Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Монгол Улс гадаад паспортын 'хүч'-ээрээ дэлхийд 82-т эрэмбэлэгдэв

Монгол Улс гадаад паспортын 'хүч'-ээрээ дэлхийд 82-т эрэмбэлэгдэв
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 12
Их Британийн нийслэл Лондон хотноо төвтэй “Henley & Partners” компани жил бүр Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны мэдээлэлд үндэслэн дэлхийн хамгийн хүчирхэг гадаад паспортыг тодорхойлдог “The Henley Passport Index”-ийг танилцуулдаг.
Уг судалгаанд дэлхийн 193 улсаас гадна БНХАУ-ын Тайвань, Хонконг, Макао болон Косово, Палестин, Ватикан зэрэг газар нутгийн хувьд бусад улс оронд хамаардаг 199 гадаад паспорт, виз авах шаардлагатай 227 аяллын маршрутыг хамруулдаг.
Хүчирхэг гадаад паспорт буюу хэр олон оронд визгүй зорчих боломжтой эсэх нь тухайн улсын олон улс дахь нэр хүнд, эдийн засгийн байдал, гадаад харилцааны амжилт, аялал жуулчлалын боломжийг давхар илэрхийлдэг.
Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Япон болон Сингапур улсын гадаад паспорт дэлхийн 192 улс орон, нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой гэх үзүүлэлтээр хамгийн хүчирхэг паспортоор шалгарсан байна. Харин 190 орон визгүй зорчдог Герман болон Өмнөд Солонгосын гадаад паспорт удаалжээ.
Эхний аравт Финланд, Итали, Люксенбург, Испанийн гадаад паспорт тус бүр 189 оронд визгүй зорчдог, Австри, Дани, Франц, Голланд, Швед 188 оронд визгүй зорчдог үзүүлэлтээр тэргүүлжээ. АНУ-ын хувьд Их Британи, Швейцар, Бельги, Норвеги, Шинэ Зеландын хамтаар 186 оронд визгүй зорчдогүзүүлэлтээр 6-р байрт эрэмбэлэгджээ.
Манай хоёр хөршийн хувьд дэлхийн 119 оронд визгүй зорчдог ОХУ-ын гадаад паспорт 46-р байрт, дэлхийн 80 оронд визгүй зорчдог БНХАУ-ын гадаад паспорт 80-р байрт тус тус бичигдсэн байна.
Харин Монгол Улсын гадаад паспорт Бенин болон Руандатай ижил дэлхийн 61 улсад визгүй зорчдог гэх үзүүлэлтээр 199 гадаад паспорт дундаас 82-т эрэмбэлэгджээ.
Тухайлбал, манай улсын иргэд гадаад паспортоороо Азийн 18, Африк тивийн 16, Өмнөд Америкийн 7, Далайн арлуудын 7, Карибын тэнгисийн 5, Ойрхи Дорнодын 4, Европын 4 улсад тус тус визгүй зорчих боломжтой бол визгүй зорчдог Хойд Америк болон баруун Европын нэг ч улс байхгүй байна.
Монгол Улсын гадаад паспорт 2006 онд ердөө дэлхийн 24 улсад визгүй зорчдог байсан бол энэ тоо сүүлийн 15 жилд 37-оор нэмэгдсэн байна. Гэвч энэхүү үзүүлэлт нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад визгүй зорчдог болсон орнуудын тоо хамгийн багаар нэмэгдсэн буюу Ойрхи Дорнод болон Африк тивийн орнуудтай ижил түвшинд байгаа юм.

Гэтэл сүүлийн 15 жилд АНЭУ-ын гадаад паспорт дэлхийн 140 оронд шинээр визгүй зорчдог болсон бол Украин 109, Тайвань, Серби 103, Румын 101, Колумб 99, Перу 94 оронд нэмж визгүй зорчдог болжээ.
Дэлхийн хамгийн цөөн оронд визгүй зорчих боломжтой гадаад паспортууд нь Афганистан 26, Ирак 28, Сири 29, Пакистан 31, Йемен 33, Сомали 34, Непал, Палестин 35, Хойд Солонгос 39 улс орон, нутаг дэвсгэр гэх үзүүлэлтээр бичигдсэн байна.
Эх сурвалж: HenleyGlobal
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн