“Never, All Night, Close to You” зэрэг дуугаар хэдийнэ залуусын танил болсон уран бүтээлч, дуучин “Amra”-тай ярилцлаа. Тэрээр Тайвань төдийгүй Азидаа нэр хүндтэй “Rock Records”-той хамтран уран бүтээлээ дэлхий рүү гаргахаар зорьж явна. Ингээд түүний хувь уран бүтээл, хүний үзэл бодол, цаашдын зорилго мөрөөдлийн талаар сонирхоцгооё.
-Сүүлд гаргасан “All night” дуу нь дууны чартууд дээр тэргүүн байранд бичигдэж байна. Тус уран бүтээлийн талаар яриагаа эхэлцгээе?
-Продюсераар “Maexst” ажиллан, “Punchi”-тай хамтран дуулсан. Дууны аяа анх сонсоход хөнгөн, сонсголонтой санагдсан. Зарим хүн дууны үгээ эхэлж бичээд, дараа нь ая зохиогчид өгдөг бол миний хувьд гол төлөв аяа мэдэрч, сонсож бичдэг. Энэ удаагийн дууг сонсоход тааламжтай, хөнгөхөн хүн бүрд гоё мэдрэмжийг өгөөсэй гэх үүднээс бичсэн дээ. Бид “All Night” дууг 2021 оны карантины үеэр бичсэн ч яг цацах эсэхээ хараахан шийдээгүй байсан. Харин дууны хамгийн сүүлийн хувилбараа сонсоход маш гоё санагдаж клип хийж, цацах шийдвэрийг гаргасан. Бие даасан уран бүтээлчдийн хувьд клипний санхүүжилтээ олох маш хэцүү байдаг. Ингэж хайж явсаар 2021 оны намар санхүүжилт гаргах компаниа олж зураг авалтаа эхлүүлсэн. Ингээд уран бүтээл маань бэлэн болж, хүмүүст хүрч байгаад таатай байна.
-Ингэхэд Тайвань төдийгүй Азидаа хамгийн том хөгжмийн лэйбльд тооцогдох “Rock Records”-той хамтрахаар болсон талаар өмнө сонсож байсан. Шалгаруулалтад оролцсон уу эсвэл хамтран ажиллах саналыг Тайванийн рекордоос явуулсан уу?
-Би 2019 онд Японы “Ritsumeikan Asia Pacific University”-д магистрын зэргээ хамгаалж байсан. Энэ үед анх “Never” хэмээх дуугаа гаргаж байлаа. Энэ дуу тэр үедээ Японд хамт магистраа хамгаалж байсан гадаад хүүхдүүдэд их хүрч чадсан. Манай тайвань найз намайг цаашаа хүмүүст танилцуулж явсаар тухайн рекордынхон мэдсэн юм билээ. Ингээд “Rock Records”-оос надтай холбогдож Тайваньд очиж шалгаруулалтад оролцохыг санал болгосон. Ингээд Тайваньд очиж, шалгаруулалтад оролцсоны дараа шууд л гэрээ байгуулах саналыг явуулсан юм. Гэвч би үүнд хараахан бэлэн биш байлаа. Миний хувьд анх дууг хобби хэмээн харж, бүтээдэг байсан. Дуртай гэдэг утгаар хийж, яг одоогийнх шигээ тийм их хүчин чармайлт гаргадаггүй байсан. Ийм учраас гэнэт Тайванийн рекордоос ирсэн шалгаруулалтын санал, дараа нь гэрээ байгуулахаар болсонд их гайхаж, баярласан ч мөн нөгөөтэйгүүр бүтэн есөн жил зарцуулсан санхүүгийн мэргэжлийн карьераа орхиход бэлэн биш байсан. Амьдралын ихэнх хугацаа, сурч мэдсэн зүйлээ хоббидоо хөтлөгдөн өөрийн мэдэхгүй гадаад зах зээл рүү гаргах нь зөв эсэхэд нэлээд эргэлзсэн. Магадгүй миний амьдралын хамгийн томоохон шийдвэр гаргах үе байсан байх. Удаан бодсоны эцэст 2020 оны долдугаар сард зөвшөөрч байгаагаа илэрхийлэн гэрээг байгуулахаар болж байлаа.
-Тухайн үеийн шийдвэртээ хэр итгэлтэй байсан. Одоо гаргасан шийдвэр нь хэр зөв болсон гэж бодож байна?
-Санхүүгийн карьер мөн хувийн амьдралаас шалтгаалж маш удаан бодож, шийдвэрээ гаргасан. Шийдвэрээ гаргахад их хэцүү байсан ч одоо харахад маш зөв шийдвэр байсан. Дууны үгээ зохиох, клипин дээрээ юу өмсөх, яавал сайн уран бүтээл гарах вэ зэргээр ажилдаа гүн дурлаж, деталь бүрд анхаарлаа хандуулж байгаа, энэ өдрүүд үнэхээр гоё өнгөрч байна. Яах вэ, өмнө санхүүгийн мэргэжилдээ дуртай байж, ажиллаж үзсэн ч, нэг л хэвийн ажил шиг л санагддаг байсан. Тарах цаг хурдан болоосой, тав дахь өдөр хурдан болоосой гэх бодол төрдөг байлаа. Харин одоо би дууны ажилдаа хэзээ ч ингэж түвэгшөөхгүй байна. Иймд зөв шийдвэр гаргасан. Харин одоо шийдвэрийн үр дүнг харуулах үе ирлээ. Тайванийн рекордстой хамгийн эхний дуун дээрээ ажиллаад эхэлсэн. Дуу нь бэлэн болсон. Одоо клипний ажил үлдлээ. Удахгүй альбом ч гаргах болно. Тэдэнтэй нийлж байгаа зорилго бол дэлхийн зах зээлд гарах юм. Одоо бүхий л зүйлс онлайн боллоо. Тохироо нь бүрдвэл ямар ч хүн дэлхийд гарах боломжтой болсон. Байдаг л нэг альбом биш дэлхий рүү чиглэсэн альбом хийхийг хүсч байна. Бодол, хүсэл эрмэлзэл минь ийм байна. Гэхдээ шууд хит болно гэж амлаж чадахгүй. Ямар ч гэсэн өөрийн зүгээс бүхнээ дайчилж ажиллах болно оо.
-Монгол дуучид ер нь дэлхийд өрсөлдөх, олон улсын рекордстой хамтрах боломж одоо хэр нээлттэй болсон байна?
-Одоо гадаадад гарахад их нээлттэй болсон. “Spotify, Apple music” зэрэг платформоор дэлхийн аль ч тивээс гаргасан дууг маань сонсох боломжтой болсон байна. Харин ганц дутагддаг зүйл нь уран бүтээлчийг төлөөлөх “A&R” талын хүн бага байгаа шиг санагддаг. Мөн хэлтэй байвал хөлтэй гэдэг шиг гадаад хэл чухал.
-Дууны үгээ хэрхэн бичдэг вэ. Анхны уран бүтээл нь хэдэн онд гарч байв?
-Хамгийн анх “Farewell” дууг гаргаж байсан. Дурлалын тухай өгүүлэх дуу. Тухайн үеийн өөрийн мэдрэмжийг дуу болгон гаргасан юм. Тухайн үед цахим хэрэгсэл одоогийнх шиг хүчтэй байгаагүй. Гэхдээ сонссон хүмүүс нь бол байгаа байх. Энэ дуугаа одоо хүртэл сонсох дуртай байдаг. Цэвэр өөрт төрсөн мэдрэмж, сэтгэл хөдлөлдөө хөглөгдөж гаргасан учир тэр байх.
Би дууны үгээ бичихдээ эхлээд аяа сонсож элемент болгоныг нь мэдрэхийг хичээдэг. Ая зохиогч юуг илэрхийлэхийг зорьсон түүнийг ойлгохыг хичээнэ. Ингээд дараа нь тухайн төрсөн мэдрэмжээ үгээрээ бичиж илэрхийлнэ. Ер нь л тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас ихээхэн шалтгаалдаг даа. Гэр бүл, дотнын найз нөхөд зэрэг хүмүүстээ тэр бүр яриад байдаггүй мэдрэмж, сэтгэлийн хөдлөлөө дуу болгоод гаргачихдаг хүн. Яагаад ч юм дуу болгон гаргахаар сэтгэл тайвшран хөнгөн болоод ирдэг. Магадгүй тэр бүх мэдрэмж, сэтгэлийн байдлаа сонсогчидтойгоо хуваалцаж, олуулаа хамт туулаад явж байгаа шиг л санагддаг.
-Тэгвэл өөрийн дуугаар дамжуулан сонсогчдодоо юуг ойлгуулах, мэдүүлэхийг зорьдог вэ?
-Өөрөө, өөртөө үнэнч шударга байгаасай гэж хүсдэг. Хүмүүс гаргасан дуугаар минь “Дандаа л хайр дуулна, нарийн нандин зүйлээ дуулдаг” зэргээр янз янз л боддог байх. Гэхдээ тэр огтхон ч сонин биш. Өөрийн мэдрэмжээ дуу хөгжмөөр дамжуулан бусдад илэрхийлснээрээ огтхон ч өөрөөсөө ичихгүй. Харин ч ингэснээр өөртөө үнэнч байж, өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ л чухал. Хүн бүхэнд ийм зүйлс тохиолддог. Энэ мэдрэмж бол хэвийн зүйл. Алдсан ч оносон ч өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрч байгаасай гэж ойлгуулахыг зорьдог. Сэтгэлийн байдал, сэтгэл зүй гэдэг хүн бүхний хувьд үнэт зүйл нь юм.
-Ярилцан суухад маш гоё энерги, эрч хүч мэдрэгдлээ. Залуу хүний хувьд хэр их эрч хүчээ хаанаас авч, өөрийгөө цэнэглэдэг вэ?
-Янз янз байх өдрүүд бий. Заримдаа “Би чадна, бүхнийг хийнэ” гэж явах өдөр бий бол заримдаа хөрсөндөө буусан, юу ч хийх онгодгүй ч үе цөөнгүй байна. Өмнө энэ байдлыг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан. Өдөр бүрийг л завгүй, ажлаар дүүрэн өнгөрүүлдэг байлаа. Харин цар тахлын үе надад олон зүйлийг ойлгуулж эергээр нөлөөлсөн шиг санагддаг. Энэ үед бүх юм хаалттай, удааширсан мэт л санагдсан. Хэдий ингэж удааширч, ажлууд алдагдсан ч чухал зүйлээ ойлгосон. Өмнө өдөр нь санхүүгийн ажлаа хийж, орой нь дуугаа бичүүлдэг байлаа. Өөртөө ерөөсөө амралт өгдөггүй. Хэт завгүй байх нь надад кайфтай санагддаг байсан. Хүн хэт удаан ингэж явбал бие махбод, сэтгэл зүйн хувьд ч ядардаг юм билээ. Цар тахлын үеэр эхэндээ бага зэрэг сэтгэл санаагаар унасан ч сүүлдээ дасаж, өөртөө анхаарал халамж тавьж эхэлсэн. Ер нь хүн өөрөө өөртөө өндөр хүлээлт тавьж хэт завгүй байж болохгүй, харин ч хэрэгтэй цагтаа амарч, зав гаргах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Аливаа юманд тайван, хүлээцтэй хандах чухал юм билээ.
Мөн нэг талаас сэтгэл зүй их чухал гэдгийг мэдэрсэн. Ихэнх хүн эд баялгийг амьдралын дээд зорилго шигээ бодон амьдардаг. Энэ нэг талаас утгагүй. Яах вэ, тав тухтай амьдрах зөв л дөө. Гэхдээ энэ дунд одоо байгаадаа, жаргалтай мөчүүддээ таашаал авч амьдрахаа мэдэхээ байчихдаг санагдсан.
-Ямар зан чанарыг эрхэмлэдэг вэ?
-Манай аав надад “Хүнийг бүү ялгаж харьц. Ямар ч хүн байсан эцэг, эхтэйгээ харьцаж байгаа мэт л харьц” гэж сургасан. Би багаасаа ийм үг сонсож өссөн учир ийм байхыг эрхэмлэдэг. Хэзээ ч энд тэнд очоод “Өө би дуучин Амра байна” гэж хэлэхээс ичдэг. Бүгд л ялгаагүй нэг л нийгэмд хамтдаа амьдарч явж байна. Ямар ч авьяастай хүн байлаа гээд олон нийтийн газар, хүн бүрийг ялгаж харьцаж байвал буруу. Уруудаж байгаагийн шинж.
-Тэгвэл ямар хүнд дургүй вэ?
-Хүнтэй ялгаж харьцдаг хүмүүст дургүй. Ямар ч амжилт гаргасан, том хүн байж болно гэхдээ ёс суртахуунтай байгаасай гэж хүсдэг. Ядаж л хоцорсон бол уучлалт гуйдаг байх хэрэгтэй. Манайд өнөөдөр хувь хүний цаг, ажлыг хүндэтгэх соёл маш дутмаг санагддаг. Гэхдээ залуу үеийнхэн арай өөр гарч ирж байх шиг байна. Бусдын оронд өөрийгөө тавьж боддог, хүнлэг ёс зүйтэй байх чухал болсон байна.
-Түүнчлэн нийгэмдээ өөрийн дуу хоолойг хэр идэвхтэй хүргэдэг вэ?
-Би эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт оюутан байхдаа хамрагдаж байсан. Ирээдүйд энэ чиглэлд идэвхтэй байж, их юм хийе гэж боддог. Аль болох улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг зорьдог. Нийгмийн болж бүтэхгүй асуудалд залуу үе болсон бид дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй. Залуусаа үзэл бодлоо худалддаггүй, үнэнч байгаасай гэж хүсдэг. Өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байж, суурь зарчмаа тодорхойлж чадвал эргэн тойрны хэний ч нөлөөнд автах зүйл болохгүй.
-Байнга дэмждэг сонсогч нартаа хандаж юу хэлэх вэ?
-Би биет хэлбэрээр уран бүтээлээ гаргаж үзээгүй. Энэ жилийн хамгийн том ажил бол “Never” цомгоо пянз болгон гаргаж байгаа. Түүний “Pre-Order” удахгүй эхэлнэ. Арга хэмжээ ч болох болно. Нийт 500 ширхэг гарна гэж төлөвлөж байна. Мөн “All Night” дууны мөрч нь гарах болно. Иймд сонсогчиддоо хандан уран бүтээлийн минь нэгээхэн хэсгийг биет байдлаар хүлээн авч, хүлээн авч сонсоорой гэж хүсч байна.
Пянзаар гаргах болсон шалтгаан өөрт дурсгалтай, анхных гэдэг утгаар юм. Зүрх сэтгэлээсээ гаргасан дуу минь учир дурсгалтай дараа нь дурсан санаад пянзаа харахад маш гоё санагдана. Үүний араас зөндөө зүйл хийх болно. Энэ бүхэнд үргэлж хамт байдагт баярлалаа. “Sound cloud”-аас хойш хамт байгаа шүү, дэмждэг үү гэхээр маш сайхан санагдаж урам ордог. Аль арван жилийн өмнө намайг дагаж, энэ нэг охин юм дуулгах нь дээ гээд хараад хүлээчихсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх хүмүүстээ үргэлж баярлаж явдаг. Сонсогчид байхгүй бол бид хэн ч биш. Та бүхэндээ их баярлалаа, дараа дараагийн уран бүтээлээ хийх эрч хүч болж өгдөг юм шүү.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Нэгэнт хувийн амьдрал, карьер гээд олон зүйлсээ золиослон энэ замыг сонгосон учир бүхий л чадлаараа, дэлхийд өөрийн хөгжмөө, өөрийн улсаа гаргах гэж үзнэ. Хөгжим минь илүү олон хүнд хүрч эерэг өөрчлөлтийг авчраасай гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.