АНУ-ын Сенатын танхимын цөөнхийн бүлгийн тэргүүн Чак Шумер сүүлийн үед цахим орчинд эрчимтэй тархаж буй хүний зургийг хөгшин, залуу болгодог “FaceApp” аппликейшныг мөрдөн шалгуулах хүсэлтийг Холбооны мөрдөх товчоонд гаргажээ. Тэрээр хүсэлт бүхий өргөдлөө өөрийн албан ёсны твиттер хаягаараа дамжуулан олон нийтэд танилцуулсан юм.
Уг өргөдөлд “Сүүлийн үед цахим нийгмийн сүлжээгээр хурдацтай тархаж, алдартай болсон "FaceApp" гэх Оросын компанийн хөгжүүлсэн аппликейшний үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгчдийн ухаалаг гар утсан дахь зураг, бичлэгт хандах эрхийг хүсдэг. Хэрэв үүнийг буруугаар ашиглавал аливаа иргэний хувийн нууцад халдах боломжтой. Тиймээс Холбооны мөрдөх товчоо болзошгүй гаднын улсын цахим халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалт явуулахыг хүсч байна” гэжээ.
Үүний хариуд ОХУ-ын Санкт-Петербург хотод төвтэй “FaceApp” аппликейшныг хөгжүүлэгч “Wireless Lab” компани уг мэдэгдлийг үгүйсгэж бид хэрэглэгчдийн зургийг хадгалж, дата цуглуулах ажил хийгддэггүй, зөвхөн хэрэглэгчдийн янзлахаар сонгосон тодорхой зурагт үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэдий манай компани ОХУ-д бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг ч дата болон мэдээллийн бааз өөр улсад байрладаг гэсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аппликейшныг дэлхий дахинд 80 гаруй сая хүн идэвхтэй ашиглаж байгаа аж.
Одоогоор АНУ-ын алдартнуудаас анх эхэлсэн “FaceApp” ашиглан өөрийн зургаа хөгшин болгох “#OldAgeChallenge” дэлхий дахинд тренд болоод буй. Харин 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотойгоор АНУ-ын иргэдийн хувийн мэдээлэл алдагдаж, сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй гэж үзэн Ардчилсан нам нэр дэвшигчид болон сонгуулийн хорооны ажилчдыг тус аппликейшныг хэрэглэхийг хориглоод байгаа аж. Учир нь хэдий “FaceApp”-ыг хөгжүүлэгчид хэрэглэгчдийнхээ датаг цуглуулдаггүй гэж байгаа ч иргэдийн мэдээллийг хакерууд хулгайлах, магадгүй компани өөрөө ашиг олох зорилгоор зарах магадлалтай тус боломжит эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй гэж үзсэн байна.