэ
Зөвшөөрөл олгох, сунгах процессын үйл ажиллагааны хугацаатай холбоотой зохицуулалтууд:
-Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариуг өгдөг байх, зөвшөөрөл хүсэгч ч баримт бичгийн бүрдүүлбэрийг үнэн, зөв хуулийн дагуу, хугацаандаа бүрдүүлдэг байх аль аль талыг хариуцлагажуулах хөшүүрэг болгох зохицуулалтуудыг тусгасан
-Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног: Өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хоног хүртэл хоног байна
-Магадлан шалгах ажиллагаа таван хоног / энгийн зөвшөөрөл /, 10 хоног / тусгай зөвшөөрөл /: Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор магадлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын таван өдрөөр сунгана.
-Шийдвэр гаргах таван хоног: Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана. Дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол энгийн зөвшөөрлийг олгосон тооцно.
-Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног: Хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 10 хоног хүртэл байна.
-Магадлан шалгах хугацаа: Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын гурван өдрийн дотор магадлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын гурван өдрөөр сунгана. Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрлийг сунгах эсэх шийдвэрийг гаргана. Хэрвээ дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол тусгай болон энгийн зөвшөөрлийг сунгасанд тооцно.