ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэнтэй 10 жилд нэг удаа зохион байгуулдаг Хөдөө аж ахуйн тооллогын талаар ярилцлаа.
-Арван жилд нэг удаа Хөдөө аж ахуйн тооллогыг зохион байгуулдаг. Хоёр дахь удаагийн тооллого энэ жил болж байна. Тооллогын ач холбогдол юу вэ?
-Үндэсний статистикийн хороо нь Статистикийн тухай хуулийн дагуу Хөдөө аж ахуйн тооллогыг 10 жил тутамд зохион явуулдаг. Энэ удаагийн тооллогын мэдээлэл цуглуулалтыг тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8 хүртэл зохион байгуулна.
Гол зорилго нь 10 жилийн хооронд тоон мэдээлэлд гарсан өөрчлөлтүүд. Одоо ямар байгаа, 10 жилийн өмнө ямар байсан, ямар өөрчлөлт гарсан, бид юуг анхаарах шаардлагатай талаарх асуултын хариултыг олох боломжтой. Ингэснээр бодлогын шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг цуглуулж, байгаа гэж ойлгож болно.
Тооллого гэхээр иргэдийн дунд мал аж ахуй, газар тариалан эрхлэдэг аж ахуйн нэгж, өрхийн тоог гаргах гэж ойлгодог. Үүний цаана байгаль орчин, нийгмийн үзүүлэлтүүд, хөдөө орон нутгийн иргэдэд хэрэгцээ шаардлагатай зүйлсийг тодорхойлох зэрэг олон ач холбогдол энэ судалгаанд оршиж байгаа юм. Иймд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, өрх, иргэнд чиглэсэн ямар бодлого, шийдвэр шаардлагатай байна вэ гэдгийг тодорхойлдог том хэмжээний цогц судалгаа юм шүү дээ.
-Тооллогыг хэдэн төрлөөр, ямар ямар салбарт явуулдаг вэ. Энэ талаар дэлгэрүүлээч?
-Хөдөө аж ахуйн тооллогод мал аж ахуй, газар тариалан, ой, загас, ан агнуур гэсэн таван дэд салбарын мэдээллийг цуглуулж байгаа. Үүнээс хоёр салбарыг нь онцолбол,
Газар тариалангийн салбарт менежмент нь ямар байгаа, газар ашиглалт, тариалсан ургамлын төрөл, усалгаатай талбайн эзлэх хувь, тариалсан ургамлын төрөл, хэмжээ, хэрэглэж буй бордоо, ажиллах хүч, техник, тоног төхөөрөмж гээд олон үзүүлэлтийг нарийвчлан судална.
Харин Мал ах ахуйн салбарт малын ашиг шим, хүнсний аюулгүй байдлыг голчлох юм. Малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, Монгол хүн эрүүл аюулгүй байдлаа хангахуйц, шаардлагатай шим тэжээлээ авахуйц хүнс хэрэглэж эсэхийг хүртэл нарийвчилдаг.
Хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувь, ажиллах хүчний 24 хувийг бүрдүүлдэг салбар юм. Үүнийг тооцох суурь мэдээлэл тооллогын үр дүнгээс гарах тул маш өргөн хүрээний судалгаа хийнэ. Салбарын үйл ажиллагаа, бүтэц, хэмжээ, цар хүрээ нь ямар байгаа, хүний нөөц, тоног төхөөрөмж хүртээмжтэй эсэх, хөдөө аж ахуйн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, өрхийн орлого зарлагын бүтэц ямар байна, эдийн засгийн харилцаа тогтвортой байна уу, хурааж авсан хүнсний бүтээгдэхүүнээ нөөцлөх агуулах, сав хүрэлцээтэй байна уу, зах зээлд бүтээгдэхүүнийхээ хэр хэмжээг борлуулж чадаж байна, хэр хэмжээг нь муутгаж, малын тэжээл болгож байна зэргийг ч судална.
-10 жилд нэг удаа хийдэг, мөн олон салбарын мэдээллийг цуглуулдаг учраас төсөв хангалттай байх шаардлагатай байх. Нийт энэ тооллогод хэчнээн төгрөг төсөвлөгдсөн бэ?
- ҮСХ-ны тооллого, судалгааны төсөв жилээрээ багцлагдаж батлагдсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар манай байгууллагын төсөв танагдаж, орон нутагт тооллого хийхэд зардлын хувьд хүнд тусаж байна. Гэсэн хэдий ч тооллогыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, нарийн тооцож төлөвлөн, зохион байгуулалт сайтай, чанартай явуулахыг зорьж байна.
-Тооллогын үйл явц хэрхэн зохион байгуулагддаг вэ. Зарим иргэдэд бас сонирхолтой байж мэднэ?
-ҮСХ нь хөдөө аж ахуйн салбарын статистик мэдээг сар, улирал, жилийн давтамжтайгаар батлагдсан маягтын дагуу тогтмол цуглуулж, тархаадаг. Тооллогыг 10 жил тутам явуулдаг шалтгаан нь нэгдүгээрт, жил бүрийн тоон мэдээллийг баталгаажуулах, хяналт тавих, хоёрдугаарт богино хугацаанд өөрчлөлт гардаггүй, урт хугацаанд өсөлт бууралт нь харагдах боломжтой тоон мэдээллийг гаргаж байгаа юм. Мал сүрэг гэхэд л амьдын болон гулуузын жин, өрхийн зах зээлд хүрч байгаа байдал, ашиг шимийн бүтээгдэхүүний боловсруулалтын хувь хэмжээ зэрэг урт хугацаанд өөрчлөлт гарах үзүүлэлтүүдийг авч байгаа.
Энэ удаагийн тооллогод техник, технологийн дэвшилтэт арга, хэлбэрийг нэвтрүүлэх, цаасан маягт хэвлэх, хэвлэмэл маягтаар цуглуулсан мэдээллийг цахим системд шивэх зардлыг хэмнэх, тооллогод хамрагдсан нэгжийн байршил, тариалсан ургамлын төрөл, талбайн хэмжээг сансрын зурагтай холбох, цаашид хөдөө аж ахуйн салбарын статистикт сансрын тандан судалгааны аргыг хэрэгжүүлэх зорилгоор таблет ашиглан мэдээлэл цуглуулалтын ажлыг хийж байна.
Тооллогыг гурван бүсэд хуваан зохион байгуулж байгаа. Булган, Орхон аймгаас тооллогоо эхлүүллээ. Үргэлжлүүлээд үр тариа зонхилсон Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Увс, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудаас мэдээлэл цуглуулж байна. Дараа нь гуравдугаар бүс болох өмнө болон баруун аймгуудаас мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа.
-Яагаад бүсүүдэд хувааж хийдэг юм бэ?
-Мэдээлэл цуглуулалтад ашиглах таблетын тоо хязгаарлагдмал учраас тэр. Тоног төхөөрөмж нөөц бололцооноос үүдэн бүсүүдэд хуваан хийж байна.
ГЗБГЗЗГ-тай хамтран өндөр нарийвчлалтай сансрын зургийг үнэгүй эх үүсвэрээс аван боловсруулж, энэ тооллогод ашиглаж байгаа. Олон улсад ашигладаг сансрын тандан судалгааны аргачлалуудыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Тооллого хийхийн өмнө урьдчилсан тооцоо гаргадаг шүү дээ. Энэ удаад ямар тооцоололтойгоор судалгаандаа орсон бэ?
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай бид хамтын ажиллагаатай ажилладаг. Дэлхийн улс орнууд 2015-2025 оны хооронд хөдөө аж ахуйн тооллогоо зохион явуулна. Зарим улс цар тахлын улмаас үйл ажиллагаагаа хойшлуулах тохиолдол байсан. Манай улсын ээлжит тооллогын давтамж энэ онд таарч байгаа. Бид бусад оронтой харьцуулахад цаг хугацаандаа зохион байгуулж байгаа нь давуу тал.
-Тэгэхээр энэ тооллого НҮБ-тай хамтарч буй улс орнуудын статистикийн газруудтай нэгтгэгдэнэ гэж ойлголоо.
-Тийм. Тус тооллогын хүрээнд нилэнхүй ажиглалтаар тогтмол цуглуулах боломжгүй бодлого, шийдвэр гаргахад нэн шаардлагатай мэдээллүүд цуглуулагдаж, бусад улс оронтой харьцуулах боломжтой тоон мэдээлэлтэй болно.
Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын хүнсний аюулгүй байдал, газар эзэмшиж буй эмэгтэйчүүд буюу жендэрийн тооцоо, хөдөө аж ахуйн салбартай холбоотой таван шалгуур үзүүлэлтийг тооцоолох мэдээллийг цуглуулж байгаагаараа энэ удаагийн тооллого маш чухал. Бид тооллогын нэгдсэн үр дүнг Засгийн газарт танилцуулж, газар тариалан, мал аж ахуй, ой, загас, ан агнуурын дэд салбарын сэдэвчилсэн танилцуулгыг холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран гаргаж, статистикийн хэрэглэгчдэд тархаана.