Цэцийн лхагва гаригийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн юм. Үүний дагуу үндсэндээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд Ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөхгүй болж улсын төсвийн орлого жилдээ ойролцоогоор 1,3 их наяд төгрөгөөр буурах эрсдэл үүссэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар жиргэжээ.
Тэгвэл эдийн засаг нь манайхтай ижил уул уурхайгаас ихээхэн хамаардаг, тэр дундаа зэс, нүүрсний нөөц ихтэй орнуудад Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг хэрхэн зохицуулдагийг сонирхож үзлээ.
Тус улс 2016 онд татварын эрх зүйн орчны шинэчлэл хийж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг 24 хувь болгожээ. Уул уурхайн компаниудын хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тэргүүтэй хэд хэдэн татвар төлсний дараагаар нэмж орлогын албан татвар төлдөг. Харин ноогдол ашиг хэлбэрээр тараасан хөрөнгө, хувьцаа болон эзэмшлээ гаднын компани, хөрөнгө оруулагчид зарсан тохиолдолд 35 хувийн татвар оногдуулдаг.
Чилийн Засгийн газар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэж нэрлэгддэг уул уурхайн олборлолтын татварын тухай хуулийг анх 2006 онд баталж, 2010 онд шинэчлэн найруулсан байдаг. Шинэчлэн найруулсан хуулийн дагуу “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийн хувь хэмжээг тухайн уул уурхайн компанийн том, жижгээс хамаарч 0-14 хувиар тогтоодог байна. Үүнд:
1. Уул уурхайн жижиг компани – Жилд 12.000 тонн цэвэршүүлсэн зэстэй тэнцэх борлуулалт хийдэг бөгөөд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” төлдөггүй.
2. Уул уурхайн дундаж компани – Жилд 12.000-50.000 тонн цэвэршүүлсэн зэстэй тэнцэх борлуулалт хийдэг. Үүнээсээ “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-т олборлосон байгалийн баялгаасаа хамаарч 0,5-4,5 хувийн татвар төлдөг.
3. Уул уурхайн том компани – Жилд 50.000 ба түүнээс дээш тонн цэвэршүүлсэн зэстэй тэнцэх борлуулалт хийдэг. Үүнээсээ “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-т олборлосон байгалийн баялгаасаа хамаарч 5-14 хувийн татвар төлдөг байна.
Өмнө нь 2006-2010 он хүртэл мөрдөгдөж байсан хуулиар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” 4-9 хувь байжээ. Татварын энэхүү тогтолцоо нь жижиг уул уурхайн компаниудын ашигт ажиллагаанд халгаатай байгаа нь эрх баригчдад шүүмжлэл, эсэргүүцлээр байнга илэрдэг байв. Тиймээс 2010 онд “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийг тухайн уул уурхайн компанийн жилийн олборлолтын хэмжээ болон үүний борлуулалттай харьцах коффицентоос хамаарч хувьчлан тогтоох хуулийг баталсан аж. Чилийн татварын тогтолцооны энэ өөрчлөлт нь дэлхийн жишигт байгалийн баялгийн олборлолтоос роялти татах замаар улсын төсөв, ирээдүйн хөгжлийн санд хуримтлал үүсгэх сайн жишээ болжээ.
Тус улс нь уул уурхайгаас ирэх ашгийг олон нийт, айл өрхүүдэд өндөр оногдуулахын тулд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” буюу роялти төлбөрийг дээд хэмжээнд барих бодлого хэрэгжүүлдэг. Олон улсын нэр хүнд бүхний “Deloitte Access Economics”-ын судалгааны тайланд дурдсанаар Австралид үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниуд зөвхөн 2017-2018 онд тус улсын төсөвт нийт 30,6 тэрбум ам.долларын татвар хуримтлуулсны 12 тэрбум ам.доллар нь “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” байжээ. Австралид үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудын төсөвт төвлөрүүлсэн энэ тоо нь арван жилийн өмнө буюу уул уурхайн тэсрэлтийн он жилүүдтэй харьцуулахад гурав дахин их татвар төлсөн хэмжээ аж. Австралид үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниуд өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 224,8 тэрбум ам.долларын татвар төлжээ. Үүний 40 орчим хувь нь “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” аж. Гэхдээ Австрали улс нь тухайн уул уурхайн компанийн үйл ажиллагаа эрхэлдэг мужийн хууль, ямар төрлийн байгалийн баялгаас хамааран “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ыг тооцох болон бусад төрлийн татварууд авах маш олон боловсронгуй хуультай. Ер нь энэ талын хууль эрх зүйн орчин өндөр хөгжсөн орон юм.
Үндсэндээ, 1981 онд баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” тогтоох хуулийн дагуу тухайн металлаас хамаарч олборлосон нийт байгалийн баялаг тутмаас 2,5-7,5 хувийн роялти татвар авдаг. Боловсруулсан байгалийн баялаг болон үйлдвэрлэлийн ашигт малтмалаас 3,5 хувь, ашигт малтмалын хүдэр болон баяжмалаас 5 хувь оногдуулдаг аж. Харин шинээр үйл ажиллагаа эхэлж буй уурхайд таван жилийн хугацаанд 2 хувийн роялти төлөх хөнгөлөлт үзүүлдэг.
Дэлхийн худалдааны байгууллагын үзэж байгаагаар манай хойд хөршийн хувьд нүүрс, зэс, алт, никел тэргүүтэй уул уурхайн бүтээгдэхүүн нь тус улсын эдийн засгийн хоёр дахь том экспортын зах зээл аж. Нэгд байгалийн хий болон газрын тосны экспорт ордог. Зарим судалгаанд ОХУ нь дэлхийн нийт ашигт малтмалын олборлолтын 14 хувийг дангаараа бүрдүүлдэг гэж үзсэн байдаг. Тус улс нь дэлхийн нийт төмрийн хүдрийн 15 хувь, никелийн 20 хувийг хангадаг. Мөн дэлхийд алт олборлолтоороо зургаад нөөцөөрөө аравт ордог бөгөөд нүүрсний хувьд олборлолтоороо зургаад, экспортоороо гуравт, хэрэглээгээрээ тавт, нөөцөөрөө хоёрт ордог. Үүнээс гадна ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг ба нөөцөөрөө гуравт ордог. Харин ОХУ-ын уул уурхайд зөвхөн ураны салбарт хувийн хэвшлийн компаниуд зонхилдог бол бусад салбарт төр, хувийн хэвшлийн харьцаа харьцангуй тогтвортой байдаг.
Тус улс нь уул уурхайгаас татвар хурааж улсын төсөвт хуримтлуулах арга замуудын хувьд ерөнхийдөө манай улстай төстэй. Уул уурхайн тендер, дуудлага худалдаа, лиценз ашиглалтын хураамж, “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”, орлогын албан татвар, байгаль орчин бохирдуулсны албан хураамж, ой, хээрийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлсний онцгой татвар зэрэг тогтмол татварууд авдаг. Мөн хайгуул эхлүүлэх, орд нээх, орд ашиглаж эхлэх, үйлдвэрлэлийн тодорхой хэмжээнд хүрэх зэрэгт нэг удаагийн татвар авдаг. Харин “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийн тухайд нүүрснээс харилцан адилгүй татвар авдаг бол төмрийн хүдрээс 4,8 хувь, алтнаас 6 хувь, зэсээс 8 хувийн татвар авдаг байна.
Харин нүүрсний зах зээл дээрх манай улсын бусад өрсөлдөгчдийн хувьд БНХАУ нэг хувь, үүн дээр илчлэгээс хамаарч тонн тутамд 0,3-5 юань нэмж авдаг, Энэтхэг тонн тутмаас 65-250 рупи, Индонез олборлолт болон борлуулалтын хэмжээнээс 13,5 хувь, Папуа шинэ Гвиней 2 хувь, Филиппин тонн тутмаас 10 песогийн “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” авдаг. Монгол Улсын хувьд нүүрс болон зэс дээр илчлэг болон борлуулалтаас хамаарч 2,5 хувийн роялти тооцдог. Алтны хувьд 5 хувь байдаг.
Эх сурвалж: PWC, Kuraminerals, Reuters, ICLG,