Open iToim app
Сонгууль | 2 мин уншина

СЕХ: Мэдэхгүй байна

СЕХ: Мэдэхгүй байна
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 19
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцож буй зургаан нэр дэвшигч цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдож байна. Өмнө нь 13 дугаар тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, 29 дүгээр тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, 28 дугаар тойрогт нэр дэвшигч, хуульч Х.Бат-Ялалт нар хоригдож байсан.
Харин өчигдөрхөн мөн л 13 дугаар тойрогт нэр дэвшигч С.Баярцогт, 17 дугаар тойрогт нэр дэвшигч Да.Ганболд, 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Бямбасайхан нарыг хийчихлээ.
Уг нь Сонгуулийн тухай хуулийн 35.2.-т “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:
35.2.1. Эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;
35.2.2. Орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.
35.3. Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно” гэж заасан байдаг.
Хуульд зааснаар гэмтэй ч, гэмгүй ч нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглодог аж. Тэгвэл Сонгуулийн Ерөнхий хороо эдгээр нэр дэвшигчийг цагдан хорих зөвшөөрлийг өгсөн үү?
Энэ талаар СЕХ-оос тодруулахад “Хуулинд ингэж заах нь заасан байдаг. Гэхдээ яг энэ асуудал дээр ямар арга хэмжээ авсныг мэдэхгүй байна” хэмээх хариултыг өгсөн юм. Сонгуулийн Ерөнхий хороо бол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг улс орон даяар удирдан зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй бие даасан, хараат бус төрийн байгууллага. Гэтэл зургаагийн зургаан нэр дэвшигчийн эрхэд халдаж байхад тэд “мэдэхгүй” гээд сууж байна.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн