Монголын кино урлагийн түүхэнд “Алтан үе” хэмээн тодоор бичигдэж, өнөөг хүртэл үзэгч олондоо дурсагдаж яваа алдарт жүжигчин, зохиолч Улаанхүүгийн Осор агсны тухай мэдэхгүй хүн ховор биз.
Тэрбээр, “Их замын эхэнд” киноны Хоовон хөх, “Ичээнд нь ” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдан, Р. Доржпаламын “Тунгалаг Тамир” киноны Даржаа баатар зэрэг 100 гаруй дүрийг дэлгэцнээ чадварлаг бүтээж, 60-70 оны оросын кинонуудад дуу оруулан, үзэгч олны талархлыг хүлээж байснаас гадна “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичиж Монголын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулж байсан алдартнуудын нэг юм.
Тэгвэл алдартай аавын хүү болох МУГЖ О.Бат-Өлзий өнөө үеийн урдаа барьдаг шилдэг уран бүтээлчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
МУГЖ О.Бат-Өлзий гуай гэр бүлээрээ Монголын кино урлаг хүчин зүтгэж буй. Түүний хүү, жүжигчин, найруулагч Б.Тамир өвөөгөөсөө өвлөгдсөн авьяасаа хөгжүүлж, өдгөө өөрийн гэсэн продакшнаа байгуулан, жүжигчин, найруулагч, зохиолчийг хослуулан кино урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвиж, удам дамжсан алдартай жүжигчдийн “нандин хэлхээ”-г үргэлжлүүлж яваа залуу боловсон хүчин юм.
Тэрбээр ирэх гуравдугаар сарын 1-нд аавтайгаа хамт найруулсан хоёр дахь уран бүтээл болох “МАШ НУУЦ II” буюу “БАЙТАГ БОГД” киногоо үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа юм байна.
Гурван жилийн өмнө анхны хамтын бүтээл болох “МАШ НУУЦ” киногоо олны хүртээл болгож, кино урлагтаа амьдралаа холбосон аав, хүү хоёрын хослолоос ямар бүтээл төрдгийг харуулан, үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм. Тэгвэл тун удахгүй буюу гуравдугаар сарын 1-нд аав хүү хоёрын хамтарсан хоёр дахь уран бүтээл үзэгчдийн хүртээл болох гэж байна. Анхны уран нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан учраас тэдний хоёр дахь хамтын бүтээл үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа аж. Маш нууц II буюу Байтаг Богд уран сайхны кино нь бодит түүхээс сэдэвлэсэн, тухайн үеийн орчин нөхцөлийг, түүх бүтсэн газар нутаг зураг авалтыг хийж, эр цэргүүдийн эрэлхэг зан чанарыг илүү тодоор харуулах юм байна.