Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Г.Ганзориг: Дундаж цалинг нэрлэсэн дүнгээр нь гурван сая болговол эдийн засаг гүн хямралд орно

Г.Ганзориг: Дундаж цалинг нэрлэсэн дүнгээр нь гурван сая болговол эдийн засаг гүн хямралд орно
Нийтэлсэн 2020 оны 3 сарын 26
Сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө өргөн барьсан. АН бол МАХН монголчуудын дундаж цалинг гурван сая, таван сая хүргэнэ гэж мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Үүний талаар болон манай улсын эдийн засагт болж буй үйл явдлын талаар Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.
-Саяхан сонгуульд оролцохоо илэрхийлсэн намууд мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа. Үүнээс хамгийн анхаарал татсан сэдэв нь дундаж цалинг гурван сая, таван сая, зээлийн хүүг нэг хувь болгоно гэсэн байна. Энэ нь ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих боломжтой юу?
-Боломжтой юу гэвэл боломжтой. Бүх л зүйл боломжтой шүү дээ. Эдийн засаг гэхээрээ хэзээ ч бүтцийг нь өөрчилж болдоггүй, огт хөдөлдөггүй зүйл биш. Үүнд маш олон засварууд, реформууд хэрэгтэй. Тэдгээрийг цаг алдалгүй хийж чадвал цалин хөлс өсөж, хүү буурч болно. Хамгийн гол нь яг юу хийх вэ, яаж хийх вэ, хэзээ хийх вэ гэдэг л чухал. Одоогоор намууд ийм гоё болгоно, тийм ч гайхамшиг бүтээнэ л гэж байна. Сайхан л байна. Гэхдээ түүнийгээ хэрэгжүүлэх стратегийг нь олж харахгүй байна. Ер нь бүх зүйлд үнэ гэж байдаг. Тэгэхээр эдгээр амлалт биелэхэд иргэд болон компаниуд ямар үнэ төлөх вэ гэдэг л асуудал юм.
-Үнэхээр гурван сая, таван сая болголоо гэхэд манай эдийн засаг, нийгэмд ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Яаж тэр үр дүнд хүрэв гэдгээс л бүх зүйл шалтгаална. Үнэхээр суурь асуудлуудаа шийдээд, эдийн засаг дахь бүтээмжээ сайжруулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадвал, за дээр нь аз тохиож таваарын ханш өсвөл болохгүй зүйлгүй. Энэ амлалтуудын цаана маш нарийн тооцоо, эдийн засгийн гаргалгаа, нарийвчилсан стратеги байх ёстой. Одоогоор тэрийгээ танилцуулсан нэг ч нам алга.
Харин зүгээр л дундаж цалинг нэрлэсэн дүнгээр нь гурван сая болгочихвол энэ зах зээл төгрөгөөр үерлээд, төгрөг ямар ч үнэгүй болно. Ам.долларын ханш утгаа алдаж, инфляци хэд дахин нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Энэ үед нөгөө савалж буй ханш нь хүүнд нөлөөлж, юун зээлийн хүү буурах болно. Улмаар эдийн засаг маань гүн хямралд орно.
-Өнөөдөр АН-аас иргэн бүрт 1.2 сая төгрөг тарааж өгөх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргэхээр болсон. Хэрвээ тараавал эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалтай уялдаатайгаар эдийн засагт тодорхой бодлогын дэмжлэгүүд шаардлагатай байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Гэхдээ энэхүү иргэн бүрт тараах нь зөв суваг биш л дээ. Эсрэгээрээ яг тодорхой салбаруудыг онилон дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ яг л өмнө нь ярьсан шиг зах зээлд төгрөг нэмэгдлээ гэхэд үүний үр дагавар инфляци болон ам.долларын ханшийн хөдөлгөөн болно. Иймд зах зээл дээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж буй бол үүнтэй яг зэрэгцэн валютын урсгалуудаа бас тодорхой бодлогоор хянах шаардлагатай. Өөрөөр хэлбэл зарим татварыг түр хугацаанд хөдөлгөн валютын цэвэр орох урсгалд дэмжлэг үзүүлэх юм л даа. Хамгийн наад захын жишээ л гэхэд алтны татварыг он дуустал 0 болгож болно. Энэ нь манай валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөг үзүүлнэ шүү дээ.
-“МҮХАҮТ-аас мэдээлэл хийхдээ “Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахгүй бол 260 мянган хүн ажилгүй болж, 20 мянган компани үүд хаалгаа барина” гэсэн. Энэ хэр бодитой вэ. Хэрвээ арга хэмжээ авахгүй 260 мянган хүн ажилгүй болоход манай улсын эдийн засаг ямар болох вэ?
-2019 оны эцсийн байдлаар нийт ажил эрхэлж буй 1.2 сая орчим хүн байна, 260 мянган хүн гэхээр ажилгүйдэл шууд 20 орчим хувиар нэмэгдэх тухай юм. Тэгэхээр манайд ажилгүйдэл 30 хувьд хүрнэ гэсэн үг. Энэхүү тоонуудыг харах үед шууд 1930-аад оны их хямрал санаанд орж байна. АНУ-д 1929 онд ажилгүйдэл 3.2 хувь байсан боловч 1933 он гэхэд 24.9 хувь болж өссөн байдаг. Энэ үед хэдэн мянган хүн амиа хорлон, ажилд орох гэж маш том оочир дараалал болж байсан. Өчнөөн гэр бүл идэх хоолгүй болсон байсан юм. Тэгэхээр манай эдийн засагт энэ нь төсөөлөхөд ч хүнд дүр зураг болж байна. Харин энэхүү 260 мянган хүн ажилгүй болно гэдэг нь үл ялиг дэгсдүүлсэн тоо болов уу. Гэхдээ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдэг бол яахын аргагүй үнэн.
-Засгийн газраас иргэдийн зээл төлөлт болон зээлийн хүү төлөх хугацааг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан. Үүнийг эдийн засагч хүний хувьд юу гэж бодож байна?
-Монголбанкны албан мэдээлэл дээрээс харахад яг ч зээл төлөх үүрэг тань алга болохгүй шүү. Зөвхөн зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж бас зээлдэгчдээс үнэхээр хүндрэл гарсан бол зээлдүүлэгч банктайгаа холбогдон зээлийн үйлчилгээний төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжтой л болгож өгсөн. Тэгэхээр зээлээ бол төлдөгөөрөө төлнө. Эс бөгөөс банкууд тухайн хугацааны эх үүсвэрийн зардлаа яах билээ. Банк гэдэг нь ямар нэгэн бөөн мөнгөтэй байж байдаг газар биш шүү дээ. Эдгээр байгууллага нь зууч л хийдэг. Гэтэл нөгөө талд хадгаламж эзэмшигчид бас хүү авахгүй байх уу? Тэгвэл гэрээ зөрчсөн хэрэг болно биз дээ. Ийм байдалд хүрвэл түр хугацааны шийдэл гаргасан биш эсрэгээрээ санхүүгийн системээ хүндрүүлэхэд хүргэнэ. Нөгөө нуухыг нь авах гээд нүдийг сохлов гэгч л болно доо.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн