Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд монгол үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах зорилгоор "Дээлтэй Монгол" наадмыг жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн "Дээлтэй монгол" наадам хур бороотой өдөр өргөн дэлгэр сайхан боллоо. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа наадамд нийслэлийн дүүргүүдийн иргэд үндэсний хувцсаараа гоёж ирснээс гадна Өвөр Монголын иргэд үндэсний дээл, чимэглэлээр гоёж ирсэн байлаа. Уг наадмыг үзэж байгаа үзэгчдийн харааг бяцхан үрстэйгээ монгол дээлээ ижилсүүлэн өмссөн гэр бүлүүд хужирлаж байсан юм. Тиймээс "Дээлтэй монгол" наадамдаа үндэсний хувцсаараа ижилсэн гоёсон гэр бүлийн сэтгэгдлээс хуваалцлаа.
Д.Батжаргал: Өвөг дээдсээс ирсэн хэт хутгаа зүүж, буриад дээлээрээ гоёлоо
"Дээлтэй Монгол" наадамд дөрөв дэх жилдээ оролцож буй Д.Батжаргал гуайн баярын сэтгэгдлээс хуваалцсан юм. Тэрээр "Дээлтэй Монгол" наадамд хоёр ачийнхаа хамт дөрөв дэх жилдээ оролцож байна. Энэ жилийн наадмаар буриад дээлээ өмсөж, өвөг дээдсээс өвлөн ирсэн хэт хутгаа зүүж ирлээ. Манай хоёр ач дээлтэй монгол наадамд оролцох дуртай. Бас явган аялалд явах дуртай. Би ач нартайгаа дөрвөн жил явган аяллаар явсан. Тухайлбал, Амарбаясгалан, Төхөмийн хийд, Дундговь зэрэг аймгуудаар аялаад байна. Манай гэр бүл хагас сайн өдөр бүр 5-6 км явган аялал хийдэг. Явган аялалд явах нь эрүүл мэндэд маш сайн. Би 1990 онд авто осолд орж байсан. Түүнээс болоод хөдөлмөрийн чадвараа алдсан ч ширээний тенниснээс эхлээд спортоор хичээллэж эхэлсэн. Биеийн байдал сайжирсаар алхдаг болсон. Сүүлдээ явган аялал хийдэг болсон. Одоо ямар нэг зовуургүй болсон. Тиймээс монголчууд минь эрүүл саруул байж сайхан наадаарай" хэмээн ярилаа.
Г.Армангүл:Дөрвөлжин энгэртэй, номин ногоон дээлээр гэр бүлээрээ гоёлоо
Үүний дараа эхнэр дөрвөн хүүхдийн хамт номин ногоон өнгийн монгол хүрмээр ижилссэн Д.Цэрэнотгоны гэр бүлтэй уулзсан юм. Өөрсдийн гоёлын талаар гэргий Г.Армангүл " Дээлтэй монгол наадамд хоёр дахь жилдээ гэр бүлээрээ оролцож байна. Өмнө жилийн дээлтэй монгол наадмаар гурав гурваараа ижилсэж байсан. Энэ жил зургуулаа ижилслээ. Манай гэр бүл үндэсний баяр бүрээр монгол дээлээрээ гоёдог. Энэ жилийн "Дээлтэй монгол" наадамд Монгол үндэстний дөрвөлжин энгэртэй дээлээ зуны ногоон өнгөтэй хослуулж гоёлоо" хэмээсэн юм.
Б.Мөнхбадрал: Нэг нэгэндээ уусч, нэг гэр бүл болох утгаар дээлээ урласан

Хамгийн сүүлд нь Дээлтэй наадмын хамгийн сайхан дээлтэй гэр бүлээр шалгарсан Б.Мөнхбадралын гэр бүлтэй уулзаж, баярын сэтгэгдлээс нь хуваалцсан юм. Б.Мөнхбадрал хэлэхдээ "Дээлтэй Монгол наадмыг анх зохион байгуулж эхэлсэн цагаас эхлэн оролцохыг хүсдэг байлаа. Ажил давхардаад ер амждаггүй байсан. Энэ жилийн наадмаар ажил давхцалгүй таарч, өмнө жил өмсөхөөр бэлдсэн дээлээрээ гоёж ирлээ. Үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх тал дээр гэр бүлээрээ хичээн зүтгэдэг. Жилдээ 2-3 дээл хийлгэж өмсдөг. Манай гэр бүлийн дээлийн хувьд гэвэл хүү бид хоёрын дээлийн өнгөөр эхнэр дээлийн энгэрээ хийж, эхнэрийн дээлийн өнгөөр хүү бид хоёр энгэрээ хийсэн. Энэ нь бид гурав нэг гэр бүл болж, нэг нэгэндээ уусахыг билэгдэж байгаа юм. Мөн Халх эр хүний хэв маягаар хөөрөг, аягаа зүүж, халх монгол гутлаа өмсөж гангарлаа. Монголыг монголоор нь авч үлдэх гол шалтгааны нэг нь үндэсний хувцсаа түгээн дэлгэрүүлэх гэж бодож явдаг. Дэлгэр монголынхоо наадмаар ахан дүүстэйгээ элгэн саднаараа дэнж хотойтол сайхан наадаарай" гэж ярилаа.