Үндэсний хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч Монполимет Групп 30 нас хүрлээ. Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, байгаль орчны нөхөн сэргээлтийн жишгийг салбартаа тогтоон, олборлогчоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж, олон улсын жишигт нийцсэн техник технологитой үндэсний цогц үйлдвэрүүдийг эх орондоо бүтээн байгуулж, аж үйлдвэрийн шинэ сэргэлтийг авчирсан үе үеийн Монполиметчууд 30 жилийн ойгоо тэмдэглэлээ.
Монполимет Групп бол Монгол Улс чөлөөт зах зээлд шилжсэний дараах хүндхэн цаг үед байгуулагдаж, нийгэм, эдийн засгийн бэрхшээл болон хүнд сорилтуудыг үнэн шударга хөдөлмөр, хамт олны хүчээр даван туулж, аж үйлдвэрийг сэргээсэн анхдагч болж, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж яваа хөгжлийг бүтээгч компаниудын нэг юм.
Ойн баярын хурлын үеэр Монполимет Группийн үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжавын хэлсэн үгээс хүргэж байна.
“... 30 жил гэдэг харвасан сум шиг өнгөрдөг ажээ. Өнгөрсөн 30 жилд бидний хамт олон уйдах завгүй хөдөлмөрлөжээ. Монгол Улсын маань хөгжил тийм амар дардан байсангүй. Нийгэм, эдийн засаг өөрчлөгдсөн цагаас эхлээд хүн болгон өөрийн сонголтоо хийж, хүч хөдөлмөрөө хоршин ажиллаж эхэлсэн нь саяхан. Бидэнд өөрсдийн мэргэжлээр эх орныхоо олон төрлийн эрдэс баялгийг судалж, бүтээгдэхүүн боловсруулъя, цаашлаад үйлдвэрүүдийг байгуулъя гэсэн чин халуун мөрөөдөл, зүтгэл байсан. Бид анхныхаа санхүүжилтийг амаргүй босгож байсан. Хаягдал төмөр, хөнгөн цагаан цуглуулж түүгээрээ цагаан будаа, шар будаа сольж авчирч амьдралаа залгуулж байсан үе саяхан.
Бид анхнаасаа эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бүтээх эрхэм зорилгыг тавьж түүндээ ч хүрч шинэ техник технологи, инновац ашиглан байгаль орчноо нөхөн сэргээх, хайрлан хамгаалж чадахын үлгэр дуурайллыг бий болгосоор ирсэн бахархам түүхтэй хамт олон.
Бид байгуулагдсан цагаасаа хамтдаа хөгжих, бие биеэ хайрлан хамгаалах үзэл бодлын дор зангидагдсан учраас тохиолдсон бэрхшээл болгоныг давж өөрсдийнхөө зорилгыг хөгжил дэвшил болгож чадаж байсан юм. Үүний нэг жишээ бол би ашиглалт олборлолтын салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чадсан явдал . Өнөөдөр бидний үүсгэн байгуулсан Монполимет Группээс төрөн гарсан Монцемент, Нар-Урт компаниуд Монгол Улсдаа нэрээ дуурсгасан бүтээн байгуулагч компани болон хөгжиж, түүн дотор манай залуус өөрсдийнхөө сонголт зорилгоор нэгдэн нийлмэл үзэл зорилготой ажиллаж, хөдөлмөрлөж байна.
Манай хамт олон өөрсдийн үзэл баримтлалдаа үнэнч байсан учир үе үеийн бэрхшээл, хүнд сорилтуудыг даван гарч чадсан. Миний хувьд хад мөргөх мэт хэцүү, харанхуйд хаягдсан мэт ганцаараа үе олон байсан. Гэвч хамт олны маань хөдөлмөрч, цуцалтгүй дайчин, үнэнч чанар, зөв хөгжлийн замаар явж байгаа шүү гэсэн тэр хатуу үзэл баримтлал биднийг нэгтгэж өнөөдрийн тавцанд авчирсан билээ. Бид хэдийгээр дэлхийн тавцанд хүрсэн хүчирхэг компани болж амжаагүй ч Монгол Улсынхаа хөгжлийн төлөө зорьж яваа бидний сэтгэл, итгэл, нэгдэж хөдөлмөрлөж чаддаг зүтгэл агуу юм. Энэ бол бид нарын үнэт зүйл бөгөөд ирээдүйд тогтож орших, цаашдаа эх орондоо хөгжлийг авч ирэх бидний бахархал бат итгэл үнэмшил юм.
Ингээд хамтдаа 30 жилийг туулсан, нэгэн сэтгэл зүтгэлээр, нэгэн итгэлээр өдийг хүртэл явж ирсэн та бүхэндээ хамгийн сайн сайхан, урт нас удаан жаргалыг хүсье. Их ирээдүйг байгуулахын төлөө, бидний хойч, хойчийн үеийн сайн сайхны төлөө, эцэж цуцаагүй энэ 30 жилийнхээ хөдөлмөрийн төлөө бүгдээрээ цаашдаа энэ эрчээрээ, энэ хүчээрээ, энэ нэгдмэл үзэл бодлоороо дараа дараагийн шинэ зууныг угтан их бүтээлийн амжилтыг дандаа дэлгэрүүлж явахыг хүсэн ерөөе.”
Ийнхүү 30 жилийн ойгоо хүндэтгэл дүүрэн тэмдэглэсэн Монполиметчууд өмнөх он жилүүдийн амжилтаа бататган, ирэх 30 жил, ирээдүйн он жилүүддээ хэрхэн хөгжих, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт яаж хувь нэмрээ оруулах тухай төлөвлөөд, ажил үйлсээ эхлүүлээд явж байна.